М.Алтанхуяг цэцийн гишүүн болж дөрвөн үсгийг Н.Энхбаярт авч өгөх үүрэг хүлээсэн үү?
УИХ-ын намрын чуулган завсарлахаас өмнө Үндсэн хуулийн цэцийн гишүүдийг томилох байсан ч М.Алтанхуягийн томилгооноос болж энэ асуудал гацаанд орсон гэдэг. АН-ын бүлгээс гацаагаад байгаа энэ томилгоог учир мэдэх хүмүүс хамгийн их улстөржиж байгаа хэргүүдийн жагсаалтад зүй ёсоор орох асуудал хэмээн өгүүлж байна. Тэдний хэлж байгаагаар УЕП-ын газрыг удирдаж байсан М.Алтанхуяг гэнэт өнгөрсөн оны гуравдугаар сард эрүүл мэндийн гэх шалтгаанаар албан ажлаа хүлээлгэн өгсөн нь хөшигний ар дахь намуудын тохиролцооноос үүдэлтэй гэнэ. Уг тохиролцоогоор тухайн үеийн МАХН буюу одоогийн МАН-ынхан Ерөнхий прокурорын албан тушаалыг АН-д өгч, түүний оронд Үндсэн хуулийн цэцэд өөрийн төлөөллөө нэмэгдүүлэхээр болсон байна.
МАН-ынхан хуулийн дагуу болон хууль бусаар шийдвэрлэгдсэн олон асуудлыг нь УИХ-ыг хянах эрх мэдэл бүхий цорын ганц субъект болох Үндсэн хуулийн цэцийг гартаа авах гэснийх биз. Ингээд намын журмын нөхдийнхөө итгэлийг дааж, эрх ашгийг хамгаалах хүнээрээ олон жил хууль хяналтын байгууллага удирдаж, намын хууль хяналттай холбоотой олон асуудалд амжилттай хаалт болж байсан М.Алтанхуягт энэ суудлыг өгөхөөр болж, талууд тохиролцоонд ч хүрч чаджээ. Ингээд тохиролцоо ёсоор М. Алтанхуягийн хүсэн хүлээжбайсан мөч ирэхэд, улс төрийн амьдрал гэнэт хэний ч санаанд оромгүй, тооцоолж байгаагүйгээр эргэж М.Алтанхуягийн нэрийн хуудас болсон Н.Энхбаяр “эсэргүү” болон гарч ирсэн байна.
Ингэнгүүт МАлтанхуягт МАН-ынхны итгэх итгэл сулрах нь тэр. Гэвч одоо ч УИХ-д Н.Энхбаярын нөлөөлөл, төлөөлөл, шүтэн бишрэгчид, өр ширтэнгүүд бий. Тэд улс төр дэх Н.Энхбаярын унасан орон зайг нөхөхийн төлөө М.Алтанхуягийг хүчээр Үндсэн хуулийн цэцэд сойж дөнгөв. Шинээр үүссэн нөхцөл байдлаас үүдэн АН, МАН-ынхан ахин харилцан тохиролцох ширээнд суух болов. Тодруулбал, намрын чуулганы хугацаанд тэд энэ талаар дор бүрнээ шивэр, авир хийсэн. АН-ынхны хувьд М.Алтанхуягийг энэ суудалд суулгаснаар Н.Энхбаярын хүчииг зузаатгачихна гэсэн санаархлаа МАН-ынханд хэлж. Харин МАН-ынхан хэдийгээр Н.Энхбаярын хүн гэдэг нь тодорхой, түүний хүчийг зузаатгаж МАНАН-д түгшүүр болох хүний хүчийг нэмэгдүүлэх болоод байгааг мэдэж буй.
Гэвч “М.Алтанхуяг манай намтай холбоотой олон асуудалд хаалт болж байгаа. Түүнийг амалсан ёооороо энэ суудалд суулгахгүй бол Н.Энхбаяр, М.Алтанхуягийн амаар олон зүйлийг яриулна. Сонгууль дөхөж байна шүү дээ, найзуудаа. Бид ямартаа ч амлалтдаа хүрч, танайд Ерөнхий прокурорын суудлыг өгсөн юм чинь энэ суудлаа өгчих л дөө” хэмээн “МАН-ынхан гуйж байгаа аж. Харин намрын чуулганы хугацаанд АН-ынхан гэдийсээр л байв. Хөшигний ард дуу муутайхан ийм яриа өрнүүлж суугаа хоёр намынханд энэ суудалд МАлтанхуягийг суулгах сонирхол үгүй гэнэ. Тэд ямар ч үнээр хайаагүй Н.Энхбаярыг дарахыг хүсэмжилж байгаа хэрнээ түүний хүчийг зузаатгах алхам хийхийг хүсэхгүй нь хэнд ч ойлгомжтой.
Ийм хүнийг золигт гаргаж, амлалтаасаа буцвал, олон гоё сенсацууд гарган ирж, сонгуулийн өмнөх хүчтэй шоунуудыг цувралаар найруулан тавихад бэлэн болно. Тиймээс түүний хүсэлтийг ёсоор болгож, Үндсэн хуулийн цэцийн есөн гишүүний нэг нь л Н.Энхбаярын нэрийн өмнөөс орилно биз хэмээн МАН-ынхан үзэж байна. Гэхдээ МАН-ынхан Н.Энхбаяр
М.Алтанхуягийг чимээгүйхэн өөрийн гар, хөлөөрөө дээрх суудал руу зүтгүүлээд байгаа нь өнөөх бөөн дуулиан шуугиан тариад байгаа МАХН гэх нэрээ авах сонирхлоос үүдэлтэй холбоотой гэдгийг бас гадарлаж л байгаа.
Хэрвээ Дээд шүүхээс МАХН гэдэг нэрийг Н.Энхбаярт өгөхгүй гэвэл тэр Үндсэн хуулийн цэцэд хандана. Харин тэр суудалд нь МАлтанхуяг заларч, түүнд дөрвөн үсгийг нь өгөх талаар бүхий л хүчээрээ зүтгэнэ. Үүнээс гадна цаашид өрнөх олон асуудалд М.Алтанхуяг Үндсэн хуулийн цэцэд сууснаар Н.Энхбаярын хүчийг зузаатгах боломжтой болно гэдгийг хашир улстөрч мэдэрч байгаа нь ойлгомжтой. Бие биедээ барьцаалагдан байгаа энэ асуудалд хэн илүү ухаан зарж, өөрт ашигтай бас гэм хоргүйгээр шийдвэрлэж чадах вэ гэсэн асуултад ирэх хаврын чуулган хариулт өгнө.
С. Энхзаяа
URL:




