Шар сонины араас “Чаралбаа” сонинууд мэндэллээ
Коммент гэж ярьж байгаа юм. Сайтуудад тавигдсан материалын дор бичигдэж буй сэтгэгдлүүд. Энэхүү комментууд буюу сэтгэгдлүүд нь тэр чигээрээ зүхээс. Монгол үгийн санд байгаа муу муухай үгийн цуглуулга. “Нямдорж оо чи надтай яахаараа орил, орил гээд байдаг юм билээ, нөгөө Долгормаагаа болохоор…” гэж ирээд бичсэн сэтгэгдлийг юу гэж ойлгох уу. Иймэрхүү бичээс бол наад зах нь. Арай зөөлнийг нь бичиж байна. Ц.Нямдоржийн сэтгэгдлийн дэргэд ЭБЭХ-ний сайд Д.Зоригтын дор бичсэн “Аяаа манай хамаатан дүү дэвшсэн баа ахан дүүс нараа золигт дүүгээ дэмжбаа” гэсэн яс, үндэс угсаагаар нь ялгаварлан гадуурхсан сэтгэгдэл бол юу ч биш юм.
Хуучин шар сониныг ёс зүйгүй хэмээн ад үздэг байсан. Одоо тэгвэл шар байтугай чаралбаа болсон сонин бий болжээ. Шар сониныг барьж очоод заргалдахад цааш ахиулахгүйгээр зогсоож болдог байсан байх. Харин энэхүү чаралбаагийн мэдээллүүдийг бол зогсоох боломжгүй, цааш үргэлжилнэ. Комментууд үргэлжилсээр байдаг. Эцэстээ их хэмжээний мөнгө босч байж хазаарлагдаж байна. Энэ байдал хэвээр үргэлжилбэл юунд хүрэхийг бодож үзсэн хүн өнөөдөртөө алга ч юм шиг. Цус, цусанд л хүрнэ. Өөр юунд ч биш. Хүн гэдэг амьтан өөрийгөө доромжлуулаад сууж чаддаггүй юм. Нэг л өдөр тэсэрдэг.
“Чаралбаа” сонинууд нь тэгээд чөлөөт сэтгүүл зүй мөн үү. Эзэн буюу редакцийн хамааралгүй сэтгүүл зүй чинь энэ үү. Хэрвээ “Тийм, тийм” гэж хүмүүс хүлээн зөвшөөрөөд эхэлбэл ардчиллын үндэс болсон чөлөөт хэвлэлд үхлийн цохилт болж байгаа нь тэр. Манай сонинд гэхэд захын хүн ярилцлага өгөхдөө “Сайт дээрээ битгий тавиарай” гэж гуйдаг боллоо. Тэр бүү хэл “Сайт дээрээ л тавихгүй гэвэл харилцана” гэдэг болсон. Ингэх нь тэр хүмүүсийн буруу биш. Энэ бичлэгийг хийж суухдаа хүртэл сайтын сэтгэгдэл дотроос нэг муухай комментийг хараад гутарч сууна. Нэлээн сайн мэдэх нэг аймгийн Засаг дарга ярилцлага өгөөтөхөж. Түүний дор “Наад лалрын чинь долдугаар ангийн охин нь хужаагаас хүүхэдтэй болоод шившгээ хутгаж яваа ш дээ” гэж бичжээ. Уншихаас, бичихээс ч дургүй хүрмээр байгаа биз. Угтаа тэр муу нялх охин нь хэнз бөгөөд ээжийнхээ өврөөс ч гараагүй амьтан болохыг би мэдэх юм. Үүнийг уншсан ээж аав нь ямар байх вэ, охин нь яах бол. Бүр муугаар бодоход үеийнхэн нь уншаад яаж хүлээж авах уу. Ийм юм бичиж суудаг сэтгэл зүрх монгол хүнд байж болох уу, монголчууд аа. Түүнийг бичиж суугаа хүн өөрөө үр хүүхэдтэй байж таарна даа. Ийм л “юм” дамжуулдаг вэб сайтуудыг “Чаралбаа” сонинууд буюу буг чөтгөр болсон мэдээллийн сувгууд хэмээн ажиглагчид дүгнэж эхэллээ. Өөрөөр хэлэх үг тэдэнд олдохгүй байгаа бололтой.
Дэлхийгээр нэг байгаа вэб сайтууд байна. Манайхантай адилхан л байгаа байх даа гэж. Огт тиймгүй юм билээ. Цэвэр ёс суртахуун үнэртдэг юм билээ. Тэндээс атаархал хорсол, хорон муу үг, нэгнийгээ чадах гэсэн чөтгөр санаа үнэртдэггүй юм билээ. Тэнд юу гэж байна гэхээр “Энэ нийтлэл үнэхээр сайн болжээ. Энэ санааг бурхнаас бидэнд илгээсэн байна” гэдэг ч юм уу, эсвэл хувь хүн дээр сэтгэгдэл бичихдээ “Та бол манай үндэстний бахархал шүү” гэсэн байх юм. Хамгийн муу үгтэй гэж болох сэтгэгдлийн агаар ийм “Танаас ихийг харж байна. Гэтэл та идэвх муутай байх боллоо” гэдэг ч юм уу, хамгийн хар, чанга коммент гэвэл “Та байгалийн хийн төсөл дээр эсрэг санал өгсөнд чинь гутарсан. Таныг тийм бодолтой гэж бодсонгүй” хэмээн улсынхаа том улс төрчид сэтгэгдлээ илгээжээ. Жинхэнэ сэтгэлийн үгсээ үлдээсэн санагдаж байгаа биз. Харин монголчууд бид атаач жөтөөч, амиа бодсон нь арай хэтэрсэн ард түмэн юм шиг байна. Манай нэг нэртэй сэтгүүлч бээр бичсэн материал бүрийнх нь дор ирж буй муу муухай үгтэй сэтгэгдлүүдийг шалгуулаатахсан чинь хамгийн сайн найзынх нь хавиас гарсан байдаг.
Өнөөдөр харагдаж байгаагаар бол сэтгэгдэл хэмээх сэтгэл зүйн гаж үзэгдлийг хориглох, эсвэл шүүлтүүрээр оруулах, сайтын эзэдтэй нь хариуцлага тооцдог болох цаг үе Монголд иржээ. Хүний нэр төр гэдэг эрхэм. Хуулийн заалтыг нарийвчилъя. Сайтуудын сэтгэгдлээс болж салж сарнисан гэр бүл хүртэл цөөнгүй байдаг болжээ. Явсаар улс орныг бутраах хэмжээнд оччихвий дээ. Арабын ертөнцөд болсон бослого тэмцлүүд цахим ертөнцийн өдөөлт, дэвэргэлтээр дэрхийтэл явагдсаныг дэлхий харсан шүү дээ. Зөвд хөтөлбөл хамгийн амар мэдээллийн сувгууд мөн юм. Харин бурууд хөтөлбөл бутаргаж сандаах чаралбаа юм. Зөвд хөтлөхөд нь хууль журам хэрэгтэй.
Ингэж л эмхлэхгүй бол сармагчинд микрофон бариулснаас ялгаа алга. Нүүдэлчний амиа бодсон, довоо борлуулсан үзэлтэй ард түмэнд технологийн энэ их дэвшил, хурд, соёл дэндүү гангадаад… улам бүдүүлэг болгоод байна. Харснаа зүхэж суудаг нүүдэлчингүүд боллоо. Хар муу сэтгэгдэл бичиж суудаг, бэлтгэгдсэн бүлгүүд олноор бий болж, зохион байгуулалтад орж, тэднийг өндөр үнээр санхүүжүүлдэг Монголын хамгийн том улс төрийн нам хүртэл бий болов. Энэхүү коммент бэлдэгч бүлгүүд нь тэр чигээрээ залуус, энэ улсын ирээдүй үеийнхэн байна. Өөрсдөө өнгөрсөн үеийнхээ муу муухай коммунист үзэлтэйгээ далд орцгоочихгүй, залуу үеийнхнээ чирч, сургаж, ёс суртахууныг нь шороотой хутгаж байна. Дандаа залуусыг шүү…
Нэг удаа өрсөлдөгчөө шороотой хутгаж таашаал авч болно. Цаанаа залуу үеэ муу хүмүүс болгон хүмүүжүүлж байгаагаа тэд бодохгүй байна. Амьдралаа, төлөвших насаа хүний муу муухайг үзэхэд зориулж буй өнөөдрийн залуус таны үр хүүхэд амьдрах ирээдүй цаг дор ямар нийгмийг бүтээх вэ, ямар улс орныг бий болгох бол. Тэд өнөөдөр хэнийг ч хүлээн зөвшөөрдөггүй, юуг ч үл хүндэтгэдэг хүмүүс болон өсч өндийж байна. Та нар одоохондоо тэдэнд мөнгө өгч хүн зүхүүлж байна. Мөнгөө өгөхөө болихоор чинь та нарыг зүхээд эхэлнэ дээ. Зажлаад иднэ дээ. Энэ нь нийгмийн үнэт зүйл Монголын залуу үед байхгүй болно гэсэн үг. Заримдаа ч энэ байдлыг хараад гадаадын тусгай албад бодлоготойгоор Монголын залуу үеийг ингэж хүмүүжүүлж байгаа юм биш биз гэсэн хар төрөх юм.
Үнэт зүйлгүй нийгэм гэдэг бол үхэр сүргийн бөөгнөрөл юм. Энэ бол ард түмэн биш. Энэ бол хүний нийгэм биш. Үхэр сүрэгт шилбүүр барьсан үхэрчин л хэрэгтэй. Юун ардчилал, юун үнэт зүйлс, юун үндэстэн, тусгаар тогтнол. Ийм болгох үйл ажиллагаанд энэхүү чаралбаа сонин хэмээгдэх сайтуудын сэтгэгдэл алгуурхнаар бэлдэж байна хэмээн ажиглагчид, тодорхой судалгаа хийж буй хүмүүс ярих боллоо.
П.ХАШЧУЛУУН
URL:




