Хотын соёлгүй иргэд хөрс бохирдуулдаг

Агаарын бохирдол хөрсөнд ч нөлөөлдөг Хүний амьдрах орчин эрүүл, аюулгүй, тохижилт үйлчилгээ нь хангагдаж байж сайхан амьдрах нөхцөл бүрдэнэ. Сүүлийн үед хөрсний бохирдлын асуудлыг хөндөхөөс аргагүйд хүрчээ. Энэ зуны усархаг борооны улмаас үер бууж, гуу жалга шавар шавхай, хогоор дүүрч орчноо бохирдуулсан. Цаашид ч бороо үргэлжлэн орох төлөвтэй гэсэн мэдээг цаг уурчид өгсөөр байгаа. Тэгвэл хөрс бохирдолт болон үүний эсрэг мэргэжлийн байгууллагууд ямар арга хэмжээ авч буй талаар Нийслэлийн захирагчийн ажлын албаны хөрс, усны бохирдол хариуцсан мэргэжилтэн Ш.Чанцалнурмаатай ярилцлаа. Түүнтэй ярилцаж байхад агаар, хөрсийг хүн өөрийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан бохирдуулж, түүнийхээ төлөө өөрсдөө эрүүл мэндээрээ хохирч, эдийн засгийн хувьд ч үргүй зардал гаргасаар байх юм даа гэсэн бодол төрж байлаа.

-Хөрсний бохирдол агаа­рын бохирдлоос ду­тахааргүй анхаарал татах бол­лоо. Чухам бохирдож байгаа үндсэн шалтгаан нь юу юм бол?

-Иргэд, оршин суугчдын амьдралын хэв маягаас л шалтгаалдаг. Өөрөөр хэлбэл хөрсний бохирдолтод тухайн орчинд ажиллаж, амьдарч буй хүмүүс нөлөөлдөг. Сүү­лийн жилүүдэд нийслэл хотыг зорих иргэдийн тоо ихсэж, төвлөрөл хэт нэ­мэгдсэн. Харамсалтай нь, иргэдэд энгийн, хотын соёл байхгүй болсон нь ажиг­лагддаг. Тухайлбал, хогоо замбараагүй хаяж, муу усаа гудамжинд гаргаж цацах, автомашинаа ил задгай угаах гээд муу зуршил их байна.

Мөн автомашины тос, тосолгооны материалыг зам­бараагүй хэрэглэж бай­­гаа нь хөрс бохирдох шалт­гаан болдог. Үүнтэй хол­боо­тойгоор авто зам дагуух газрын хөрс илүү бохирдож байна.

Ер нь хөрс агаар хоёр хоорондоо холбоотой гэдгийг ойлгох хэрэгтэй. Агаарын бохирдол хэр их байна, тэр хэмжээгээр өнгөн хөрсөнд шууд нөлөөлнө. Тиймээс хотын хөрсний бохирдол дээрх шалтгаануудаас болж бохирдож байна гэж үздэг.

-Шалтгааныг нь тодорхойлчихож. Тэгвэл ямар арга хэмжээ авдаг юм бэ?

-Бид Шинжлэх ухааны академийн харьяа Физик технологийн хүрээлэнтэй гурван жилийн гэрээ бай­гуулан хамтран ажиллаж байгаа.

Тодорхой цэгүүдийг сонгон, өнгөн хөрснөөс дээж авч, хүнд металлын нэгдлүүдийг илрүүлэх судалгаа, шинжилгээг явуулдаг. Анхны судалгааг ОХУ-ын төв лабораторт өгч шинжлүүлсэн.

Улаанбаатар хотын хөрс ерөнхийдөө бохирдсон ч онц аюултай нөхцөлд хүрээгүй гэдэг дүгнэлт ирүүлсэн. Энэ нь Монгол орны хөрсний онцлогтой холбоотой л доо.

-Хөрсний онцлог нь ямар гэж?

-Бусад орны хөрстэй харьцуулахад элсний хольц­той, сийрэг хөрстэй. Тэ­гэхээр бохирдлоо хад­галаад байдаггүй, нөхөн сэргэх чадвар сайн байдаг гэсэн үг.

-Хөрс бохирдуулахгүй байхын тулд ямар арга хэмжээ авч байгаа вэ?

-Улаанбаатар хотын ерөнхий менежер Ч.Батын баталсан удирдамжийн дагуу ирэх сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд автомашинаа голын зах болон ил задгай угааж буй иргэдэд хяналт тавьж, журамлах шийдвэр гарсан. Үүний дагуу Нийслэлийн мэргэжлийн хяналт, дүүргүүдийн мэргэжлийн хяналтын хэлтсүүдтэй хамтран ажиллах юм. Мөн иргэдэд орчноо цэвэр байлгах, хөрсний бохирдлоос үүсэх хор хөнөөлийн талаар сур­талчилгаа, мэдээлэл хийнэ.

Хөрс гэдэг маань маш чухал сэдэв. Зөвхөн бохирдсон газрыг цэвэрлэх асуудал биш юм. Мэргэж­лийн байгууллагын судалгаа, шинжилгээ шаардлагатай. Төр засгаас ч арга хэмжээ авч, анхаарах хэрэгтэй байна.

Мөн иргэдийн оролцоо хам­гийн чухал. Оршин суугаа газартаа цэвэрхэн байж, хөрсөө бохирдуулахгүй бай­хыг хичээвэл эрүүл ахуйн төдийгүй эдийн засгийн ач холбогдолтой.

Мэдээж хотын хүн амын өдөр тутмын хөдөлгөөн их байгаа. Энэ ч утгаараа бохирдлыг үргэлж бий болгодог. “Орчноо цэвэр байл­га” гэхээр зөвхөн өөрийн­хөө хашааг цэвэрлээд, гу­­дамж, талбайд хог, муу усаа асгаж, машинаа ил задгай угаа гэсэн үг биш гэдгийг ухамсарлах хэ­рэгтэй


URL:

Сэтгэгдэл бичих