Эрх мэдэл хүнийг эвддэг

Эрх мэдэл хүний тархинд яг кокаин шиг нөлөөлдгийг эрдэмтэд нотоллоо. Алдарт түүхч Жон Эктон “Эрх мэдэл хүнийг эвдэж, завхруулдаг. Харин хэмжээлшгүй засаглал бүхнийг завхруулдаг” гэж 100 гаруй жилийн өмнө хэлсэн байдаг. Харин одоо эрдэмтэд энэ үгийг биологийн үүднээс баталж чадсан байна.

Эрх мэдлийн мэдрэмж тархинд мансууруулах бодис, кокаин шиг нөлөөлж, хүмүүсийн цусан дахь тестостероны түвшин болон түүний дайвар бүтээгдэхүүн болох “андростендиол 3”-ын хэмжээг ихэсгэдэг аж. Үүнээс уламжлаад дофамины түвшин дээшилж, дасал болгох аюултай. Хамгийн гол нь энэ бүхэн тархины нөөцийн систем буюу таашаалын төвд нөлөөлдөг аж. Дээр өгүүлсэн бүхэн эр­чүүд, эмэгтэйчүүдийн аль алинд хамаатай юм байна.

Кокаин болон ман­суу­руулах бодисууд нь дофаминтай адил үйл­чил­гээ­тэй. Өөрөөр хэлбэл, ан­хаарал төвлөрөх, өөртөө итгэх итгэл нэмэгдэх, тааламжтай, аз жаргалтай, эрч хүчтэй болсон мэт мэдрэмж хүнд төрүүлдэг. Гэвч эрх мэдэлд дасах нь кокаин хэрэглэхтэй адил сөрөг нөлөөтэй аж. Ялангуяа хэт их эрх мэдлийн улмаас дофамины хэмжээ ихэссээр сүүлдээ маш таагүй үр дагавар авч ирдэг байна. Жишээлбэл олон жилийн турш өндөр албан тушаал хашсан хүмүүс эцэс сүүлдээ өөрийгөө хэт үнэлэх, биеэ өргөмжлөх, бардамнах зантай, тэсвэргүй нэгэн болж хувирах магадлал өндөр.

Доктор Йен Робертсон “Элитүүд, олигархиуд, ал­дарт­­нуудын авир төрхийг үүгээр тайлбарлаж болно” хэ­­мээ­жээ. Тэрбээр “Daily Telegraph” сонинд бичсэн нийтлэл­дээ “Павиан хэмээх сармагч­ны төрлийг авч үзье. Судал­­гааны явцад тухайн бүлийн шатлан захирагдах ёсны хамгийн доод түвшинд ор­­ших сармагчнуудын тар­­­хины гол хэсгүүдэд до­фамины хэмжээ бага бай­гааг тог­­­тоо­сон. Харин тэд­гээр сар­­­магч­ны бүлдээ эзэлж буй байр суурийг нэмэг­дүү­лэ­хэд хөндлөнгөөс  “тусалсан”-ы дараа дофамины түвшин мөн өсч бай­­лаа” хэмээн өгүүлсэн байв.

Нөгөө талаас авч үзвэл эрх мэдлийн шатлал доошлох тусам дофамины түвшин багасч, улмаар стресс нэ­мэгд­дэг аж. Энэ талаар Йен Роберт­сон “Эрх мэдлийн өөр нэг нөлөө нь хүнийг ухаантай бол­годог. Яагаад гэвэл дофамин тархины дагзны хэс­­гийн үйл ажиллагааг эр­­чимтэй сайжруулдаг” хэмээн тайлбарлаж байна. Өөрөөр хэлбэл бусдыг захирах, манлайлах чадвар нь эрх мэ­дэл, кокаин шиг тархины таашаалын төвөөр дамжин нөлөөлдөг аж.

Эх сурвалж: “Өглөөний сонин”


URL:

Сэтгэгдэл бичих