УУЧЛААРАЙ

Ихэнх хүн алдаа гаргахгүй байх тухай бодож, зөв амьдрах гэж хичээдэг ч хүүхдийнх шиг томоогүй зангаа гээж чаддаггүй. Хоёр настай хүүгээ эрхлүүлэхдээ өвөө нь хэн нэгнийг цохичих, ингээд хэлчих гэх мэтээр буруу зүйл зааж, ёсоор болговол баярлан инээж өгшүүлнэ. Харин хүү түүний хэлснийг тоть шиг давтах ч ээжийнхээ зэмлэсэн харцыг анзаарвал “уучлаарай” хэмээн мэхийн хэлэх аж. Амьдрал түүнд даган дуурайхын утгыг таниулсан шигээ гэмшил, бас уучлал хүсэх сэтгэлийг бэлэглэсэн бололтой. Бурууг нь мэдсээр байж болохгүй зүйл хийж зэмлүүлэх хүү, тэр бүрийдээ уучлал хүсэн мэхийх нь өхөөрдмөөр. Эмээ, өвөө нь ч гэсэн түүний чин сэтгэлийн уучлалыг хүлээн авч, хожим нь гаргах түм буман алдааг өршөөн суух нь агуу хайрын илэрхийлэл болой. “Би, чи, та” энэ удаа уучлалын тухай өгүүлж байна. Хэн нэгэн танаас чин сэтгэлээсээ уучлалт хүсвэл хариу болгон итгэл, сэтгэл илгээгээрэй. Ийм урмаар тэжээгдсэн хүн эргээд таныг гомдоохүйн тулд хичээх биз ээ. 

ХҮНДЭТГЭЛ, ХАЙР, ИТГЭЛГҮЙГЭЭР АМЬДРАЛ ҮРГЭЛЖЛЭХГҮЙ

Монголд гэрлэлтээ цуцлуулж байгаа иргэдийн тоо, шинээр гэрлэж байгаа хүний тоотой өдгөө бараг тэнцэж байгаа аж. Тиймээс алдаа гаргасан хүн бүрийг уучлахгүй, сал гэж ямар ч мэргэжилтэн зөвлөхгүй. Гэхдээ үргэлж тэвчээд, дуугүй яваад байвал сэтгэлийн шарх тань буглаж, хэзээ хэзээгүй хагарахад бэлэн болно. Гэр бүл гэдэг ариун нандин харилцаанд хөл тавихын тулд түүний үнэ цэнийг ойлгож, байнга хамгаалж, нандигнаж явах учиртай. Эцэг, эх нь таарамжгүй харилцаатай, ойлголцож чаддаггүй бол хүүхдийн хүмүүжилд ч сөргөөр нөлөөлнө. Тухайлбал гэр бүл, үр хүүхдээ хайхардаггүй эрчүүдийн бага насыг судлахад тэдний олонх нь эцэг, эхийн хайр халамжийг мэдрээгүй өссөн байжээ. Гэр бүлийн тогтворгүй байдлын ихэнх нь эрчүүдтэй холбоотой байдаг аж. Өөрөөр хэлбэл, эхнэрүүдээс илүү нөхрүүд “найдваргүй” гэнэ. Гэхдээ үүнд ар гэртээ халамжтай, үлгэр жишээ нөхрүүдийг оруулаагүй болно. Хүндэтгэл, хайр, итгэл үгүй бол гэр бүлийн хос багана удаан тогтохгүй.

 

ӨРШӨӨХ ҮҮ, ХАШРААХ УУ?

-Бид хоёр хүүхэдтэй, өөрийн гэсэн байр, унаатай боломжийн амьдарч байгаа гэр бүл. Гэтэл саяхан би нөхрийнхөө тухай их таагүй мэдээ хүлээн авлаа. Танихгүй бүсгүй миний утас руу залгаж нөхөртэй минь хоёр жилийн турш амрагийн харилцаатай байсан, эхнэртэйг нь мэдээгүй гэж хэлсэн. Цочирдмоор байсан ч би амьдралаа бодоод зөв шийдвэр гаргахын тулд ханьтайгаа ярилцаад уучилсан. Гэхдээ ухаарал нь удаан үргэлжилсэнгүй. Одоо нөхөр маань архи ууж, шөнө болтол наргидаг болсон. Заримдаа гэртээ ч ирж хонодоггүй. Найз бүсгүйчүүд минь хоёр хүүхдээ аваад гэрээсээ явж хашраахыг зөвлөдөг ч энэ зөв алхам мөн үү. Үнэхээр хаширч, эргээд намайг хайрлаж, гэр бүлдээ анхаарал тавина гэдэгт эргэлзээд байна. Өмнө нь ч гэсэн би тэдний зөвлөсний дагуу л нөхрийнхөө хийсэн алдааг байнга сануулж, нэг үгээр бол “дарамталдаг” байсан юм.

УУЧИЛСАН Ч ҮРГЭЛЖ ХАРДДАГ

-Гэрлэхээсээ өмнө би эхнэртэйгээ хоёр жил орчим үерхсэн. Тэр үед найз бүсгүй минь намайг гомдоож, хэсэг хугацаанд өөр эртэй уулзаж байсан. Энэ мэхлэлтийг мэдээд сэтгэлээр унаж, түүнээс салах тухай бодсон ч чадаагүй. Эр хүний хувьд ийм зүйлийг уучлах хэцүү байсан ч өршөөсөн. Одоо бид охинтой болоод тайван амьдарч байна. Харин би түүний оройтож ирэх, найзуудтайгаа уулзах төдийд л урьдын явдлыг бодоод уур хүрээд байх юм. Эсвэл анх би түүнийг уучлаагүй нь дээр байсан юм болов уу? ОРХИОД ЯВСАНДАА Л ХАРАМСАЖ БАЙНА -Би 40 настай. Таван жилийн өмнө хэсэг хугацаанд гадаадад амьдарч байгаад ирснээс хойш миний амьдрал утгагүй болчихлоо. Монголд ирснээс хойш нөхөртэйгээ хамт байх хүсэл их байсан ч тэр минь намайг өөртөө ойртуулахаас татгалзах болсон. Хамт унтахаа ч больсон. Бэлгийн сулралтай болчихоод эмзэглээд байгаа юм болов уу гэж бодоод эмчид үзүүлэхийг хүссэн ч татгалзсан. Энэ юу ч биш. Би түүнийг өөрөөсөө 10 гаруй насаар дүү залуустай их л дотно, эвгүй байдалтай байхыг нэг бус удаа харсан. “Хоёулаа одоо яах ёстой вэ” гээд ярилцах гэтэл “Чи надаас салсан ч болно. Надад хамаагүй гэсэн” . Би нөхрийнхөө алдааг уучилахад бэлэн байгаа ч тэр надаас энэ уучлалыг хүлээн авахыг хүсэхгүй юм. Өдий насны хүмүүс ийм зүйлээс болж гэр бүлээ үймүүлэх утгагүй биз дээ.

МЭХЭЛСНИЙГ НЬ МЭДСЭЭР БАЙЖ УУЧИЛЖ БАЙГАА ЧИН СЭТГЭЛИЙГ ХҮНДЭТГЭ

Алдаа хийсэн хүнийг уучилж байгаа нь түүнд дахин нэг боломж олгож буй хэрэг. Өөрийг нь хуурсан хүнийг уучлахад тэсвэр, тэвчээр, болж байгаа үйл явдал, болон ирээдүй хойчоо бодсон дүгнэлт, ухаарал гээд олон хүчин зүйл нөлөөлдөг. Бүсгүйчүүд хууртсаныхаа дараа ихэвчлэн нөхрөө уучлах эсвэл мэхлэлтийг нь мэдсэн ч мэдээгүй юм шиг өнгөрөөхийг хүсдэг. Гэхдээ нөхөртөө алдааг нь ухааруулж ярилцаагүй үед түүнийг орхиж яваад ч нэмэргүй. Нөхөр эсвэл эхнэр тань таныг яагаад хуурах болсон шалтгааныг олохыг хичээгээрэй. Учир нь эрчүүд төрөлхийн гоо сайханд дурлагчид. Тиймээс хэрэгцээтэй зүйлээ мэдрэхгүй байгаа бол тэд хоосон орон зайгаа нөхөхийн тулд өөр сонголт хийдэг. Хайр дурлалын үнэ цэнэ, үүрэг хариуцлагаа ухаараагүйгээс залуу хос бие биеэ хуурах нь бий. Нэг хэвийн харилцаа удаан өрнөж, хайраа тордоогүйгээс асуудал үүсэж болно. Гэсэн ч мэхлэснийг нь мэдсээр байж эхнэр эсвэл нөхрөө уучилж байгаа нь хамгийн чухал. Тиймээс уучилж байгаа сэтгэлийнх нь үнэ цэнийг хүндэтгэх хэрэгтэй.

ЭРЧҮҮД БА БҮСГҮЙЧҮҮД

 Бүсгүйчүүд “Эр хүн алддаг, түүнийг өршөөх хэрэгтэй” гэсэн бодлоор хайртыгаа уучилдаг бол эрчүүд мэхлэлтийг хүлээн зөвшөөрдөггүй. Тэгэхээр эх нэрээ мэхэлсэн эрчүүд өөрөө хууртагдсан бол яах вэ гэж бодож үзэх хэрэгтэй. Мэхлэгдвэл уучилж чадахгүй шигээ эхнэрээ тийм байдалд оруулчихаад өршөөл эрэх эрхгүй. Нэгэнт уучилсан л бол түүндээ итгэ. Хайраа зориулж, итгэл хүлээлгэж чадвал хань тань ч гэсэн алдахгүйг хичээх биз ээ.

Хэрэв та гэр бүлийн амьдралдаа тохиолдож буй асуудлынхаа талаар мэргэжлийн сэтгэлзүйчээс зөвлөгөө авахыг хүсвэл bichita@mongolnews.mn хаяг руу захидал бичээрэй.  

Ж.СОЛОНГО


URL:

Сэтгэгдэл бичих