Томрох нь тодорхой Таван толгой баяжих нь баараггүй Өмнөговийнхон
Өмнийн говийг зорьсон их нүүдэл
“Дорнын тэнгэрт утаа манараад” хэмээн дуулдаг шиг манарсан тэнгэрийн дор Өмнөговь аймгийн Цогтцэций сум руу машин тэрэгний цуваа хөвөрч байна. Цогт-Овоо сумын нутагт ороход л цас элстэй холилдсон шуурга машины цонх нүдэж байхад хилээс нааш 21 км-ийн зайд байрлах “Цагаан хад”-д бороо орсон дуулдана.
Ийнхүү Өмнөговь аймгийн Цогтцэций сумыг зорих болсон учир гэвээс Таван толгойн ажил байдалтай танилцах явдал байлаа. Энэ нутагт XXI зууны бүтээн байгуулалт эхэлж байгаа гэхэд болно. Тийм учраас 120 тоннын даацтай машинаас эхлээд эксель, аксент, гэр ачсан портер даваа давах гэж зүтгэж байх аж.
Төрийн өмчит “Эрдэнэс МГЛ” компанийн охин компани болох “Эрдэнэс Таван толгой”-н нүүрсний уурхай үйл ажиллагаагаа явуулаад эхэлсэн. Энэ ажлыг жирийн иргэний нүдээр харахыг зорив. Өдөр болгон гурван “Паз” автобус хотоос явдаг хэдий ч тасалбар нь хэд хоногийн өмнө зарагдаад дуусчихдаг байна. Улаанбаатараас 540 км-ийн зайтай Цогтцэций сум руу өдөр болгон битгий хэл сардаа нэг автобус явдаг байсан түүх бий. Таван толгой руу явж байгаа иргэдийн дийлэнх ажилчид. Үлдсэн нь ажилд орох гэсэн иргэд байхаас гадна эр нөхрөө эргэж буй эмэгтэйчүүд байдаг аж. Уурхайн ажилчид нэг сар болоод амрах эрхтэй учир арван хэд хоноод эхнэрээ санан дуудуулдаг гэнэ. Хүүхдүүдээ гэртээ үлдээсэн хүүхнүүд нөхрөө хүлээн зочид буудалд хөзөрдөх аж. Ямар нэг бизнесийн орон зай хайсан гадна дотны нөхдүүд ч явцгаана Зам дагуу худалдаа үйлчилгээ сайжирч, барьж буй барилга байшингууд үзэгдэнэ.
Цогтцэций сум руу явж байгаа иргэдийн дийлэнх нь “Энэ нутагт том бүтээн байгуулалт босох юм гэсэн. Эртхэн шиг газар авъя, дэлгүүр нээе, бараа заръя” гэсэн бодолтой зорьдог гэнэ. “XXI зуунд Хятад улсын хөгжлийн эрин үе эхэлнэ” гэж зарласнаас үүдэн дэлхийн томоохон хөрөнгө оруулагчид Бээжинд салбараа нээсэн гэдэгтэй адил Өмнөговьд газрын бизнес галзуурч байна.
ГАЗРЫН НАЙМАА ГАЛЗУУРЧ БАЙНА
Тухайлбал, шатахуун түгээгүүрийн газар 808 сая төгрөг, кэмп байгуулах дөрвөн га газар 560 сая төгрөг, үйлчилгээний зориулалт бүхий хагас га газар 55 сая төгрөгөөр дуудагдан зарагджээ. Зүгээр сумын төвд хашааны газар авъя гэвэл 10-15 сая төгрөг хэрэгтэй болж байх жишээтэй. Хөгжил нь очиж амжаагүй байхад авлига хүнд суртал байр сууриа эзэлж сумынх удирдлага газар зараад эхэлсэн байгаа юм.
Иргэдийн хувьд газар олдохгүй байна гэсэн гомдлыг нулимс дуслуулан хэлж байлаа. Яагаад гэвэл Зам тээвэр, барилга хот байгуулалтын яамнаас иргэдэд газар олгохгүй байхыг үүрэгдсэн гэнэ. Ирээдүйд Цогтцэций суманд зуун мянган айлын орон сууцаас гадна төмөр зам, цахилгаан станц, цэвэр усны хангамжийн барилга байгууламж баригдах учраас зураг төсөл нь гүйцэд гартал газар олголтыг зогсоожээ. Харин манай иргэд төмөр зам тавих зам дагуу газар авчихаад төр засгаас мөнгө нэхээд хэвтэхийг хүсч байгаа бололтой.
Цаг агаар тааламжгүй байсан болоод тэр үү өмнөх замаа харахтай үгүйтэй л явцгаах аж. Энэ нутгийн хөрс гэж авах юм алга. Ерөнхийдөө улаанаараа эргэчихэж. Нөхөн сэргээлт хийгээд ч дээрдэхгүй болов уу, байгаль орчин энэ тэр гэж ямар үр дүнгүй мөнгө үрж байхын оронд зөнд нь орхичихвол яасан юм бэ гэсэн адын бодол төрнө. “Мөнхийн цагаан манантай” гэдэг шиг сумын төв машин тэрэгний мөнхийн цагаан тоосонд дарагдаастай.
БАЙГАЛИА Л ХАЙРЛАХ ЮМСАН
Сумын төвд гадны хүн хонуулдаг гэрээс эхлээд 20 гаруй зочид буудал бий. Харин нэг, нэг сургууль, цэцэрлэг байх жишээтэй. Дунд сургууль 750 хүүхдийн багтаамжтай өдгөө хоёр мянга хол илүү сурагчтай. Цэцэрлэг нь аль хэдийнэ ачааллаа даахаа байжээ. Хоёр мянга хүрэхтэй үгүйтэй байсан сумын иргэд хүн ам, орон сууцны тооллогоор 9800 болсон мэдээтэй. Харин энэ тооллогоос хойш 10300 болон нэмэгдсэн байх юм. Байнгын хаяггүй хүн ам нь 12 мянга хүрсэн гэх баримжаа тооцоо байгаа юм билээ.
Нэн түрүүнд хоёр сургууль, гурван цэцэрлэг шаардлагатай гэж байна. Даанч мөнгө байхгүй гэж инээд хүргэнэ. Нэг жишээ хэлэхэд Өмнөговь аймгийн удирдлага Ланд круйзер-200 маркийн машин уначихсан давхиж явна лээ. Нэг машин 100 сая төгрөгийн үнэтэй. Зуун сая төгрөгөөр 75 хүүхдийн цэцэрлэг байгуулах бололцоотой гэдгийг УИХ-ын гишүүн Н.Ганбямба гаргасан байдаг юм.
Сумын төвийн иргэдийн дийлэнх нь уурхайд ажиллаж, сардаа 700-800 мянган төгрөгийн цалин авна. Нэг их архидаад байхгүй. Гэхдээ “Соёмбо” архи “Хараа”, “Ерөө” хавьцаа л яригдана. Цагаан сараар дийлэнх айлууд вискитэй байсан гэдэг юм билээ. Гэмт хэргийн гаралт бага үзүүлэлттэй. Иргэд ажилтай болохоор архидаад, хулгай зэлгий хийгээд байдаггүй нь харагдсан. Уурхайнууд нутгийн иргэдийг ямар ч мэргэжилгүй байсан ажилд авна гэсэн яриа бий. Түлээ нүүрс хямд гэж жигтэйхэн, арга ч үгүй юм уу даа.
Азтай юм шиг хэрнээ ирээдүй нь тун бүрхэг ард түмэн. Хөгжих нь тодорхой. Харин хэдэн жилийн дараа усгүй, ургамалгүй элсэн цөлийн хот болох ирээдүй харагдана. Нутгийн иргэд усгүй, бэлчээргүй боллоо гэж үглэнэ. “Эрдэнэс-Таван толгой” компани 200 метрт хэд хэдэн өрөм тавиад ус гаргаж чадаагүй. Одоо тэгээд ганц нуурынхаа усыг уурхайд ашиглахаар болжээ. Харин “Энержи ресурс” компанийн хувьд газрын гүний усыг ашиглаж байгаа юм. Нутгийн иргэд “Газрын гүний усыг ихээхэн хэмжээгээр ашиглаад ирэхээр гадаргын булаг шанд, худаг ширгээд дууслаа” гэж шогшрох. Энэ нутгийн ус хужиртайгаас гадна сонин амт амтагдана. Уурхайн ажилчид савласан цэвэр усыг Улаанбаатараас машин машинаар зөөдөг юм билээ. Саяхан УИХ-ын эрхэм гишүүн Ц.Мөнх-Оргил, Г.Баярсайхан, Д.Энхбат тэргүүтэй гишүүд уурхайн ажилчид, сумын иргэдтэй уулзаад явсан. Цаашаа Оюутолгой хүртэл явах юм гэсэн. Байгаль дэлхий хамгаалах талаар яриад явлаа. УИХ-ын гишүүн Г.Баярсайхан уурхайчид байгаль орчинд ээлтэйгээр хөрс хуулах талаар хичээл заасан гэж байгаа. Тэдгээр гишүүд “Байгальд хор хөнөөлгүйгээр нүүрс олборлолт байхгүй” гэх зүйл ярьсан гэнэ. Үүнээс үүдэн индиан өвгөний “Ой шатаж дуусахын цагт, голыг ширгэж дуусахын цагт, загас үгүй болохын цагт алтыг идэж болохгүйг та бүхэн ойлгох болно” гэсэн утгатай хэлсэн үг санаанд орно.
Хоёр давхар орон сууц шиг том 120 тоннын ачаа зөөдөг автомашин хажуугаар өнгөрөхөд газар доргино. Ийм машин 3000 гаруй бий. Энэ машины хажууд 40, 50 тоннын машинууд суудлын жижиг тэрэг л харагдах юм билээ. “Эрдэнэс-Таван толгой” компани байгуулагдсан сургаар иргэд янз бүрийн ажил хийж байна. Байшин барилга баригдах сургаар тоосгоны үйлдвэр хүртэл баригдсан аж. Одоохондоо ямар ч борлуулалт байхгүй гэнэлээ.
ТАВАН ТОЛГОЙ БИДНИЙ ӨМЧҮҮ?
Таван толгойн нүүрсний орд газар бол монголчууд бидний бүгдээрээ идэх хоол. Харин Монголын хөрөнгөтнүүд вип өрөөнд хоол захиалсан байна. Тэр бол “Ухаа худаг”. Таван толгойн орд газрын яг зүрхэн тушаа байрлана. Энэ хэсгийг авахдаа Таван толгой хэмээх ордыг бидний хэдэн бизнесменүүд гадныханд өгөлгүйгээр найман жил хамгаалсан учир өчүүхэн хэсгийг авъя” гэсэн байгаа юм.
Албан ёсоор “Ухаа худаг” 411,54 сая тонн нүүрсний нөөцтэй гэж байгаа боловч өдгөө нэмэгдсээр 500 сая тонн гараад явчихсан. Хөрс хуулалт хамгийн бага, коксжилт өндөр гээд бүхий л үзүүлэлт нь өндөр билээ. Эдгээр нөхөд мань мэтийн адил “Эрдэнэс-Таван толгой”-гоос иргэн бүрт хүртээж байгаа 550 ширхэг хувьцааг бас авна. Гэхдээ “Таван толгой”-г Оюу толгой шиг гадныханд тавиад туучихаагүй, хөрөнгийн зах зээл дээр гаргаж ирсэн хүмүүст баярлах хэрэгтэй. Энэ хүмүүс уул уурхайн салбарт яаж ажиллаж болдог, гадныхныг царайчлахгүйгээр бүтээж чаддагаа дэлхий нийтэд харууллаа. Эдгээр бизнесменүүд Монгол Улсыг авч явах нь тодорхой.
Т.ЦОГТ-ЭРДЭНЭ
URL:













