Тендерийн хүнд нөхцөлөөс болж гүүрэн гарцын ажил мартагдах шахжээ

Нийслэлчүүд заавал Энхтайваны гүүрийг зорилгүйгээр “Барс”, “Нарантуул” худалдааны төв орчмоор урагшаа төмөр зам даван, хотын урд хэсэг рүү зорчих боломжтой болно хэмээх сайхан мэдээ хэдэн жилийн өмнөөс сонсогдсон билээ. Дээрх хоёр худалдааны төв орчмоор шинэ гүүрэн гарц баригдсанаар хотын төв замын ачааллыг ч эрс бууруулах юм.
Японы хөрөнгө оруулалтаар баригдаж буй “Барс”-ын гүүр ирэх арваннэгдүгээр сард ашиглалтад орох гэж байна. Харин “Нарантуул” худалдааны төвийн баруун урд уулзвараас Нарны зам болон төмөр зам дээгүүр давуулан барих гүүрийн ажил эхлэлгүй хоёр жил болжээ.
Өнгөрсөн хугацаанд дөрвөн ч удаа тендер зарласан боловч “тоож” авах компани олдоогүй гэнэ. Ямар учраас шинэ гүүр барих ажлыг зам барилгын компани авахгүй байгаа талаар Нийслэлийн авто замын газрын дэд дарга Г. Баттогтохоос тодруулсан юм. Түүний хэлснээр бол хөрөнгө оруулалтын эргэн төлөгдөх нөхцөл хүнд учраас компаниуд тендерийг хүлээн авдаггүй аж. Шинэ гүүрэн гарц барих ажил нийт 20 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй юм байна.
“Дөрвөн урсгалтай, хоёр чиглэлдээ явган хүний өргөн замтай, нэлээд урт гүүр” гэж хариуцсан албаны хүн өгүүлсэн юм. Илүү мэдээлэл өгөх боломжгүй, Тендерийн хуульд зааснаар бол хориотой гэнэ. Хамгийн гол нь тухайн гүйцэтгэгч компани өөрөө 100 хувь хөрөнгөө гаргаж ашиглалтад өгнө.
Үүний дараа компани гаргасан зардлаа гурван жилийн туршид улсын төсвөөс буцааж авах ажээ. Гүүрэн гарц ашиглалтад орсны дараа 50 хувь, дараа жил 45 хувь, гурав дахь жил үлдсэн таван хувиа авах нөхцөлтэй ажээ.
Чухам энэ л нөхцөл компаниудын тендерт оролцох сонирхлыг төрүүлдэггүй байна. Ингэж явсаар тус гүүрэн гарц мартагдаж, гурав дах жилтэйгээ золгож буй юм.

Ч.БУЯНЖАРГАЛ

Эх сурвалж: unen.mn


URL:

Сэтгэгдэл бичих