Алийн болгон мөнгөний хойноос явах вэ дээ?

Манайд жолоочийн хариуцлагыг сайжруулах, осолд өртөгсдөд нөхөн төлбөр олгодог болох зорилготой Жолоочийн даатгалын тухай хууль хэрэгжиж эхлээд хагас жилийг үдэж байна.

Улсын хэмжээнд бүртгэлтэй 750 мянган жолооч байгаагийн 85 мянга гаруй нь жолоочийн даатгалд хамрагдаад буйг Санхүүгийн зохицуулах хорооны Даатгалын газрын Албан журмын болон Амьдралын даатгалын хэлтсээс мэдээлсэн.

Хууль ийхүү хангалтгүй хэрэгжиж байгаа нь монголчуудын санхүүгийн асуудлаа нэгдүгээрт тавьж, амь нас, эрүүл мэндээ дараа нь тавьдагтай холбоотой гэж холбогдох хүмүүс үзэж байна.

Бид нэгэнт хүний нийгэмд амьдарч байгаа учраас өөрийн болон өрөөлийн амь нас, эрүүл мэндийг нэгдүгээрт тавих дэлхийн жишгийг дагах учиртай. Алийн болгон мөнгө, санхүүгийн хойноос үхэн хатан явах вэ дээ гэж тайлбарлах нэгэн ч байна.

Дэлхий дээр авто тээврийн ослын улмаас жилд дунджаар 1.3 сая хүн амиа алдаж, 50 гаруй сая хүн хөгжлийн бэрхшээлтэй болдог байна.

Манай улсын хувьд зөвхөн өнгөрсөн онд 300 орчим хүн авто тээврийн ослын улмаас амиа алджээ. Үүний цаана сэтгэл, санаа, эрүүл мэндээрээ хохирсон хүн хэд байгааг тооцоолох аргагүй. Энэ нь жолоочид хариуцлага хүлээлгэх тогтолцоо байхгүйтэй холбоотой аж.

Тиймээс ирэх 10 дугаар сарын нэгэн гэхэд өөрийн нэр дээр машинтай, замын хөдөлгөөнд оролцдог бүх хүн жолоочийн даатгалд заавал хамрагдах ёстойг хуульчилсан байгаа. Ингэхдээ Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан жолоочийн даатгалын журмын дагуу хариуцлагын даатгалын 12 компанид даатгуулах ёстой юм байна.

Даатгалд хамрагдаагүй жолооч хуулиараа хатуухан шийтгэлтэй нүүр тулах бололтой. Ингэхдээ таны машиныг журамлан, үзлэгт орох эрхийг нь хасч, замын хөдөлгөөнд оруулахгүй байх зэрэг торгуулийн арга хэмжээг авах аж. Нэг ёсондоо та жолоо барих эрхгүй болно гэсэн үг.

Хэрвээ та жолооны үнэм­лэх­тэй ч хувьдаа машингүй, аав, ах болон хэн нэгний машиныг заримдаа унадаг бол энэ талаар тээврийн хэрэгслийн эзэнтэй хамтран гэрээ байгуулж, даатгагч компанид бүртгүүлэх хэрэгтэй аж. Таны машиныг нэр дээрээ даатгуулаагүй хэн нэгэн унаж яваа тохиолдолд мөн дээрх хариуцлагыг тооцох гэнэ.

Уг нь жолоочийн даатгалын системийг нэвт­рүүлс­нээр дэлхий нийтэд эерэг өөрчлөлт нэлээд гарсан байх юм. Энэ талаар АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагын “Бизнесийг дэмжих санаачилга” төслийн Даатгалын зохицуулалтын асуудал хариуцсан зөвлөх Жорж Райдер “Жолоочийн хариуцлагын даатгалд хам­рагд­санаар тухайн жолооч гаргаж болох эрсдэл, хохиролд төлөх мөнгө зэргийг ухамсарлан, хариуц­лага, анхаарлаа сайжруулдаг.

Энэхүү даат­галын хуу­лиа Монгол Улс сайн хэрэгжүүлбэл цааш­дын даат­галын салбарын хөгжлийн үндэс нь тавиг­дана” гэжээ. АНУ-ын даатгалын салбар 150 орчим жилийн дараа өнөөдрийн түвшинд хүрсэн аж.

Харин манай улсын хувьд даатгалын систем дөнгөж хөгжиж эхэлж буй шинэ салбар. Компаниуд үйл ажиллагаагаа өргө­жүүлэн, олон улсын даат­галын компаниудын турш­лагыг судлахаас гадна ажиллах тодорхой эрх зүйн цогц орчныг төрөөс ойрын хугацаанд бүрдүүлж өгөх шаардлагатай байна.

Ингэхдээ юуны өмнө одоо байгаа бүтээгдэхүүний хэрэг­лэгч­дийн тоог нэмэгдүүлж болно. Нөгөөтэйгүүр шинэ даат­галын бүтээгдэхүүн нэвт­рүүлж, зах зээлийн баг­таамжийг нь тэлэх боломжтой аж.

Эх сурвалж: “Өглөөний сонин”


URL:

Сэтгэгдэл бичих