Наадам долдугаар сарын 7-ноос эхэлнэ

Өнгөрсөн лхагва гаригт Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо хуралдлаа. Хурлаар баяр наадмын бэлтгэлийн асуудлыг хэлэлцсэн юм. Баяр наадмыг зохион байгуулах хорооныхон 22-ын товчоо чиглэлийн замд ихээхэн анхаарч ажиллаж байгаа юм байна. Өнөөдрийн байдлаар 22-ын товчооноос цааш арван километр орчим замын засварыг гүйцэтгэхээр ажиллаж байгаа аж. Энэ ажил нь ихээхэн удааширч байгааг хурлын үеэр ярьж байлаа. Тиймээс Баяр наадмыг зохион байгуулах комиссын дарга, Шадар сайд М.Энхболд долдугаар сарын долоон гэхэд зам засварын ажлыг дуусгасан байх үүргийг өглөө. 22-ын товчооны тэнд үерийн ус зайлуулах гүүрэн хоолойны ажлыг гүйцэтгэх барилгын ажлыг өнгөрсөн онд эхлүүлээд буй. Энэ ажил нь зарим төлөвлөгдөөгүй саад бэрхшээлээс үүдэн удааширч зогсонги байдалд орсныг мөн ирэх сарын долоон гэхэд дуусгах даалгаврыг өглөө. Хэрвээ хугацаандаа амжиж зам засвар, гүүр барих ажлыг дуусгахгүй бол хариуцаж буй байгууллагуудад нь гэрээний дагуу хариуцлага тооцохыг ч анхааруулав.

Хурлаар хэлэлцсэн дараагийн асуудал нь баяр наадмын хөтөлбөр байсан юм. Хөтөлбөрт тусгагдсанаар долдугаар сарын 7 гэхэд баяр наадам эхлэх ажээ. Энэ өдөр Урианхай сурын харваагаар баяр наадмыг үндсэндээ эхлүүлэх аж. Ингэхдээ төв цэнгэлдэхийн дотор болон гадаа, Хүй долоон худаг, сурын талбайн орчимд том дэлгэц байрлуулж, наадмын ажиллагааг шууд дамжуулан үзүүлэх хэрэгтэйг тус хорооныхон хэлэлцэж баталлаа. Түүнчлэн бөхийн барилдааны даваа эхэлж ам авахыг зарласнаас хойш цолтой бөхчүүдийн ам авах хугацааг зааж өгөх хэрэгтэй гэж үзжээ. Ингэхдээ даваа эхлэхийг зарласнаас хойш таван минутад багтаж бөхчүүдийг эрэмбэ дараагаараа ам авах хугацааг тусгаж өгье. Үүнийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн баталж хавсралтад оруулах шаардлагатай байна гэлээ. Хэрвээ Засгийн газрын хурлаар энэ асуудлыг хэлэлцэн баталбал заасан хугацаанд цолтой бөх ирж ам авахгүй бол эрэмбээр нь дараагийн бөх нь ирж ам авах тухай ч тусгаж өгч байгаа юм байна. Түүнчлэн уг хавсралтад зөвхөн насанд хүрсэн буюу 18-аас дээш насны бөхчүүдийг барилдуулна гэж заах ажээ. Мөн наадам сурвалжлах эрх, наадмын талбайн орчимд үйлчилгээ явуулах эрх, автомашины зогсоолын ангиллын эрх зэргийг энэ сардаа багтаан олгохоор болжээ. Тэр дундаа наадам сурвалжлах хэвлэл мэдээллийн байгууллагуудын эрхийг заавал энэ сард багтаан олгох гэнэ. Өнгөрсөн жилийн хувьд 800 гаруй сэтгүүлчид баяр наадмын эргэн тойронд сурвалжлага бэлтгэж байсан бол өнөө жил энэ тоо даруй 100-гаар нэмэгдэх магадлал байгаа гэнэ. Харин Төв цэнгэлдэх орчмын автомашины зогсоолын тоог 1500-гаар нэмж 4500 болгохоор болжээ. Үндсэндээ Төв цэнгэлдэхийн орчимд 4500 машин багтах боломжтой бөгөөд өнөө жил энэ байдлыг бүрэн ашиглахаар болж байгаа юм байна. Худалдаа үйлчилгээнд 500, Хүй долоон худагт 150 гаруй цэг гарах бөгөөд эдгээрийн 60 хувьд нь хуушуур хийж худалдаалах төлөвлөгөөг боловсруулж эрхийг олгохоор бэлтгэжээ. Хүй долоон худагийн хувьд ихээхэн бүтээн байгуулалт хийхээр төлөвлөн ажиллаж байгаа гэнэ. Ингэхдээ морь барианы газарт 30 метрийн урттай бетонон суурь бүхий модон сандал хийж байгаа төдийгүй нийтийн бие засах газруудыг нэмж барьж байгаа юм байна. Худаг усны асуудлыг шийдвэрлэхээр мэргэжлийн ажилчдыг Хүй долоон худагт томилжээ. Ер нь цаашид гадаад дотоодын олон жуулчин ирж Монгол бөх, морийг үзэж сонирхдог болсон учраас Төв цэнгэлдэх, Хүй долоон худагийг ихээхэн тохижуулах шаардлагатай гэдэг дүгнэлтэд хүрэв.

Л.ТӨР


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих