Питбулл гэж хэн бэ?
Дэлхийн сая, сая залуусын шүтээн бол реппер, поп дуучин, хөгжмийн зохиолч, продюсер Арманда Кристиан Пирез буюу Питбулл гэдэгтэй хэн ч маргахгүй. Тэрбээр энэ сарын 21-ний өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд хит болсон дуунуудаа Монголын фэнүүдтэйгээ хамт дуулах юм.
Хар өнгийн костюм, хар эсвэл цагаан цамц, лакан гутал, хар нүдний шил бол түүний имиж. Фэнүүд нь энэ дүр төрхөөс уйдаж байсангүй. Өөрөө ч уг имижээ солихыг хүсдэггүйтэй нь холбоотой биз.
Питбуллын аав нь Америк, ээж нь Кубын иргэн аж. Түүний ээж 1960-аад онд Ф.Кастрогийн дэглэмийн үед 14 мянган хүүхдийг Майамид явуулахад хамт ирсэн гэдэг. Тэр Питбуллын эцэгтэй Майамийн бааранд анх танилцаж, 1981 онд поп од Питбуллыг төрүүлжээ. Түүний ээж гэр бүлээ тэжээхийн тулд “Burger kings”-т зөөгч хийж, айлын гэр цэвэрлэдэг байсан тухай тэрбээр ярьсан байдаг. Багадаа бусдын адил гудамжинд тоглон, гэр бүлийн таагүй уур амьсгалаас болж багагүй бэрхшээлийг туулсан нь түүнд хатуу хөтүүг мэдрүүлсэн гэдэг. Хойд эцгийн гарт нухлагдан эр хүн болж, хэдэн жилийн дараа реппер болсон гээд түүний амьдралын замнал эцэс төгсгөлгүй ээдрээ гэж хэлж болохоор юм. Урлаг, гэмт хэрэг, хар тамхи гэх мэт олон салаа замын уулзвар дээрээс дээрээс “Урлаг” хэмээх ариун замналыг сонгон тууштай явсан нь өнөөдрийн өндөрлөгт хүрэх алхам нь байв. Тэрбээр анх хип хопын майами басс хэмээх төрсөн хотынхоо нэгэн төрлөөр дуулж уран бүтээлийн гараагаа эхэлжээ. Дараа нь 16 настай хөгжимчин Люктэй танилцсанаар реппер болох гараагаа эхэлсэн юм.
Цаашлаад 2002 онд Ли Жонтой уулзан “Kings of Crank” цомогт нь хамтран уран бүтээлээ хийсэн нь хамгийн зөв шийдэл байж. Тэрээр нэр хүндийн анхны алхамаа ийнхүү хийснээ мэдээгүй гэдэг. Дээрх цомогт нь багтсан “Oye” дуу нь “2 fast, 2 furious” киноны дуу болсноор Майамигийн жаахан хүү нэрд гарч эхлэв.
Питбулл 2007 онд гаргасан “I know you want me” дуугаараа дэлхийн хэмжээний од болсон юм. Уг дуу нь гарсан даруйдаа Англи, Франц, АНУ, Итали, Голландын хит парадуудыг тэргүүлж эхэлсэн гэдэг. Түүнээс өмнө тэрбээр Америкийн урлагт хайртай өнгөт арьстаны нэг байжээ.
“М.I.А.М.I” (2004), “Money is still a major issue” (2005), “EI Mariel” (2006), “The Boatlift” (2007), “Rebelution” (2009), “Armando” (2010), “Planet Pitt” (2011), “Global Warming” (2012) гэсэн цомгуудыг хэвлүүлээд байгаа гэнэ. “Би анхны цомогтоо анхны хайрт шигээ хайртай” хэмээн хэлж байсан билээ. Төрөлх хотынхоо нэрээр нэрлэсэн цомог нь Майами хотдоо тэсрэлт болсон удаатай. Мөн тэрбээр Женнифер Лопез, Боб Синклар, Жей Шон, Марк Энтони, Энрике Иглиасес, Экон, Ашер нарын дэлхийн хэмжээний одуудтай хамтран уран бүтээл хийж тэдний хүндлэлийг хүлээсэн юм. Түүний “On the floor”, “Dance again”-аас эхлээд нэлээдгүй дууг нь дэлхий даяараа аялдаг юм.
Питбулл “Planet Piff” цомгоороо өнгөрөгч онд зургаан сая ам.долларын ашиг олсон байна. Ингэснээр “GQ” сэтгүүлээс “Өдгөө амьдарч байгаа хамгийн нөлөө бүхий 25 хүн”-ий жагсаалтад түүний нэрийг оруулжээ. Майамид ирсэн жуулчид хэрхэн хаагуур явах, хаана очиж зургаа авахуулах вэ гэж огтхон сандардаггүй гэсэн. Учир нь Питбуллын дууг сонсоход л хаана юу байгаа нь тодорхой болдог гэнэ. Хотын иргэд түүнийг “Далд газарчин” гэдэг аж.
Э.Энх
URL:




