Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй

Уйлах  хүүхэд урьд өдрөө гэгчээр улс­төрчид Сон­гуулийн хуулийг ши­нэчилж, шинэ системээр сонгууль өгнө гэж зүтгэсний хүчинд хуулиа шинэчилж чадсан ч эргээд түүндээ ороогдоно гэдгээ даанч нэг санаагүй бололтой. Ямартаа л будаач будаач гэхээр сахлаа будав гэгчээр өөрсдөдөө зориулан гаргасан Сонгуулийн хуу­линдаа бүдрэхэд хүрээд байна. Тиймээс сонгууль ойртох тусам улстөрчид хөнжилдөө хөлөө жийлцэх нь хэрээс хэтэрлээ.

Яах вэ, өөрөө унасан хүүхэд уйлдаггүй гэж монголчууд ярьцгаадаг ч энэ байдлаараа бие биенийхээ улыг шагайж, СЕХ-нд өргөдөл шидэх нь энэ жилийн хувьд рекорд тогтооход нэг их гайхах хэрэггүй бололтой. Мэдээж шударга сонгуулийг хэн хүнгүй л хүсэх нь ойлгомжтой. Харамсалтай нь сар хүрэхгүй хугацаанд бие биенийхээ эсрэг матаас бичигсдийн өргөдөлд СЕХ  дарагдаж, нэр дэвших мандатыг нь түдгэлзүүлэх асуудал нэлээд хүч авахыг үгүйсгэхгүй.

Тэгээд ч Сонгуулийн хуульд захирдахын тулд нэр дэвшигчид бэлэг сэлтийнхээ өнгийг хувиргах муу аргад нэвтэрхий суралцах зайлш­гүй шаардлагад хүрсэн. Гэвч  Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35-д зааснаар нэр дэвшигчдийг нэрийн жагсаалтаас хасуулах, мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.18-д зааснаар эрүүгийн хариуцлага тооцуулахаар холбогдох байгууллагад нь шилжүүлэх гэдэг заал­тад хамрагдахаас өөр гарц­гүйд хүрсэн. Тэгэхээр монголчуудын тамын тогооны үлгэр сонгууль дөхөхөөр улам хүчээ авна гэдэг л болж хоцорно.

Тэр утгаараа одоогийн байдлаар нэлээд олон нэр дэвшигчийн асуудлыг шүүх шийдэхээр болоод байгаа гэнэ.  Товчхондоо  10-аад  нэр дэвшигчийн өрсөлдөгч намуудын зүгээс Сонгуулийн хууль зөрчсөн үндэслэлээр шүүх болон тойрог, СЕХ-нд хандаж, давж заалдах ху­рал зургаадугаар сарын  тавны  өдөр товлогдсон сурагтай. Тэгээд ч  хуулиар шүүхийн өмнөх шийдвэрийг хүчингүй болгуулж чадаагүй тохиолдолд  нэрийг нь эргүүлэн татах үндэслэл болох магадлалтай. Ингэхээр шинэ Сонгуулийн хууль бол монголчуудын тамын тогооны үлгэрийн загвараар хийгдсэн нөгөө талдаа МАН, АН-ын хөшигний ард дахь тулаан болно гэхэд хэтрүүлэг болохгүй.

Өөрөөр хэлбэл ард түмэн сонголт хийх биш шүүх бай­гууллага л сонголт хий­хэд хүрч болзошгүй. Энэ бүхний тодхон жишээг Хөвсгөл аймагт нэр дэвшигч Л.Гүндалай, Ц.Сэдванчиг нарыг хууль зөрчсөн гэж тус аймгийн  цагдаа, шүүхийн байгууллагад нэрийг нь татуулахаар тойргийн хо­роодод өргөдөл, гомдол гаргаснаас харж болох юм.

Мөн нийслэлийн Баянгол дүүрэгт нэр дэвшигч Ц.Мөнх-Оргилыг хууль зөрчин зу­рагт хуанли тараасан, үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлсэн гэж нэрийг нь татуулахаар АН-ын зүгээс сонгуулийн тойргийн хороонд хандсан байна. Цаашилбал нэр дэвшигч сонгуулийн хууль зөрчин телевизээр сонгогчдын саналыг татах зорилготой сонгуулийн сурталчилгаа хийсэн гэх үндэслэлээр Сэлэнгэ аймгийн сум дундын шүүхэд нэхэмжлэл ирсэн ч гэх шиг.

Энэ өргөдөл гомдлын цуваа цааш үргэлжилж, Өвөрхангай аймагт нэр дэвшигч нам нэгт нөхдөө  хууль зөрчиж бэлэг, бэлэн мөнгө тараасан хэмээн нэрийг нь татуулахаар аймгийн АН-ын дарга Т.Хасбаатар СЕХ-нд хандаад байгаагаа хэвлэлээр мэдэгдээд удаагүй байгаа. Тамын тогооны үлгэрийн үргэжлэлийг МАХН-МҮАН-ын эвслээс нэр дэвшигч С.Нарангэрэл, Э.Батшугар нарын нэрийг татуулахаар СЕХ-нд гомдол ирсэн зэргээр уртаас урт дараалал үргэлжилнэ.

Ийнхүү сонгууль дөнгөж эхэлмэгц олон хүний нэрийг татуулах асуудал яригдаж байгаагаас үзэхэд цаашид энэ тоо хэдээр нэмэгдэх нь тодорхойгүй. Улстөрийн намуудын үзэж байгаагаар нэр дэвшигчдийн эсрэг гомдол  нэмэгдэх  хандлагатай байгаа гэнэ. Үүнээс үзэхэд сонголтыг ард түмэн биш шүүх хийх нь гэхэд нэг их хэтрүүлэг болохгүй нь бололтой.
Эх сурвалж: “Өглөөний сонин”


URL:

Сэтгэгдэл бичих