“Барс” худалдааны төвд баталгаат хугацаагүй жимс заржээ
Манай улс БНХАУ-аас хүнсний бараа бүтээгдэхүүнийхээ дийлэнх хувийг импортолдог. Урд хөршөөс орж ирсэн бараа, бүтээгдэхүүн томоохон зах, хүнсний дэлгүүр, жижиг мухлагаар дамжин ард иргэдийн гарт хүрдэг. Гэтэл эдгээр бүтээгдэхүүний зарим нь эрүүл ахуйн наад захын шаардлага хангахгүй байна.
Энэ байдлыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар/МХЕГ/-аас өнгөрсөн дөрөвдүгээр сард “Барс импекс” ХХК-ийн худалдааны төвд хийсэн шалгалтын дүн харууллаа.
Тус худалдааны төвийн жимс, хүнсний ногооны зургаан нүхэн зоорь, 29 агуулах, 66 лангууг 144 иргэн ажиллуулж, долоон аж ахуйн нэгж түрээсэлдэг байна. Тэд БНХАУ, ӨМӨЗО-ны “Хао-Гань”, “Өргөө” ХХКиар дамжуулан 15-20 нэр төрлийн бүтээгдэхүүн импортолдог аж.
“Барс импекс” ХХК Замын-Үүд боомтоос вагоноор тээвэрлэж ирсэн бүтээгдэхүүнээс дээж авч дотоодын хяналтын лабораторийн шинжилгээнд хамруулдаг боловч шинжилгээний дүн гурав хоногийн дараа гардаг байна.
Гэтэл хариу гарахаас өмнө лангуу түрээслэгчид болон аж ахуйн нэгжүүд бүтээгдэхүүнээ шууд худалдан борлуулдаг гэнэ. Үүнээс гадна тээвэрлэлт, хадгалалт, ажилчдын нийгмийн асуудалтай холбоотой олон зөрчил илэрчээ. Тухайлбал, төмс, хүнсний ногоог хаяг шошгогүй зориулалтын бус саванд савласны зэрэгцээ баталгаат хугацаа тодорхойгүй байж.
МХЕГ-аас БНХАУ-аас импортолсон болон дотоодын хүнсний ногоо, жимс жимсгэний 34 нэр төрлийн бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд дүгнэлт өгөх зорилгоор холбогдох стандартын дагуу дээж авчээ.
226 дээжийг нэгдсэн төв лабораторийн ургамал, хорио цээр, хими, хор судлал, хүнд металл, нян судлал, хөгц мөөгөнцөр, цацрагийн шинжилгээнд хамруулснаас 31 дээж буюу 13.7 хувь нь шаардлага хангаагүй аж.
Шалгалтад хамрагдсан агуулах, зоориудад мэргэжлийн байгууллагаас олгогдсон дүгнэлтгүй, агуулахуудын хана, таазны хэсэгт ус алдсаны улмаас хөгц мөөгөнцөр үүссэн, зоорины ариутгал халдваргүйжүүлэлтийг улирал тутам стандартын дагуу хийлгэсэн гэх боловч түрээслэгчдэд ариутгал хийснийг батлах акт байгаагүй.
Мөн “Барс маркет” худалдааны төвийн худалдаа эрхлэгчдийн 10.4 хувь нь жилд хоёр удаа эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдаж хэвшээгүй, 80 гаруй хувь нь бие засах газарт орсны дараа болон гараа бохирдсон үед угаадаггүй, 42.1 хувь нь ажлын хувцсаа угаадаггүй гэнэ.
Шалгалтын дүнд үндэслэн цаашид хүнсний аюулгүй байдал, чанарын шаардлагыг хангаж ажиллахын тулд төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ импортлох аж ахуйн нэгжүүдийн босгыг өндөрсгөх шаардлагатайг мэргэжлийн байгууллага анхааруулж байна.
URL:




