2 сая 700 мянган төгрөг идсэнээ С.Тунгалаг дарга хүлээжээ
Өвчтөний хуурамч түүх зохиож эрүүл мэндийн даатгалаас мөнгө идсэн гэх Тунгалаг даргын хэргийг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс гарсан ажлын хэсгийнхэн шалгажээ. Шалгалтаар Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн нэгтгэлийн дарга мөнгө идэж байсан нь тогтоогдсон байна. Тунгалаг хатагтай ч өөрөө 2 сая 700 мянган төгрөг идсэнээ хүлээжээ. Өдрөөр эмчлүүлсэн 16 хүнийг хэвтэн эмчлүүлсэн болгож өөрчлөөд энэ мөнгийг авсан байна. Ажлын хэсгийнхэний үзэж байгаагаар өөрийнх нь хэлсэн 2 сая 700 мянган төгрөгнөөс их мөнгө идсэн гэж мэдэгдэж байгаа ч яг хэдийг завшсан талаар тодорхойлох боломжгүй байгаа юм байна.
Ажлын хэсгийнхэн Чингэлтэй дүүргийн ЭМН-ийн 2009, 2010 оны материал бүрдүүлэлтэнд үзлэг хийсэн байна. Эдгээр онуудад нийтдээ 94752 хүн хэвтэн эмчлүүлсэн гэсэн бичиг цаас байжээ. Нягтлаад үзтэл 20194 хүний материал зөрчилтэй байсан нь тогтоогдож буцаагджээ. Хэрвээ энэ материал ЭМД-руу явсан бол 309 сая 291 мянган төгрөг энэ эмнэлэгийн дансанд зүгээр л ороод ирэх байсан гэдгийг шалгалтын ажлын хэсгийн дарга Х.Ганбаатар хэлж байна.
URL:













