БААБАР: ИМИЖ

Энэ үг сүүлийн үед их моод болж. Имиждээ анхаар­даг хөөрхөн охидын сонинд өгсөн ярилцлагаас авахуу­лаад сонгуульд орж байгаа улс төрийн луг зүтгэлтнүүд хүртэл үргэлжилнэ. Үг нь шинэ болохоос ухагдахуун нь эртний эд. Бусдад ямар сэт­гэгдэл төрүүлж буйг л хэлж буй хэрэг. Гадаад өнгөнөөсөө гэхээс дотоод чанарыг нь хүмүүс юу гэж үнэлж байгааг, өөрөөр хэлбэл бусдад ойлгог­дож байгаа үнэлэмж юм.

Хэн нэгний тухай бид өөрийн төсөөлөлтэй байдаг. Харамч, худалч, хулгай хийж магадгүй, хэлсэндээ хүрдэг, ухаалаг, шал мангуу гээд л. Тухайн хүний талаар олон хүн ингэж бодож байвал тэр нь имиж болно. Имиж үнэн ч байж болно, худлаа  ч байж болно. Гадаад төрхнөөс болж хүний зан чанарын тухай буруу имиж үүсэх нь их. Мөн урьдын хийсэн үйлдэл, хов жив, цуурхал, зарим санаанд­гүй алхам хүмүүсийн дунд буруу төсөөлөл ойлголт буй болгодог. Үүнээс гадна тухайн хүнд буй болсон имижийг бусдад нь нааж ойлгох явдал маш түгээмэл. Увсынхан тийм, эмэгтэйчүүд ийм, Гон­го­рынхон тийм, цагдаа нар ийм гэх мэт. Үнэндээ цагдаа нар ч, эмэгтэйчүүд ч хоо­рондоо нийтлэг гэхээсээ ялгарах юмаараа их. Нөгөө талаас нэгэнт буй болсон имиж барагтай бол арилдаг­гүй. Нэг л хулгай хийгээд баригдсан бол хүн болгон тэр имижээр нь харна. Муу нэрийг хусавч үл арилна, сайн нэ­рийг хүсэвч эс олно гэдэг имижийн тухай яриа.

Үндэстэнд өөрийн имиж байдаг. Оросууд эх оронч, америкчууд прагматик, гер­манчууд нягт нямбай, хята­дууд наймаачин, жүүд нар ухаантай, шотландууд ха­рамч гэх мэтээр олон хүн шууд ойлгодог. Үнэндээ ийм ч байж магадгүй, үгүй ч магад, юутай ч бүх шотланд хүн харамч биш, бүх жүүд ухаан­тай биш нь ойлгомжтой.  Гэх­дээ л бид ингэж ойлгодог, яагаад гэвэл тэр үндэстний нийтэд түгсэн төсөөлөл имиж. Имиж өөрчлөгддөг. Зуун жи­лийн өмнө япончуудыг залхуу назгай гэж үздэг байж. 50 жилийн өмнө тэдний бүтээг­дэхүүнийг хямд, чанаргүй гэж үнэлдэг байж. Одоо ямар билээ? Гэхдээ ингэж өөрч­лөгдөхөд хэцүү, цаг хугацаа, нөр хөдөлмөр орно.

Монголчууд ямар үнэлгээ имижтэй вэ? Үнэндээ ямар ч имижгүй өдий хүрсэн юм. Мэддэггүй л байхгүй юу даа. Монголын тухай 1990 онд “Мартагдсан орон” нэртэй ном Англид гарч  байлаа. DHL гээд дэлхийг нөмөрсөн нэгэн шуу­дангийн компани байх. Тэд 1987 онд дэлхийг бүрэн хуч­сан, Антарктидад ч хүрч чаддаг болсон хэмээн томоо­хон хүлээн авалт Лондонд зохиожээ. Харин дайллагад байсан нэгэнбээр DHL-ийн очоогүй газар байгааг дуул­гав. Куба, Хойд Солонгос хоёрт улс төрийн шалтгаанаар очиж чадахгүй байгаадаа хүлцэл өчнө. Үүнээс өөр нэлээд том газар нутагтай бас нэг орон онгорхой үлдсэн гэж ярихад эзэн ихэд эгдүүцэж үнэхээр тийм бол 10 мянган паундаар шууд мөрийцье гэжээ. Мон­голд тэдний компани очоогүй байгааг мэдсэн эзэн мөрийд мөнгөө алдсандаа биш, ийм том газар нутгийг онгорхой орхисондоо ихэд ичсэн гэдэг. Дэлхийд газар нутгаараа 17-д орох том орон үнэхээр мартагдсан газар байсан юм.

Соёл боловсролтой хэн ч Чингэс хааныг мэднэ л дээ. Дэлхийн бүх сургуульд түү­хийн хичээлээр заадаг. Ихэнх газарт тэрээр зэрлэг балмад, галдан шатаагч, эзлэн тү­рэмгийлэгч гэдэг имижтэй. Боссон юмыг нураагаад бай­даг хүнийг солонгосчууд Чин­гэс гэдэг бол, хүүхдээ айлгах гэхээрээ араб персүүд “Чин­гэс ирнэ шүү” гэнэ. Мангас, эрлэг гэсэн санаа. Оросуу­дын хувьд Чингэс бол ер бусын балмад эзлэн түрэм­гийлэгч. Ямар сайндаа Буха­рин Сталиныг “Телефонтой Чингэс” гэж хочилж байхав! Чингэсийн байлдан дагуул­лын тухай хамгийн ихээр түүхчлэн бичсэн хүмүүс нь араб персүүд, ялагдсан тэд л их хааны тухай ийм имиж анхлан тараажээ. Харин сүү­лийн үед энэхүү байлдан дагуулал нь дэлхийн түүхийг өөрчилсөн тухай, үүний хү­чээр өрнө дорнын соёл со­лилцоонд орсон тухай, Чингэс хааны менежмент аугаа бай­сан тухай яригдах боллоо. Гэхдээ л сайнаасаа муу имиж нь хэвээр хадгалагдсаар байгаа.

Монголчуудыг маш сайн мэдэх үндэстэн бол оросууд, хятадууд. Хятадууд монгол болон бусад нүүдэлчдийг бүдүүлэг, зэрлэг, дайчин, хүчирхэг, догшин гэж нэрлэ­дэг төдийгүй ойлгодог. Энэ имиж тэдний дунд нэн эрт бүрэлдсэн ба одоо ч амь бөхтэй хэвээр. Одоо ч тэд монголчуудаас бишүүрхдэг, “хүндэлдэг”, бүдүүлэг, соёл­гүй гэж басамжилдаг. Оро­сууд, ялангуяа тэдний яз­гууртнууд монголчуудтай ихээхэн цус холилдсон. Хо­жим Карамзин “монгол-та­таарын дарлал” гэсэн нэр гаргаж имиж бүрдүүлжээ. Харин коммунизмын үед Мон­голд нийтдээ нэг сая орчим оросууд ирж байсан учир монголчуудыг өөрсдийн ихээ­хэн басамжилж үздэг чукча үндэстний зэрэгт үзэх бол­жээ. Оросын шогчид дорд үзэх юмныхаа жагсаалтанд юун түрүүн Монголыг оруул­на. Үгүйдээ л олимпийн наад­мын үеэр тайлбарлагч Мон­голын тамирчид гараад ирүүт л доромжилж басамжилж гар­на даа. Яагаа ч үгүй шүү дээ, бусад орны нэгэн адил ма­найхан зүгээр л жагсаад явж байхад.

Сүүлийн хориод жилд мон­голчуудыг энд тэндгүй мэдэх болжээ. Монгол гэж мэдэхгүй япон, солонгос хүн лав үлдээгүй байх. Бөхчүүд, хар цагаанаар ажиллагсад юутай ч өөрсдийгөө таниул­сан. Өнгөрсөн жил бидний хориод хүн Америкт очиход гаалийнхан онцгой анхааран шалгаж байна билээ. Мах болон эм тариа их оруулдаг учир андахаа больсон гэнэ. Франц, Швейцарьт манайхан их хулгай хийдэг учир тийм имижтэй болж байх шиг, юу­тай ч цагдаа, дэлгүүрийнхэн сайн мэддэг болжээ. Со­лон­гост гайгүй нэртэй, ажилд сайн, ер нь элгэн садан гэдэг утгаар. Япончууд Хятадаар дамжуулан биднийг бие том­той  хүчирхэг, догшин ширүүн гэж ойлгодог байсан нь су­моч­доор дамжин баталгаажиж байх шиг. Монгол нээлттэй болохын хэрээр гадныхан их ирэх боллоо. Бидний цамаан, ам ажлын зөрүүтэй, баярхуу, цаг баримталдаггүй, мэдэх­гүй юмгүй мөртөө хийж чадах юмгүй, хулхи, хийж байгаа юмаа хэзээ ч дуусгадаггүй чигт нь хаячихдаг зэрэг муу талууд танигдаж л байгаа байх. Гэхдээ нээлттэй, комп­лексгүй, ямар ч шинэ нөх­цөлд амархан зохицдог, ту­сархуу зэрэг олон сайн талуу­дыг ч тэд ажиглаж байгаа. Нэг хэсэг манайд ирсэн сэтгүүл­чид траншейнд амьдардаг хүүхдүүдийн зургийг авч гаргасаар байгаад биднийг цөмөөрөө газар дор амьдар­даг юм шигээр төсөөлөх болж билээ. Одоо ч тэгж ойлгодог улс цөөнгүй л байх.

Дэлхий улам даяаршиж, биенээсээ хамаарах хамаа­рал өсөж байна. Бид хүн төрөлхтний нэг хэсэг. Бид тэднээс, тэд биднээс хамаа­ралтай цугтаа амьдрах болно. Дэлхийд танигдаж эхэлж буй бидэнд эхнээсээ сайн имиж хэрэгтэй. Фрэнсис Фүкүяама “Итгэл” гэсэн ном бичсэндээ дэлхийн үндэстнүүдийн ими­жийг судалжээ. Өнөөгийн дэлхий япон, герман хүнд хамгийн их итгэдэг юм байна. Хүнийх нь чадварт ч, бараа бүтээгдэхүүнийх нь найдварт ч. Латин, африк зэрэг үн­дэстнүүдийн итгэлийн ит­гэлцүүр тун бага. Энэ нь тухайн үндэстний ямар имиж бүрдүүлж чадсанаас болж буй хэрэг.  Бид ч ялгаагүй Боливт хийсэн тариур, Жибуттид үйлдвэрлэсэн эм, Папуа Гви­нэйн чихэр хэрэглэхээс тат­галзах вий. Тээр жил манай Засгийн газрын зөвлөхөөр Сүхдэв алав гэсэн сонин нэртэй балба хүн ирсэн нь сонин хэвлэлийн доог тохуу болж байсан. Магадгүй Сүх­дэв гуай сайн мэргэжилтэн байж болох, гэхдээ л улсынх нь имиж онцгүй байсан хэрэг. Ойрмогхон Солонгосын нэгэн компанийн урилгаар франц­чууд мэргэжилтэн илгээжээ. Ирсэн мэргэжилтэн монгол хүн байсанд тэд гайхсан төдийгүй дургүйлхсэн гэдэг. Мундаг хүн болоод л явуулсан байж таараа, гэхдээ ийм на­рийн мэргэшил имиж хоёр нь таарахгүй байгаа хэрэг.

Бид бусадтай адил, тэд­нээс дутахгүй байж энэ ими­жийг бүрдүүлэх нь гол юм. Харин ойрын нэлээд олон жил монгол хэмээх онцгой бүтэц бүхий Субъектийн тухай бид л өөрснөө их ярих боллоо. Хүн сонсвол ичиж үхмээр. Нэлээд дажгүй боловсролтой болов уу гэхээр олон хүн надаас Монголын онцгой ге­ний талаар асууж байсан. Солиотой улсуудын ийм яриа сонссоор байгаад сүүлдээ өөрснөө үнэмшдэг болчиж. Хэрэв бид бусад үндэстнээс өөр онцгой гентэй юм бол хомо сапенс буюу ухаант хүн хэмээх биологийн зүйлд үл хамаарах ямар нэг өөр амь­тан болж хувирах нь байна. Хүнд 30 мянга орчим ген бий, түүн дотор эскимос, камбожи, монгол хүний ген гэж юм байхгүй. Хүмүүс хоорондоо соёлын л ялгаатай. Хүн сар­магчин хоёрын гений бүтцийн 90 гаруй хувь нь яг адил байдаг. Гэтэл бид хомо сапен­саас өөр тэрхүү монгол ген гэгчээ ариун цэврээр нь хадгалах тухай их ярихыг нь яана! Монгол хүн тэнгэр заяа­тай л гэнэ. Бусад үндэстэн тэгээд ямар заяатай хэрэг вэ? Генетикчдийн үзэж бай­гаагаар 20 мянга гаруй жи­лийн өмнө хүний тодорхой популяцид хүүхдийн бөгсөн дээр цэнхэр толбо гарсан байна. Тэр үед монгол үндэс­тэн байтугай ерөөс хэл ч үүсээгүй байсан. Хүн анх Монголд биш Африкт үүсээд дэлхийгээр нэг тархсан гэд­гийг шинжлэх ухаан хэдийнэ баталсан. Оюуны илтгэцүүр хүний амьдрах бүтээх, ам­жилт гаргах гол үзүүлэлт биш, гэхдээ үүнийг сонирхлын журмаар тогтоодог, зарим үндэстний дунджийг гарга­сан судалгаа бий, харин су­далгаанд монголчуудыг хам­руулсан баримт алга. Бид бүх юмаараа бусдаас хоцрохгүй, гэхдээ онцгойрохгүй л байвал барав. Хүний зүйлээс өөр болж амьтнаараа дуудуулах л эвгүй шүү дээ.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих