Засаг даргын ажилтнууд сонгогчдын саналыг луйварджээ

Чингэлтэй дүүргийн Засаг даргын шууд удирдлагад ажилладаг хүмүүс тус дүүрэгт болсон нийслэлийн ИТХ-ын сонгуулийн хэсгийн хороодод ажиллаж, сонгуульд өрсөлдсөн дүүргийн Засаг даргынхаа хөндлөнгийн нөлөөнд орж байсныг гэрчлэх үйл явдлууд санал хураалтын шөнө хангалттай олон болжээ. Энэ талаар нийслэлийн ИТХ-ын Чингэлтэй дүүргийн 17 дугаар тойргийн хэсгийн хороодод ажиглагчаар ажилласан хүмүүс гэрчлэн ярьж байна. Тэд ярихдаа саналын хуудсуудыг тоолж эхлэхэд дүүргийн Засаг даргын нэр цөөхөн гараад байхаар нь хэсгийн хорооны гишүүд гэнэт ажиглагчдыг хөөж гарган, 9 дүгээр хэсгийн хорооны дарга Одмандах шаардлага тавьсан ажиглагчдад “Та нар хэн бэ. Энд би хууль нь” гэх зэргээр дарамталж, шөнийн 23 цагийн алдад цонхоор юм авч тойргийн хороо руу оруулах зэрэг авирыг гаргасан байна. Тиймээс дээрх ноцтой зөрчлийг шалгаж, саналын хуудсыг дахин тоолуулах хүсэлтийг Нийслэлийн ИТХ-ын сонгуулийн Чингэлтэй дүүргийн 17 дугаар тойрогт “Гурав дахь хүчин” эвслээс нэр дэвшин өрсөлдсөн Ц.Содхүү гаргаж, Нийслэлийн Сонгуулийн Хороонд хүргүүлээд байгаа гэнэ. Түүгээр ч зогсохгүй УЕПГ-т хандан шалгаж өгөхийг хүссэн байна.


URL:

Сэтгэгдэл бичих