Хэрэглэгчдийнхээ халаасыг сэгсэрсээр байх уу

Монголын хамгийн олон хэрэглэгчтэй үүрэн холбооны компани бол “Мобиком” корпораци гэдгийг хэн хүнгүй мэднэ. Тэд үйл ажиллагаагаа эхлээд арав гаруй жилийг элээжээ. Гэвч тэд монголчуудын юм мэдэхгүйг далимдуулж ашиг олж байна. Яахав, залуучууд нь гар утсанд ирдэг мессэжийг уншчихна. Харин тэдний эцэг эх, өвөө эмээ нар болох 50-иас дээш насныхны хэдэн хувь нь латин үсэгтэй мессэж уншиж, бичиж байгаа нь эргэлзээтэй. Хэл устай нэг нь уншдаг л байх.
Харин “Мобиком” корпораци мессэж уншиж чаддаггүй хэрэглэгчдээс ашиг олж байгаа нь зүйд нийцэхгүй. Тухайлбал, тус компани 2009 оноос хойш найзын хөнгөлөлт гэх үйлчилгээ нэвтрүүлжээ. Энэ нь ойр дотны таван хүн рүүгээ минут тутамд 55 төгрөгөөр ярих боломжтой болгосон байна. Иймээс бүх хэрэглэгчийнхээ гар утас руу 250 гэсэн дугаараас энэ үйлчилгээг санал болгосон мессэж явуулжээ. Тухайн үед энэ нь шинэ учраас корпораци уг үйлчилгээний суурь хураамжийг жилийн хугацаанд хөнгөлсөн байна.
Харин энэ он гарахад хөнгөлөлтийн хугацаа нь дуусч, хэрэглэгчид рүүгээ найзын хөнгөлөлтийг идэвхжүүлэхийг санал болгосон мессэж явуулжээ.
Гэтэл тухайн хэрэглэгч уг мессэжинд ОFF (хаах) хэмээн бичиж хариу явуулахгүй бол таны данснаас 355 төгрөг хасагдана. Гэвч тус корпораци дуугүй байвал зөвшөөрсөн гэдэгтэй ялгаагүй гэж бодсон бололтой. Харин монголчууд эрт үеэс дуугүй байна гэдгийг зөвшөөрөөгүйн тэмдэг гэж үздэг байсан түүхтэй. Тухайн санал болгосон мессэж ирэх үед таны данс тэг төгрөгтэй байсан гэж бодъё. Харин дараа нь нэгжээр цэнэглэхэд таны данснаас 355 төгрөг автоматаар хасагдана.
Үүнийг бүх хэрэглэгч рүүгээ явуулсан. Тэдний хэдэн хувь нь ОFF хэмээн бичиж хариу илгээсэн бол гэдэг нь эргэлзээтэй. Үр хүүхдүүдтэйгээ холбоо барихад ашигладаг настайчууд, ажил хэргийн шугамаар ашигладаг хижээл насныхны тодорхой хувь нь уг мессэжинд хариу бичих битгий хэл ямар утгатай зүйл утсанд нь ирснийг мэдэхгүй.
Үйлчилгээ сунгахад хасагдсан нэгжийг тэр дор нь олгох боломжгүй
Уг асуудлаар “Мобикот” корпорацийн 2222 яавлах утсанд хандаж Хэрэглэгчдийн санал, гомдлыг хүлээн авах хэлтсийн ажилтан, үйлчилгээний зөвлөх Б. Эрдэнэболороос зарим асуудлыг тодрууллаа.
-Энэ үйлчилгээнд хамрагдахыг хүсэхгүй бол заавал ОFF гэсэн хариу илгээх шаардлагатай. Ингэж бичээгүй тохиолдолд уг үйлчилгээг зөвшөөрсөн гэж үздэг. Харин мессэж уншиж мэддэггүй хүмүүсийн хувьд хэрхэх вэ?
-Манай программ дээр тухайн хэрэглэгч ямар хүн бэ, мессэж уншиж чаддаг уу, үгүй юу гэдгийг ялгах боломжгүй байдаг. Үндсэн систем дээрээс санал болгох мессэж илгээдэг.
-Мессэж уншиж чаддаггүй өндөр настан олон байгаа шүү дээ?
-Ийм хүнд мессэж ирсэн тохиолдолд тухайн хүний хажууд ач, гуч, мессэж уншиж чаддаг хүн байна гэж үзэж байгаа. Тухайн хүмүүс нь мессэжний утгыг тайлбарлах боломжтой гэж үзэж байна. Найзын хөнгөлөлт үйлчилгээг ашиглана гээд дансандаа нэгжтэй байвал нэгж нь шууд хасагдана.
-Хэрэв ингэж уншиж, тайлбарлаж өгөх хүн хажууд нь байхгүй, ирсэн мессэжээ тэр дор нь өөрийн хүсэлтээр юм уу, санаандгүй байдлаар устгачихдаг хүмүүсийн хувьд хэрхэх вэ. Энэ тохиолдолд танай байгууллага эдгээр хүний халаасыг зөвшөөрөлгүй ухаж байгаатай ялгаагүй шүү дээ?
-Бид тухайн хэрэглэгчид нэг хоногийн өмнө энэ үйлчилгээг сунгах талаар сануулах мессэж явуулдаг. Хэрэв энэ үйлчилгээг ашиглахгүй гэж үзвэл бидэнд хандаж болно. Гэхдээ үйлчилгээ сунгагдахад хасагдсан нэгжийг тэр дор нь олгох боломжгүй. Цааш нь шалгуулсны дараа энэ асуудлыг авч хэлэлцэнэ.
Дашрамд хэлэхэд, “Мобиком” корпорацийн найзын хөнгөлөлт үйлчилгээг идэвхжүүлэх санал мессэжээр ирдэг. Гэтэл тус компани сая гаруй хэрэглэгчтэй гэгддэг. Тэдний 60 хувь буюу 50 хүртэлх насныхан мессэж уншиж чаддаг гэж бодъё. Харин үлдсэн хэрэглэгч нъ өндөр настнууд. Тэд мессэж унших эсэх нь тун бүрхэг. Яахав, уншдаг хэд нь гадаадад сургууль дүүргэсэн, боловсролтой хүмүүс байх магадлалтай.
Японы хөрөнгө оруулалттай тус корпораци тодорхой тооны хэрэглэгчдээс саасан мөнгөөрөө ашгаа төлж байна гэхэд хэтийдсэн болохгүй л болов уу. Дээрх ажилтан “Манай программ дээр тухайн хэрэглэгч ямар хүн бэ, мессэж уншиж чаддаг уу, үгүй юу гэдгийг ялгах боломжгүй байдаг” хэмээн суугаа нь “Хэрэглэгч хаан” гэсэн зарчмыг аль эрт уландаа гишгэснийг нь гэрчлээд өгч буй юм.
Бусад улсын үүрэн холбооны компани “Мобиком” шиг мессэж явуулж данснаас нь зөвшөөрөлгүйгээр мөнгө саасан бол хэрэглэгчид нь шүүхэд хандаж, төлбөрөө хэд хэд нугалж төлүүлдэг байна. Тухайлбал, Мексикт үйл ажиллагаа явуулдаг “Американ Мобайл” компани 2000 онд үйл ажиллагаагаа эхлэхдээ дугаар харах үйлчилгээ нэвтрүүлж, хэрэглэгчдийнхээ данснаас зөвшөөрөлгүйгээр мөнгө суутгаж, үйлчилгээг нь сунгадаг байснаас болж 500 мянга гаруй ам.долларын төлбөрт унасан түүхтэй. Мөн хэрэглэгчид нь энэ компани руугаа хандсан мессэж явуулахад төлбөртэй байсныг зогсоожээ.
Харин”Мобиком” болон манай улсад үйл ажиллагаа явуулдаг үүрэн холбооны бусад компани ингэж аягладаггүй. Ямар нэгэн компани үйлчилгээний талаарх мессэжээ явуулж, хэрэглэгч үүнд төлбөртэй хариулах нь тухайн компани таны халаасыг зөвшөөрөлгүй ухаж байгаатай агаар нэг юм.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих