Төрийн сан хоосорчээ

Монгол Улсын төрийн сан хөмрөг хоосорч, алдагдал нь 470 тэрбум төгрөгт хүрчихээд байна. Өнгөрөгч тавдугаар сарын нэгний байдлаар ийм байгаа аж. Байдал иймдээ тулсныг уг нь Сангийн яам олон нийтэд мэдээлэх ёстой. Гэтэл нууцлах ёсгүй мэдээллийг олон нийтээс тас нууж байгаа бололтой. Сангийн яамны вэб сайт дээр энэ тухай мэдээлсэн эсэхийг хайсан ч олдсонгүй. Ер нь жил бүрийн өдийд төсвийн зарлага 80 хувьтай байдаг атал энэ жил 68 хувьтай байгаа аж.

Энэ нь төсвийг танаж эхэлснийг харуулж байна. Ёсоороо бол тариалан эхлэлт, зам засвар гээд бүхий л салбарт зориулан зарлагадаад явж байх ёстой байтал ингээд таначихаад байгаа. Дээр нь Засийн газарт ямар ч орлого байхгүй. Тиймээс орлогогүй Засгийн газар зарлагаа танаад л байхаас яахав. Энэ удаагийн сонгуульд ялж байвал улс орон дампуурч, ард түмэн элгээрээ хэвтсэн ч хамаа алга. Тиймээс Монгол Улсын сан хөмрөг, мөнгөний авдар хоосрох нь тэдэнд сонин биш. Ард түмнээс өнөөдөр санал авч байвал л болоо. Энэ бүх улайрлаас нь харахад сонгуулийн дараа юу болох болоо.

Одоогоор Засгийн газар Монголбанкнаас 182 тэрбум төгрөг зээлж, 330 мянга, 21 мянгаа арай гэж тарааж байгаа юм байна. Амлалтаа биелүүлэх нэрийн дор энэ мөнийг өгч байгаа. Эх үүсвэр нь ямар байх нь ард түмэнд хамаа ч үгүй гэж бодож тэд ийм амь аргацаасан юм хийж байна. Мөн Эрдэнэтээс төсвийн урьдчилгаа гээд мөнгө авсан байгаа юм, энэ Засгийн газар.

Одоо үлдэгдэл мөнгийг тараахын тулд ихээхэн хэмжээний мөнгө хэвлүүлэх л үлдэж байх шиг. Монголбанкаар 350 тэрбум монгол төгрөгийг бэлнээр нь хэвлүүлэх гэж байгаа тухай мэдээллийг бид хүргэж байсан шүү дээ. Өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар ахмадуудад, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үлдсэн мөнгөө өгнө гэж ярьсан байна лээ. Ямар аргаар өгөх гээд байгааг нь дээр дурдсан.

Ингэвэл Монголын хувь заяа ер нь хаашаа эргэнэ ээ. Монголын эдийн засаг эд нарын амлалтаас болж далдуур уналтанд оржээ.

Энэ тухай мэдээллийг бид өмнө нь хүргэж байсан. Үлдэгдэл мөнгөө сонгууль дуустал аргалаад өгөхийн тулд юу л бол юуг хийж байна.

Одоо Хөгжлийн банкнаас мөнгө авч үлдэгдэл мөнгөө тараах гэж үзээд эсэргүүцэлтэй тулсан бөгөөд тус банкны ТУЗ-ийн дарга Батжаргал өөрөө өргөдлөө өгч ажлаасаа гарахаа мэдэгджээ. Энэ бол сайн жишээ. Нэг намын шахалтаар даргад захирагдахгүй, хуульд захирагдаж байгаа хэрэг юм. Хөгжлийн банкнаас Засгийн газар мөнгө авч иргэдэд 670 мянгаа тараах гэж л тус банкныхныг шахаанд оруулснаас энэ бүх юм болжээ.

2010 оноос өмнө байгуулагдсан компаниуд Таван толгойн хувьцаа эзэмшиж болох билээ. Гэтэл ийм компаниудыг 6 сарын 28-наас урьтаж мөнгөө өг гэж Татварын ерөнхий газраар дамжуулан татварын байцаагч нараар нь шахуулж эхэлжээ. Нэг татварын байцаагчид гуч орчим компани оногдсон байна. Энэ бүхнээс үүдэлтэй бензиний үнэ өснө. Долларын ханш өснө. Монгол төгрөгийн ханш буурна. Хүнд байдлыг сонгуулийн өдрийг хүртэл барьж байгаа бөгөөд үүнээс цааш улс орноо яана гэж байгааг ойлгохгүй юм.

Саяхан л сар бүр өгдөг хорин нэгэн мянгаа өгч барахгүй байсан хэрнээ 330 мянган төгрөг өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст яаж өгөв. Улс орон дампуурах нь эдний намын ялалтын хажууд юу ч биш бололтой. Засгийн газрын Чалкогоос зээлсэн мөнгөө авахын тулд юугаа барьцаанд тавив. Тэд сонгуулийн төлөө эцсийн хүчээ шавхан зүтгэж байгаа нь ямар учиртай вэ. Энэ бол үндэсний аюулгүй байдлын хэмжээний асуудал. Улс орноо дампуурлын ирмэгт авчирсан ч хамаагүй МАН ялахаар улайрч байгаагийн илрэл.

Л.МӨНГӨНДАЛАЙ


URL:

Сэтгэгдэл бичих