107 тамирчин олимпод оролцох эрхээ хасуулжээ

Олимпод оролцох эрх авсан тамирчдад хийсэн шинжилгээгээр сэргээш хэрэглэсэн нь тогтоогдсон 100 гаруй тамирчны “Лондон 2012” олимпийн наадамд оролцох эрхийг түдгэлзүүлсэн талаар “Ассошэтэд пресс” агентлаг мэдээлжээ.
Допингийн эсрэг олон улсын агентлагийн ерөнхийлөгч Жонн Фей тамирчдыг Лондонд очихоос өмнө авсан шинжилгээний хариуг өнгөрсөн мягмар гаригт танилцуулсан байна. Зургадугаар сарын дунд хүртэл зургаан сарын турш явуулсан шинжилгээгээр 107 тамирчин сэргээш хэрэглэсэн нь тогтоогдож, олимпийн наадмаас хасагдахаар болжээ.

Жонн Фей сэргээшийн үр дүнг Олон улсын Олимпын хорооны жил бүрийн уулзалт дээр танилцуулахдаа “Сэргээш хэрэглэсэн тэдгээр тамирчид Лондоны олимпод бидэнтэй хамт явахгүй” гэжээ. Сэргээшийн урьдчилсан шинжилгээг Допингийн эсрэг олон улсын агентлаг, “Лондон 2012” олимпийн наадмын зохион байгуулагчид болон улс орнуудын спортын холбоодтой хамтран явуулсан юм байна.
Жонн Фей өнөөдөрр эхлэх зуны олимпийн 30 дахь удаагийн наадам сэргээш хэрэглэсэн хэнд ч хаалттай гэж мэдэгдсэн байна. Олон улсын Олимпийн хороо наадмын үеэр сэргээшийн 5000 гаруй шинжилгээ явуулахаар төлөвлөж байгаа аж.
Өнгөрсөн мягмар гаригийн байдлаар эхний 300 гаруй шинжилгээний хариу бүгд сөрөг гарсан бөгөөд шинэ төрлийн сэргээш гарч болзошгүй гэдэг үүднээс шинжилгээний дээжийг найман жилийн турш хадгалдаг юм аж.

М.ӨЛЗИЙ

www.UNEN.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих