Өрсөлдөгчөө яллах Ардчилсан намын бэлтгэл
Одоо улс нийтээрээ шинэ сонголтын өмнө, УИХ-ын сонгуулийн босгон дээр ирчихээд байна. Үүний өмнөх сонгууль буюу долдугаар сарын 1 гэх алдарт хар өдөртэй сонгуулийн жилийн түүхийг бас л бид өөрсдөө бичсэн. Харин дээр өгүүлсэн “Манайх ялчихсан байтал гэнэт шөнийн 03 цагаас эхэлж саналын луйвар явсан…” гэхчилэн
үгсээр л тэр гайтай, харуусалтай үр дүн дагуулсан долдугаар сарын 1-ний явдлыг турхирч эхэлсэн юм шүү дээ. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралд тухайн үеийн Ардчилсан намын дарга, өдгөөгийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Би хувьдаа энэ сонгуулийг ард түмний дээд шийдвэр, Монголын ард түмэн сонгуульдаа гайхамшигтай идэвхтэйгээр оролцож, ардчиллыг дэмжсэн. Энэ санал гэнэт илбийн юм шиг өөрчлөгдсөн. Шөнийн 03 цагаас доошоо орж байсан бүх саналд засвар орсон.
МАХН өнгөлж явна гэдэг мэдээлэл хийсэн. Энэ бол зохион байгуулалттай зүйл болсон гэж үзэж байгаа юм. Эхний таван хэсэг дээр одоо миний хажууд сууж байгаа Р.Амаржаргал таван суманд, манай Ховдод гурвуулаа гарч ирж байсан. 03 цагаас хойш бүгд алга болсон. Яг иймэрхүү байдлаар бүх газарт ажилласан.
Дархан-Уул аймагт Ардчилсан намын гурван гишүүн эхний мэдээллээр эхэнд явж байсан. Гэтэл дахиад л гэнэт эргээд Д.Хаянхярваа нэгдүгээрт ороод ирсэн…” гэж хэлсэн байдаг. Сонгуулийн үр дүнгийн дараа яг ийм л юм ярихын тулд, түүнийгээ үнэмшилтэй, хүчтэй болгохын тулд өнөөдрийнх өмнө нь, шиг аль эртнээс “Бид ялж байна, бид ялчихсан…” гэсэн үг, уриаг Ч.Сайханбилэг тэргүүтэй хүмүүс ч түрүүчийн сонгуулиар ч оройлон зохион байгуулж байсан билээ. Ард түмний саналыг эрх баригчид луйвардсан гэж гөрдөхийн тулд, түүнийгээ үнэн ч юм шиг нийтэд санагдуулахын тулд ардчиллын нэрээр түрий барьж Ц.Элбэгдорж “Одоо энэ ардчилал бол ард түмний өмч болчихжээ. Энэ ардчилсан сонголтууд ард түмний шийдвэр болсон. Тэдний шийдчихсэн шийдвэр яагаад буруу гарав? Эцэст нь тэдний шийдчихсэн шийдвэр ямар байдалтай байна вэ? Бид өөр улс төрийн хүчин, өөр хүмүүст саналаа өгсөн гэдгээ бүгд хэлж байгаа юм. Санал хулгайлагдсан буруу сонголт боллоо гэдгийг ард түмэн хэлж байгаа. Зүгээр нэг эрх баригчдын, аль нэг намын, хэн нэгэн том албан тушаалтны дур зоргоор, сүрдүүлгээр асуудал явахаа больсон нь Монголын ардчиллын хамгийн том ололт. Энэ ололтыг хадгалахын төлөө явна…” гэхчилэн ярианууд өнөөх л долдугаар сарын 1-ний онц байдал зарлахын үеэрх хуралдааны тэмдэглэлд байгаа юм.
Ард түмэн Ардчилсан намыг сонгосон гэдгийг эртнээс өөрсдийгөө ялчихсан хэмээн хашгирч явдаг Ардчилсан намынхан яаж мэдээд байна аа. Харин ч саналыг нь дээрэлхэн байж авах гээд байгаа мэт, сонгогчдын санаа бодлоос гадуур хүч хэрэглэж байгаа мэтээр “Ард түмэн ардчиллыг сонгосон, Тэдний шийдвэр яагаад буруу гарав…” гэхчилэн ярихдаа өөрийг нь сонгосныг яасан баталгаатай сайн мэдэж байна аа. Ялна гэж итгэх ч юм уу, итгэсэн болж олон нийтийн саналаа өгөхийн өмнө эртнээс гөрдсөн нь жинхэнэ саналын дүн бол угаасаа биш шүү дээ. Түүнд итгэж сэрүүн зүүдэлнэ гэгчээр сөрөг намаа сонгуулийн санал луйварддаг төрийн эсрэг гэмт хэрэгтнээр цоллож дуудах нь ардчиллын зарчимд харин хэр зэрэг нийцэх бол. Ардчилсан нам ингэж л уналтаа зөвтгөдөг, айлгаж байж бялуу хүртдэг, бүр болохгүй бол үймээн самуун дэгдээх дэвсгэр сууриа бэлтгэх нь гадны зөвлөхүүдээсээ суралцсан технологи гэх юм.
Улстөрийн хүчин болсон цагаасаа хойш буюу 20 жилийн турш олныг төөрөгдүүлж ирсэн хуучин технологио Ардчилсан нам энэ удаагийн сонгуульд ч давтан хэрэглэх нь нэгэнт тодорхой боллоо. З.Энхболд, Ч.Сайханбилэгээс эхлээд хүн бүхэн нэг хэвэнд цутгасан мэт яг ижил үгээр телевизийн дэлгэц, хэвлэлийн хуудсаар ярьж байгаа нь юуны ёр бол. Авилгатай тэмцэх газар бол Ардчилсан намын сонгуулийн гол хөзөр, бүр тамга хөзөр гэж ч зарим нэг нь энд тэнд ам алдсан байх юм. Авлигын хараалыг өрсөлдөгчдөдөө нааж, тэдний нэр хүндийг унагах үүгээрээ санал хураах арга төлөвлөгөө хэрэгжүүлж байгаа нь Ардчилсан намын бодит нүүр царай л даа.
Гэхдээ хамгийн гол нь Ардчилсан намын одоо хэлж байгаа үг, хийж байгаа үйлдлүүд нь ард иргэдийн санаа сэтгэлийг төөрөгдүүлэх, сонгуулийн будилаан луйврын тухай олны тархийг угаах мэдээлэл, хөрс суурийг бүх түвшинд зохион байгуулалттайгаар түгээж байгаа нь хамгийн аймшигтай байна. Эцсийн бүлэгт ямар ч хамаагүй үнэ цэнээр ялах бус ялагдал хүлээхэд хүрэх ч үнэ цэнээр нийгмийг цэвэрлэх, зөв голдрил руу нь оруулах хамгийн чухалтайг Ардын намынхан ярьж явна лээ. Уг нь ардчилал гэдэг үгийг өмчилдөг Ардчилсан намынханд л цустай, нулимстай сонгуулийн ялалт биш цуурай татуулсан хөгжил, дэвшлийн түүчээ болсон шударга, зөвийн замын шан хатгах нь чухал баймаарсан. УИХ-ын сонгуульд анх удаа Ерөнхийлөгчтэй, шүүхтэй, прокурортой, Авилгатай тэмцэх газрыг атганхан шиг орж байгаа алтан боломжоо зуун хувь ашиглах атгаг хүсэл л Ардчилсан намынхны зүрхэнд цохилж байгаагаас биш ард түмнийг мэдрэх, айлын тогоо өнгийсөн мэт өнөөгийн нийгмийн хүнд хэцүү байдлаас татан гаргах үйл хэрэгт гар бие оролцох ултөрийн хүчний ухамсарч зорилго огтхон ч алга. Харин тэдний нэрийг барьж “Ард түмэн биднийг сонгуульд ялуулчихлаа…” хэмээн цуурч явна.
Алиалагчын нулимс ойрхон байдаг нь циркийн манежнаас харагддаг шүү дээ. Ард түмэн хэнд итгэхээ мэднэ. Өвдөг шороодвол харин өрсөлдөгч намаа төрийн эсрэг гэмт хэрэгтэнээр дуудахаас эхлээд үймээн самуун удирдан зохион байгуулах хүртэл улстөрийн зорилго агуулсан Ардчилсан намын сонгуулийн өмнөх бэлтгэл дахиад л мууг ёслож байгаагаас үнэндээ айх юм.
Шүүхээр сонгуулийн хөзөр хийсэн Ардчилсан нам нэр дэвшигчдийг бүртгэхгүй байх машин ажиллуулж байна
ШҮҮХЭЭР ДАЛАЙЛГАХЫН ДОР АРДЧИЛСАН НАМЫН ХАГАРАЛ Ч ИЛ ЦАГААНДАА ГАРЧ БАЙНА
Өөрийн өрсөлдөгч байж мэдэх хүмүүсийг намнаж, сонгуульд өрсөлдөх ч юм уу ямартай ч улстөрийн эрхээ эдлэх арга замгүй болгож авлигатай тэмцдэггүй л байх гэж бодоод байгаа юм.
Авлигатай тэмцэж байгаа гэж өөрийгөө тодорхойлоод өөртөө сэтгэл хангалуун байгаа Ерөнхийлөгч маань УИХ-ын сонгуулийн хугацаа таарч байгаа 2012 оноос өмнөх гурван жилд юу хийж байсан юм бол гэсэн бодол өөрийн эрхгүй төрнө. Авлигатай тэмцэх үү, үгүй юу… хэмээн бодоод байсан юм болов уу. Тэгвэл гурван жил хэрхэхийнхээ тухай бодож болсон юм чинь УИХ-ын сонгуулийн энэ жил ч бас зүгээр л бодоод л сууж байж болох л доо. Гэвч асуудал байна аа. УИХ-ын сонгууль болж байна, залгуулаад Ерөнхийлөгчийн сонгууль болно. Энэ хоёр сонгуулийн нэгэнд нь нэг намыг ялуулж байж нөгөөд нь өөрөө дахин Ерөнхийлөгч болох боломжоо нээх зорилготой нэг л хүн байгаа. Тэр үнэхээр шоронжуулалт явуулж, “Тэр балай амьтныг хэн өлс гэсэн юм. Дурандаа л өлсч байгаа…” хэмээн хилэгнэн байж НҮБ-ийн даргаар ам руугаа алгадуулав. Үнэндээ түүнийг тэртээ 1990-ээд онд улстөрд өлч орж ирэхэд нь тухайн үеийн МАХН-ын Улстөрийн товчооныхон “Хүүхдүүд дурандаа л өлсч байгаа юм…” гэж хэлж суугаагүй л дээ. Өдгөө Ерөнхийлөгч болсон ганцхан түүний л ач, гавъяагаар ардчилах үйл явц оготны хамраас цус гаргалгүй тайван хийгдчихээгүй. Ах дүүгийн ухаантай, авах гээхээр ард түмнээ удирдаж явсан үндсэн хүмүүжил, дадлынхаа хуйхаар тухайн үеийн МАХН-ын Улстөрийн товчооныхон л “Хүүхдүүд дурандаа өлсч байгаа юм…” гэж хэлээгүй болохоор ардчилал гэдгийг тайван замаар талбайгаас хөтлөн жолоодож өнөөдөрт явчрсан юм шүү дээ.
Ямартай ч, бие жижигхэн, билэг ухаан ч нимгэхэн ардчилсан Ерөнхийлөгчийнхөө шкоолоор ажиллаж байгаа шүүхийнхэнд урагш явах ирээдүй байна аа. Ерөнхийлөгч нь байгаа, Авлигатай тэмцэх газар нь байгаа, шүүх нь, прокурор нь ч эрх мэдэлд нь буйд бардсан Ардчилсан намынхан одоо бүр даварч шударга зөв барилдахгүйгээр, тахим өгч авалцахгүйгээр туг тойрч гүйхийн мөрөөсөл болоод жигтэйхэн. Ардчилсан Ерөнхийлөгч маань аргагүй ингэж үлгэрлэсэн юмсан.
Тиймээс одоо Ардчилсан намынхан сонгуульд оролцож буй хүчтэй өрсөлдөгчдөө элдвээр шалтаглаж, нэр дэвших эрхийг нь өгөхгүй байх чиглэлд ихээхэн анхаарал тавьж ажиллалаа. Нэр дэвших эрхээ дөнгөж гардсан хүнийг Авлигатай тэмцэх газраас баривчлаад явчихаж болдгийг харсан болохоор аргагүй юу ч гэж гүтгэж үзэж, ядаж сэтгэл санаа, цаг хугацааны дарамт хийлгүй яахав. Баянхонгор аймгийн хамгийн хүчтэй өрсөлдөгч, нэр хүндтэй залуу сайд Г.Занданшатарыг Тойргийн хороо нь бүртгэхгүй гэж хэдэн өдрийн нүүр үзэж байгаа. Тавдугаар сарын 23-нд буюу нэр дэвшигчдийн нэрс ч тодроогүй байхад улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Нийгмийн халамжийн газраас гэр олгосон үйл ажиллагааны үеэр тойрогтоо ажиллаж таарсан Г.Занданшатар нээлтэд оролцсоны төлөө Ардчилсан намынхан нь байж суулгах аргагүй болгов. Зам зуур явж байгаад гэр тараахтай таарах биш Ардчилсан намын дарга нар бол зорьж очиж тараах гээд л эмнэлэгт очсон машиныг сумдад нь хоёр сарын турш аваачилгүй, өвчтөнүүдийн хувь заяагаар тоглодог явдал бий. Гэтэл жинхэнэ нүд хурц байх ёстой байгаа олохгүй хаа хамаагүй, сонгуулийн хууль хэрэгжиж эхлээгүй цаг үеийн үйл явдлыг ч алдаа болгож хараад байгаа Ардчилсан намынхан аргагүй Ерөнхийлөгчийнхөө өвчнийг хавтгайруулан халдварлаж тусчээ.
Энэчлэн үнэндээ өнгөрсөн 2-ны өдрийн байдлаар 10 гаруй хүнийг өрсөлдөгч намынх нь зүгээс сонгуулийн хууль зөрчсөн үндэслэлээр шүүх болон Сонгуулийн тойргийн хороо, СЕХ-нд хандсан байгаа юм. Баянгол дүүрэгт гэхэд нэр дэвшигч Ц.Мөнх-Оргил, Г.Амгалан нарыг хууль зөрчин зурагт хуанли тараасан, үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлсэн гэж нэрийг нь татуулахаар Ардчилсан намынхан аргагүй сайн ажиллаж байна. Харин тэдний намаас Сэлэнгэ аймагт нэр дэвшигч С.Баярцогт гэхэд л сонгогчдын саналыг татах зорилгоор телевизээр сонгуулийн сурталчилгаа хийсэн. Өмнө нь ч бурхан тараасан бичлэг телевизээр цацагдан шүүмжлэгдэж л байсан юм.
Өвөрхангай аймагт Г.Батхүү, Д.Зоригт нар мөн л хууль зөрчиж бэлэг, бэлэн мөнгө тараасан. Харин тэднийг хэн шүүхэд өгч, тойргийн хороонд гомдол гаргах бол гэсэн асуулт үлдэнэ. Гэвч Ардчилсан намын Өвөрхангай дахь нэр дэвшигчдийн эсрэг тус аймгийн намын хорооны дарга нь болох Т.Хасбаатар эсэргүүцэн нэр дэвшигчдийнхээ сонгуулийн хууль зөрчсөн бүх үйлдлийг бичлэгээр баталгаажуулан өгч байгаа нь бүр аюултай. Дотроо хагаралтай байгаа энэ нам дотроо нуусан сонгууль зөрчсөн асуудал ихтэй хийгээд тэрийгээ дэлгэж, түүгээрээ барьцаалан хоорондоо өрсөлдөж байна. Энэ нь тус нам залуустаа орон зай өгдөггүйтэй ч холбоотой. Сонгуульд нэр дэвшсэн 76 хүний 55 нь урьд нь нэр дэвшиж байсан болон 90 оноос хойш одоог хүртэл УИХ-д суугаа өвгөн партизанууд байгаатай залуучууд нь санал нийлдэхгүй нь үнэндээ нууц биш болоод удаж байна. Дорнодод нэр дэвшихээр тодорсон ч УИХ-ын гишүүн П.Алтангэрэлд дайруулсан Д.Отгонбат бие даахаар болж, Дундговийн Ардчилсан намын дарга Х.Данзанноров дэвших гэж байсан тойргийг “Мон Уран”-ы Б.Наранхүүд 20 тэрбумаар зарсныг эсэргүүцэж, ясаа цайтал шүүхээр явахаа хэлж, бие даан нэр дэвшихээ мэдэгдээд байгаа. Түүний араас С.Мөнхболор, Ч.Батцогт гээд олон залуу дэмжлэг авдаггүй намаасаа ангижирч өөрийн хүчээр өрсөлдөнө хэмээн зарлаад байна. Баянхонгор аймагт нэр дэвшихээр бэлтгэж байсан намын хорооны дарга нь бас Х.Батулгадаа дарамтлуулаад, их л хилэнтэй явсансан.
Т.Хасбаатарын Сонгуулийн ерөнхий хороонд гаргасан гомдолд “Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбоо Монгол оронд ардчилал шударга ёс тогтоохын төлөө бүхий л үйл ажиллагаагаа чиглүүлж ирсэн билээ. Бид Ардчилсан намын үйл хэрэг цэвэр тунгалаг явж, бүх асуудал хуулийн хүрээнд шийдэгддэг байх ёстой гэж үздэг. Гэтэл сонгуулийн хуулийг илт зөрчсөн, ардчилсан намын үнэт зүйлсийг уландаа гишгэсэн үйл ажиллагаа Өвөрхангай аймагт явагдаж буй нь баримтаар нотлогдож байх тул Монгол Улсын Сонгуулийн төв байгууллагын тухай хууль болон Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд зааснаар УИХ-ын сонгуулийг зохион байгуулах, сонгуулийн хууль тогтоомжын биелэлтэд хяналт тавих чиг үүрэг бүхий байгууллага болохын тань хувьд та бүхэнд хандаж дараах хүсэлтийг гаргаж байна. Өвөрхангай аймагт Ардчилсан намаас нэр дэвшигч Гаваагийн Батхүү, Дашзэвэгийн Зоригт нар нь Монгол Улсын сонгуулийн тухай хуулийг ноцтой зөрчиж өөрсдийн бие төлөөлөгч Махбариад, Төмөрням, Пунсалмаа болон Доржпалам нараар дамжуулан Өвөрхангай аймгийн 19 суманд 2012 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн хууль бусаар нийт 560 иргэнд мөнгө тараасан. Энэ нь 168.000.000 орчим төгрөг болж байгаа.
Хэдийгээр Ардчилсан намын гишүүн голдуу хүмүүст тараасан ч мөнгө авагсдын тоонд өөр намын харьяалалтай иргэд ч бий. Хөлсөөр ажиллах гэрээ маягтайгаар өнгөлөн далдалсан ч энэ бол УИХ-ын сонгуулийн тухай хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл юм. Иргэний хуулийн 56 дугаар зүйлд зааснаар халхавчлах зорилготой, дүр үзүүлэн хийсэн хэлцэл байгуулагдсан цагаасаа эхлэн хүчин төгөлдөр бусад тоооцогддог тул мөнгө тараасан энэхүү явдлыг ямар нэг эрх зүйн ач холбогдол бүхий, хуульд нийцсэн үйл ажиллагаа маягаар тайлбарлах ямар ч боломжгүй юм.
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.15-д сонгуулийн жил эхэлснээс хойш аливаа этгээд сонгогчдын саналыг татах зорилгоор хийхийг хориглосон үйлдлүүдийг зааж өгсөн. Энэхүү зүйлийн 35.15.1-д мөнгө тараахыг хатуу хориглосон.
Г.Батхүү, Д.Зоригт нарын үйлдэл нь зөвхөн сонгуулийн хуулийн зөрчил төдийгүй Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй. Энэхүү зөрчлийг нуун дарагдуулах, үл мэдээлэх нь мөн гэмт хэрэгт тооцогдоно. Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлт, сонгуулийн тухай хууль зэргийг тэд батлалцсан учир хамгийн сайн мэдэх хэрнээ дээрх үйлдлийг хийсэн нь шууд санаатай, зориуд хийсэн болохыг нотолно” хэмээн хууль бусаар мөнгө тараасныг гэрчилсэн бичлэг бүхий CD, Арвайхээр суманд мөнгө авсан 200 хүний нэрсийн жагсаалт, мөнгө тараахад ашиглаж байсан гэрээний маягтыг хавсаргажээ.
Ийн сонгууль дөнгөж эхэлмэгц энэ олон хүний нэрийг татуулах асуудал яригдаж байгаагаас үзэхэд цаашид энэ тоо хэдээр нэмэгдэх нь тодорхойгүй байна. Сонголтыг ард түмэн биш Ардчилсан намын ардчилсан Ерөнхийлөгчөөс хамааралтай шүүх хийх бололтой шиг ээ. Сонгуулиас өмнө Н.Энхбаярыг л яллах гэсэн Ардчилсан намын зохион байгуулалттай Монголын шүүхийн байгууллагын үүрэг роль, дүр төрх хангалттай сайхан том л харагдаж байна даа.
eh survalj
http://topmedee.mn/news/10437
URL:













