«Тираннозавр батаар»-ыг худалдахыг завдсан Эрик Прокопиг шалгаж байна
Мон
голоос алдагдсан ‘‘Тираннозавр батаар” АНУ-д дуудлага худалдаанд орох гэж байсныг олж мэдээд, эх оронд нь буцаан авчрахаар ярьж байгаа билээ.
Энэ асуудалд өмгөөлөгчөөр ажиллаж байгаа Роберт Пэйтер Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд өчигдөр мэдээлэл хийлээ. Түүний хэлж буйгаар ‘Тираннозавр батаарын араг ясыг худалдсан байж магадгүй сэжигтэнг илрүүлэн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Уг хэрэгт сэжигтнээр татагдсан Эрик Прокопи гэгч этгээд нь АНУ-ын иргэн бөгөөд Тираннозавр батаарын араг ясыг Их Британиас АНУ руу “Гүрвэлийн яс” гэсэн шошготой оруулсан. Сэжигтэнд динозаврын ясыг худалдаж авсан болон гаалийн ямар нэгэн бичиг баримт огт байхгүй аж. Эрик Прокопи мэдүүлэг өгөхдөө, “Сүүлийн арав гаруй жил Японд ийм төрлийн бизнес хийж байсан. Харин энэ удаад ямар хүнээс худалдан авснаа санахгүй байна. Араг ясыг Англиас оруулж ирэхдээ 15 мянган ам .доллар зарцуулсан. Динозаврын араг ясыг зүгээр нэг үлэг гүрвэлийнх” гэжээ.
Тэгсэн атлаа дуудлага худалдаанд оруулахдаа Монгол Улсаас гаралтай хэмээн нэг сая ам.доллараар зарахыг завджээ. Энэ хууль бус үйлдэл нь түүний хувьд анхных биш өмнө нь дөрвөн ч удаа ийм хэрэг үйлдэж байсан аж. Өмгөөлөгчийн хэлж буйгаар энэ удаа Тираннозавр батаарын яс Монголынх гэдэг нь тогтоогдмогц Монгол Улсын Ерөнхийлөгч бичиг илгээсэн. Түүнийг хүлээн авангуутаа дуудлага худалдааг зогсоосон. Хэрвээ тэр үед дуудлага худалдааг зогсоогоогүй бол дуудлага худалдаа явуулж буй компанийнханд зургаан сарын хугацаанд шоронд хорих ял оноох байсан. Ямартаа ч батаарын яс маш найдвартай газар хадгалагдаж байгаа юм билээ. Танай Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж яаралтай арга хэмжээ авсны үндсэнд ‘Тираннозавр батаар” тун удахгүй буюу ганц хоёр сарын дотор эх орондоо ирэх боломж бүрдсэн. Учир нь тухайн үед Монголын болоод хойд Америкийн тэргүүлэх зэргийн палеонтлогичид динозаврын ясны судалгааг хийж ямар ч эргэлзээгүй Монголын говиос олдсон болохыг тогтоосон. Мөн шүүхэд шилжсэн бөгөөд АНУ- ын Засгийн газар динозаврын ясыг эх нутаг руу нь буцаах нь зүйтэй гэж үзэж байгаа” гэлээ.
Ц.Оюунгэрэл: Батаарыг байршуулах музей, парк хэрэгтэй
Тираннозавр Батаарын ясыг эх оронд нь ирүүлэх ажлын талаар УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэлээс зарим зүйлийг тодрууллаа.
-Анх АНУ-аас мэдээлэл өгсөн эмэгтэй та хоёр ямар шугамаар холбогдсон бэ. Эртний танилууд уу?
-Бид танилууд. Би Болорцэцэгээс үлэг гүрвэлийн тухай ном авч уншдаг байсан. Тавдугаар сарын 17-нд “Ардчилал” сонин дээр “Үлэг гүрвэлийн мөрөөдөл” гэж нийтлэл бичсэн юм. Болорцэцэг миний нийтлэлийг олж уншаад надад цахим шуудан илгээсэн.Таны нийтлэлийг уншлаа. Маш их таалагдлаа.” гэсэн байсан. Гэтэл маргааш нь АНУ-д үлэг гүрвэлийн дуудлага худалдаа болох гэж байгааг дуулгасан юм. Тэгээд л би Монгол Улсын Ерөнхийлөгчид мэдэгдсэнээр энэ асуудал эхэлсэн.
-Тираннозавр батаарыг Монголд авчрахаар боллоо. Одоо ямар ажил хийх ёстой вэ?
-Одоо үүнийг АНУ руу оруулсан Эрик Прокопи гэдэг хүнийг Монголын хил, гаалиар нэвтэрч байсан эсэхийг нэн түрүүнд тогтоох хэрэгтэй байна. Ингэхийн тулд хууль, хяналт, гаалийн байгууллагууд нягтлах шаардлагатай. Ингэсний дараа бүх зүйл тодорхой болох байх. Харин Тираннозавр батаар эргэж ирэх нь тодорхой болсон болохоор түүнийг байрлуулах музей, паркийн талаар бодох хэрэгтэй болох байх. “Батаар” ганцаараа биш өөр нэг үлэг гүрвэлийн ясыг Калифорни мужаас авчирч хоёулаа “ирэх” юм байна гэж ойлгосон.
М.Уянга
URL:





