АНУ, Орос хоёр Энэтхэгийн төсвийн төлөө “үзэлцэх” үү

Энэтхэгийн сангийн яам 2012-2013 онд цэргийн төсөвтөө 1.93 их наяд /40 тэрбум ам.доллар/ зарцуулах тухай хэлэлцэж байна. Энэ нь өмнөх /2011- 2012/ оныхоос даруй 17 хувиар өссөн тоо юм. Тиймээс энэ олон тэрбумын төлөө зэвсэг экспортлогч орнууд өрсөлдөх нь дамжиггүй болж байгаа аж.
Ялангуяа Орос улс. Энэтхэг улс батлан хамгаалахын зэвсэгт хүчнээ шинэ зэвсгээр хангахад 17 тэрбум ам.доллар зарцуулахар төлөвлөжээ. Эдгээрийн 70 хувь нь өмнө байгуулсан гэрээний дагуу явагдах аж. 2007-2011 онд Энэтхэг улс зэвсэг худалдан авахад 12.65 тэрбум ам.доллар зарцуулсан бөгөөд тэдгээрийн 10.6 тэрбум нь Оросын нийлүүлэгчдийн халаасанд оржээ.
Саяхан Стокгольмийн олон улсын хүрээлэнгээс гаргасан судалгаагаар, Энэтхэг улс 2007-2011 онд дэлхийн зэвсэг импортлогч орнуудын жагсаалтад дээгүүрт орсон байна. Тодруулбал, дэлхийн зэвсгийн худалдааны 10 хувийг эзэмшсэн байх юм. Харин Орос Энэтхэг улсад зэвсэг болон цэргийн техник нийлүүлэлтээрээ томоохон хамтрагч хэвээр байна. Оросын зэвсгийн экспортод тэргүүлэгч орнуудын нэгд багтдаг Энэтхэг улс нийт зэвсгийн 30- аас доошгүй хувийг өөрийн болгодог.
Энэтхэгийн батлан хамгаалах яамнаас Оросын талд захиалсан зэвсгийн хэмжээ одоогоор 10.8 тэрбум ам.долларын төсөвт багтаж байгаа аж. Гагцхүү дан орос зэвсэг эрэлхийлэх Энэтхэгийн сонирхлыг Оросын бусад өрсөлдөгч анхааралтай судалж буй. АНУ зэвсгийн худалдаагаараа дэлхийд толгой цохидог.
Дэлхийн зах зээлд америк зэвсгийн экспорт 30 хувийг эзэлдэг бол Орос 24, Герман ес, Франц найм, Их Британи дөрвөн хувийг эзэлдэг. Гэхдээ өмнөх жилүүдийн судалгааг харахад Оросын зэвсгийн экспорт сүүлийн жилүүдэд буурсан байх юм.
Тухайлбал, 2000-2004 онд Орос зэвсэг нийлүүлэлтээрээ дэлхийн зах зээлд 31 хувийг эзэлж байсан төдийгүй америкаас нэг хувиар илүү байжээ. Зэвсгийн зах зээл дэлхий дахинаа эрт бий болсон. Тэгэхээр үргэлж зэвсгээ сэлбэж байдаг Энэтхэгийн төсвийг Оросоос гадна АНУ ихэд сонирхох нь гарцаагүй болж байгаа юм.
Энэтхэгийн зах зээлийн төлөөх тэмцэл хэдийнэ эхэлсэн гэдгийг судлаачид онцолж байгаа. АНУ-ын төрийн департамент зэвсэг импортлогч томоохон улсуудад, тэр тусмаа Энэтхэгт Оросын байр суурийг сулруулахыг хичээж байгаа нь нууц биш. Энэхүү өрсөлдөөн нь геополитикийн шинж чанартай.
АНУ Энэтхэгийн зэвсгийн зах зээлийг байлдан дагуулж чадвал саяхан хувьсгалт үйл явдлууд өрнөсөн Арабын орнуудыг ч өөртөө татах боломжтой. Эдгээр оронд Засгийн газар бүхэлдээ шинэчлэгдэж байгаа тул шинэ удирдагчид хаанахын зэвсэг сонгох нь тодорхойгүй. Орос уу эсвэл Америк уу гэсэн хоёр том сонголт бий. Орос улс олон жилийн турш Ливийг зэвсэглэж буй.
Гэтэл 2011 онд тус улсад цэргийн эргэлт болоход Орос цэрэг-техникийн хамтын ажиллагааны шугамаар алдагдалд орж, хохирлын нийт хэмжээ дөрвөн тэрбум ам.долларт хүрсэн. Энэ явдлаас жилийн өмнө Орос Ирантай хийсэн зэвсгийн наймааны ашигтай гэрээгээ НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн батламжаас болж цуцалж байсан юм.
Тэгэхээр Оросын хувьд Энэтхэгийн зах зээл найдвартай бас алдаж боломгүй үнэ цэнэтэй. Өнгөрсөн онд Америкийн батлан хамгаалахын үйлдвэрүүд зэвсэг болон цэргийн техникийн экспортын гэрээгээ 34.8 тэрбум ам.долларт хүргэжээ. Энэ нь Оростой харьцуулахад даруй 1.9 тэрбумаар илүү байгаа юм.
Харин 2012 онд Орос улс энэ төрлийн наймааг 13.5 тэрбум ам.долларт хүргэхээр төлөвлөсөн тухай Оросын цэргийн техникийн хамтын ажиллагааны албаны захирал Михиал Дмитриев саяхан сэтгүүлчдэд дуулгасан. Түүний онцолсноор, Орос улс одоогийн байдлаар 40 гаруй тэрбум ам.долларын зэвсгийн захиалга аваад байгаа аж.
Гэтэл АНУ-ын зэвсгийн захиалга дээд амжилт тогтоохоор буюу 60 тэрбум ам.долларт хүрчээ. Гэхдээ энэ төрлийн эдийн засгийн тулаан дуусгавар болох болоогүй гэж шинжээчид дүгнэж байгаа юм.

Ц.МӨНХЖАРГАЛ


URL:

Tags: ,

Сэтгэгдэл бичих