Ж.Энхзул: Умайн хүзүүний үзлэгийг гурван насны үечлэлээр үзнэ
Умайн хүзүүний хорт хавдар буюу өмөнгийн үзлэг өнөөдрөөс эхлэн орон даяар явагдах болсонтой холбогдуулан Монголын мянганы сорилтын сангийн эрүүл мэндийн төслийн хавдрын асуудал хариуцсан мэргэжилтэн Ж.Энхзулаас зарим зүйлийг тодрууллаа.
-Умайн хүзүүний өмөнгийн үзлэгийг эхлүүлэхийн тулд ямар бэлтгэл хангасан байх шаардлагатай вэ?
-Эрүүл мэндийн байгууллагууд үзлэгт хамрагдах зорилтот бүлгийн хүн амтай холбоо барьж урилга өгөх, үзлэгийн өрөөгөө бэлтгэх, үзлэгт шаардагдах эмнэлгийн хэрэгсэл, эмч мэргэжилтнүүд
бэлэн байх. Мөн үзлэг хийсний дараа шинжилгээг аймгийн нэгдсэн эмнэлэгт дахин шинжлэх эс судлаач эмчийг төсвийн хүрээнд бэлтгэх, ажлын байрандаа бэлэн болсон байх зэрэг бэлтгэлийг хангах шаардлагатай байсан. Энэ бүх бэлтгэлийг өнгөрсөн гурван сарын хугацаанд хангаж үзлэг эхлэхэд бэлэн болгосон.
-Энэ үзлэг, шинжилгээ хэдий хугацаанд үргэлжлэх вэ?
-Үзлэг нь нэг тодорхой хугацаанд болоод өнгөрөхгүй юм. Өрх, сумын эмнэлэгт хийгддэг байнгын эмчилгээ үзлэгийн нэг хэлбэр болон тогтож цаашдаа үргэлжилсээр байх юм.
-Төслийг хэр хэмжээний өртгөөр хийсэн бэ?
-Төслийн санхүүжилтийг АНУ-ын засгийн газрийн буцалтгүй тусламжаар 39.1 сая долларыг олгосон. Энэ мөнгө их мэт боловч маш олон талын үйл ажиллагааны бэлтгэлд хэрэглэсэн. Бусад төслөөс ялгаатай нь гэвэл тодорхой нэг аймаг, сум эмнэлэг гэлтгүй бүх эмнэлэгт хүрч ажиллаж байгаа юм. Эмнэлгийн мэргэжилтний сургалт явуулах, иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох, үзлэгт шаардлагатай багаж хэрэгслээр хангах мөн амжиргааны түвшнөөс доогуур иргэдийн 10 хувьд үнэ төлбөргүй эм бэлдмэлээр хангах зэрэг олон үйл ажиллагаанд зарцуулсан.
-Энэ үзлэг бусад үзлэгээс яагаад илүү чухал байна вэ?
-Яагаад гэвэл энэ үзлэгийг зөвхөн хот болон аймгийн нэгдсэн эмнэлэгт хийдэг учраас иргэдэд эдийн засгийн хувьд маш хүндрэлтэй байдаг. Ганц шинжилгээ хийлгэхийн тулд хол замыг туулж, удаан хугацаагаар хүлээх шаардлагатай байдаг байсан бол энэ төслийн нөлөөгөөр өрхийн, сумын эмнэлэгтээ үзүүлж шинжилгээ хийлгэх боломжтой болж байгаа юм.
-Насны хувьд авч үзвэл үечилж үзлэгт хамруулж байна. Энэ ямар учир холбогдолтой вэ?
-Умайн хүзүүний өмөнгийн үзлэгт 30-60 насны эмэгтэйчүүдийг гурван насны давтамжтайгаар хамруулж байгаа юм. Энэ өвчин тухайн насанд элбэг тохиолддог. Үзлэгт 30, 33, 36 зэрэг гурван насны үечилэлээр 60 хүртэлх насны эмэгтэйчүүдийг хамруулж байгаа. Тэгэхээр тухайн үзлэгт хамрагдах эмэгтэй гурван жилд нэг удаа үнэ төлбөргүй өөрөө, өрхийнхөө эмнэлэгт шинжилгээ хийлгэх боломжтой болж байгаа юм, Яагаад үечилж хамруулах болсон бэ гэвэл 30-60 насны бүх эмэгтэйг нэг жилд багтаан үзэж шинжилгээ хийх ачаалал даах боломжгүй учир ингэж ээлжлэх маягаар зохион байгуулсан. Манай эмэгтэйчүүд үзлэгт орж чадалгүй өнгөрөхвий гэж санаа зовох хэрэггүй. Өрх, хорооны эмнэлэгт нэрээр нь бүртгэл хийсэн байгаа тул нас нь 30,33 хүрсэн тэр үед урилга очиж шинжилгээ хийлгэх боломжтой болно.
Л.Баярболд
URL:




