С.Нарангэрэл: СЕХ улс төрийн захиалга гүйцэтгэгч болжээ

МАХН-МҮАН-ын “Шударга ёс эвсэл”-ээс сонгуульд нэр дэвшигч, МУИС-ийн профессор, академич, хууль зүйн шинжлэх ухааны доктор, Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, өмгөөлөгч хууль С.Нарангэрэлээс дараахь тодруулгыг авлаа.

-Таныг СЕХ, УИХ-ын гишүүнд нэр дэвшигчээр бүртгэсэнгүй. Бодвол энэ тухай шийдвэрээ таньд танилцуулсан байх?

-Сонгуулийн ерөнхий хорооны дарга Н.Лувсанжав, нарийн бичгийн дарга Ч.Содномцэрэн нарын гарын үсэг зурсан СЕХ-ны тогтоол 2012 оны зургадугаар сарын 5-ны өдөр гарсан байна. Миний хувьд Сонгуулийн тухай хуулийн 26.6.7 дахь заалтыг зөрчсөн тул нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан байна. Сонгуулийн тухай хуулийн 26.6-д улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч, төрийн өмчит хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан УИХ-ын гишүүнд нэр дэвших бол сонгуулийн жилийн нэгдүгээр сарын 1-ний өдрөөс өмнө төрийн албанаас ажил албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна гэснийг зөрчсөн гэж үжэн байна лээ.

-Таныг төрийн ямар алба хашиж байна гэж дүгнэсэн юм?

-Би МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирлын албыг хашиж байгаад 2011 есдүгээр сарын 15-ны өдөр захирлын сонгууль хийлгэж үүрээт ажлаа хүлээлгэж өгсөн. Одоо бол намайг МУИС-ийн профессороор ажиллаж байгаа тул СЕХ төрийн албан хаагч гэж үзсэн. Миний үйл ажиллагааг төрийн албаны хуулиар бус дээд боловсролын тухай хуулиар зохицуулдаг. Төрийн албаны тухай хуулийн 9,1,2-т улсын төсвөөс санхүүждэг боловсрол соёл шинжлэх ухаан эрүүл мэндийн байгууллагын удирдах гүйцэтгэх, туслах ажилтны төрийн үйлчилгээний албан хаагч гэж үзсэн байна лээ. Хуулийн энэ заалтад улсын төсвөөс санхүүждэг гэдгийг онцолсон байдаг. МУИС-ийн жилийн дундаж төсвийн 96 хувь нь оюутны сургалтын төлбөрөөс бүрддэг юм. Үүнээс гадна төрийн албан хаагчийн цалингийн сүлжээгээр цалин хөлс авдаггүй. Харин Дээд боловсролын хуульд заасны дагуу профессор, дэд профессор, ахлах багш, багш зэрэг албан тушаалаар цалинждаг. Өмнө дурдсан төрийн үйлчилгээний албан хаагч гэдэгт өнөөдөр нийтдээ 120 мянга шахам хүмүүс багтаж байгаа. Эдгээр нь Монголын оюунлаг хэсэг. Тэгэхээр уг асуудалд энэ олон хүний сонгогдох эрхтэй холбоотой том асуудал болж тавигдаж байгаа юм. Би жишээ нь төрийн албан хаагчийн орон сууцны зээл хөөцөлдье гэхэд намайг төрийн албан хаагч биш мэргэжлийн багш гэж үздэг.

-Таныг бүртгэж авахгүй байгаа бас нэг шалтгаан нь өөр намын гишүүн байж нөгөө намуудын эвслээс нэр дэвшсэн гэж СЕХ үзсэн?

-МАХН МАН болж нэрээ өөрчлөхдөө надад батлахаа шууд өгсөн. Би намын үүрт өргөдөл гаргаж батлахыг нь одоогоос сарын өмнө эргүүлэн өгсөн байдаг. Ер нь энд нэгэн зүйлийг зориуд онцлон тэмдэглэж хэлмээр байна. 1925 оны гуравдугаар сард МАН-ын намын төв хорооны бүгд хурал хуралдаж нэрэн дотроо Хувьсгалт гэсэн үг нэмэхээр тогтоол гаргажээ. Энэ тогтоолыг МАН одоо хүртэл Их, Бага хурлаараа хүчингүй болгоогүй. Тодруулж хэлбэл энэ тогтоол хүчин төгөлдөр гэсэн үг. Гэтэл МАН болохдоо Улсын дээд шүүхэд энэ нэрээ шууд бүртгүүлсэн. Энэ нь хууль зүйн хувьд МАН гэгч шинэ нам байгуулагдсан гэж ойлгогдохоор байгаа юм. Ингэхээр СЕХ-ны энэ үндэслэл үнэхээр учир утгагүй байгаа биз дээ.

-Та Монголын нэртэй хуульчдын нэг. Тийм учраас энэ асуудлаар гомдол гаргаж байгаа биз дээ?

-Сонгуулийн тухай хуульд заасны дагуу СЕХ-нд гомдол гаргах ёстой юм байна лээ. Би энэ гомдлоо гаргачихсан байгаа. Хариуг нь хүлээж сууна.

-СЕХ таны сэтгэлд нийцэхгүй хариу өгвөл яах вэ?

-УИХ-ын гишүүний сонгуулийн талаар сонгуулийн төв байгууллагаас гаргасан шийдвэртэй холбогдсон маргааныг Үндсэн хуулийн Цэц хянан шийдвэрлэдэг. Тийм учраас Үндсэн хуулийн хэд хэдэн заалт зөрчигдөж байгааг үндэслэн Үндсэн хуулийн Цэцэд хандана.

-Үндсэн хуулийн ямар заалтууд зөрчигдсөн гэж?

-Үндсэн хуульд хуулийн өмнө эрх тэгш байх, үээл бодол эрхэлсэн ажлаар нь ялгаварлан гадуурхахгүй байх, сонгогдох эрхтэй байх зэрэг хүний эрхийг баталгаажуулсан байдаг. Тэдгээр эрх зөрчигдсөн талаар гомдол гаргана.

-Та сая хуулийн өмнө хүн бүр тэгш байх Үндсэн хуулийн эрх зөрчигдлөө гэж хэллээ. Баримт гаргахгүй юу?

-УИХ-ын нэгэн тойрогт манай сургуулийн нэг багш бүртгэгдээд сонгуулийн сурталчилгаагаа эхэлсэн. Тэр хүн МУИС-ийн Хууль зүйн сургуулийн олон улсын эрх зүйн тэнхимийн эрхлэгчийнхээ албан тушаалаас 2011 оны арванхоёрдугаар сарын 30-нд чөлөөлөгдөж харин багшийн албан тушаалаа хэвээр авч үлдсэн. Иймэрхүү тодорхой жишгийг би хэлж байгаа юм. Энэ нэр дэвшигч яг надтай ижил албан тушаалд байсан. Одоо байгаа.

-МАХН-аас хэдэн хүнийг бүртгэхээс татгалзсан юм бол. Ямар шалтгаанаар вэ?

-Миний мэдэж байгаагаар зургаан нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан. Эдний дотор нэртэй цуутай голч шударга, туршлагатай хүмүүс цөөнгүй байна лээ. Жишээлэхэд МАХН-ийн дарга Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын мэдлэг чадвар нь хүрэхгүй гэсэн шалтгаанаар бүртгэхээс татгалзсан. МУИС-ын дэд профессор эх орныхоо байгалийн баялгийг ард түмэндээ тэгш хуваарилуулахын төлөө олон жилийн турш цуцалтгүй тэмцэж байгаа С.Авирмэд багшийг миний нэгэн адил багшийнхаа ажлаас чөлөөлөгдөөгүй гэсэн шалтгаанаар бүртгээгүй. Хөдөлмөрийн баатар дэлхийд Монголынхоо нэрийг удаа дараа цуурайтуулсан З.Ойдов аваргыг надтай адилхан хоёр дахь шалтгаанаар бас түдгэлзүүлсэн байх жишээтэй.

-Н.Энхбаярыг шалгаж байгаатай нь холбоотойгоор түдгэлзүүлсэн юм биш үү?

-Шалгаж байгаа хүнийг нэр дэвшүүлэхгүй гэсэн заалт байхгүй. Зөвхөн ял авсан тохиолдолд нэр дэвшигчээс түдгэлзүүлэх учиртай.

-МАХН-аас зургаан хүнийг бүртгэхээс татгалзсан. Энэ нь МАХН-д хууль зорчиж амьдардаг хүмүүс орогносон байна гэх яриаг гаргаад байгаа?

-Монголын улс төрийн амьдралд онцгой үүрэг гүйцэтгэж байгаа эрх баригч улс төрийн хоёр хүчин сөрөг хүчин гаргахаас үнхэлцэгээ хагартал айж байна гэж миний хувьд үзэж байна. СЕХ улс төрийн захиалга гүйцэтгэгч болжээ.

Л.МӨНХТӨР


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих