Н.Энхболд гишүүн эхнэрийн “эрэлд”
Хайрлаж дурлах, уйлах дуулах гэдэг хүний л ёс. Төрийн түшээд, УИХ-ын эрхэм гишүд ч бас цагтаа “хүн шиг” хайрлаж дурлаж, уярч дуулж явсан байж таарна. Тэдний заримынх нь түүхээс сонирхуулахад УИХ-ын дэд дарга М.Энхболд Москвагийн их сургууль/МГУ/-д сурч байхдаа эхнэртэйгээ танилцжээ. Хэвлэлийн технологийн ангийн гуравдугаар курсын оюутан Москва дахь Монголын ЭСЯ-ны үүдэнд алаг нүдтэй, хөөрхөн бор охинтой таарчээ. Олон хүний дунд нэг сайн харж аваад л өнгөрч. Дараа нь Монгол руу буцах замдаа галт тэргэнд бас таарч. Тэгээд Улаанбаатарт ирсэн хойноо танилцана даа гэж бодож явтал галт тэрэгний буудал дээрээс ээж аав нь тосоод аваад явчихсан тул бас л зориглосонгүй, “Чамайг даа” киноны чоно шиг л “За, чи намар буцах байлгүй дээ” хэмээн хөмхийгөө зуугаад үлджээ. Мэдээж намар хичээл эхлэх болоход тэд дахиад л галт тэрэгний буудал дээр таарав. Гэтэл сайн юманд садаа мунддаггүй болохоор мань эрийн авсан тасалбар паспортынхаа нэртэй зөрсөн тул галт тэрэгнээс буужээ. “Москвад очоод чамтай заавал танилцана даа…”
Москвад очоод хичээлдээ явж байтал зэргэлдээ хотод сурдаг нэг найз нь утсаар ярьж, “Амралтын өдрөөр Москва орно, хамаатны хүмүүс ирчихсэн Москва үзэх гэнэ. Би чам дээр очно шүү. Манай нэг дүү бас наана чинь сурч байгаа” гэжээ. Мань хүн ч “за зү” болж, архаг оюутан газарчлахаар болов. Найз нь нөгөө хүмүүстэйгээ ирээд “Эхлээд манай дүү дээр очьё” гэхээр нь дагаад явтал нөгөө алаг нүдтэй, хөөрхөн бор охин дүрээрээ. Тас зуураад авдаг юм байгаа биз дээ. Тэгээд Москвагийн хоёр кино үзэхээр явж, нөгөө газарчлуулахаар ирсэн хүмүүсээ ч умартжээ. Н.Энхболд гишүүн энэ тухай “Сүүлд сонсоход манай эхнэр ч бас намайг хараад л явсан байдаг юм” хэмээн багахан хөөрчээ.
Б.ЗАЯА
URL:













