Олимпийн медалийн үнэ цэнэ
Олимпийн алтан медаль авна гэдэг ямар их үнэ цэнэтэйг жишээ болгон та бүхэнд тайлбарлая. 
Аль аль нь 90 гаруй сая хүн амтай Вьетнам, Филиппин, 30 сая хүн амтай Малайз, манай хажууханд байдаг Киргизстан, бага зэрэг урагшлаад Тажикстан, цайгаараа алдартай Цейлон арлын Шри-Ланка, манай ганц сумын нутаг дэвсгэртэй ч хоёр дахин их хүн амтай хөгжил ихт Сингапур, мөнгөөр бүгдийг авч чаддаг бол авчихаар баян чинээлэг улсууд болох Саудын Араб, Катар, Кувейт,
Цагтаа цалгиж 1001 шөнийн үлгэрийн орон байсан Ирак, хар тамхины тариалалтаар дэлхийн зах зээлийн 90 хувийг хангадаг Афганистан, шувуу зууж явсан үр нь хаана ч унасан ургах чадвартай гайхалтай хөрст Молдав, хамгийн эртний суурин хотуудын нэгийг барьж байсан Ливан, Агуу Александр жанжны овог нь мэт Македон, түүний дэргэдэх Серби,
Нутаг дэвсгэрийнх нь 10 хувь нь мөс учраас мөсөн газар хэмээн нэрийдсэн Исланд, 15-р зууны алдарт Испанийн далайчны нэрээр нэрлэгдсэн Бермуда, газар хөдлөлтөнд нэрвэгдсэн Хаити, Марк Антони, Женнифер Лопезын төрсөн нутаг Пуэрто-Рико, манайтай адил далайд гарцгүй Парагвай,
Зарим хүнд Дрогбагаар төсөөлөгддөг Зааны Ясан Эрэг буюу Кот Д’Ивуар, Фрэдди Меркуригийн төрсөн Танзани, улс дотор нь улс байдаг Сенегал, алмазын агуу том нөөцтэй Намиби, улаан тэнгисийн эрэг дээрх Жибути, Эритр…
Гээд цааш нь бичээд байвал дуусахааргүй энэ олон орнууд чинь өнөөдрийг хүртэл зуны олимпын ганц ч алтан медаль хүртэж чадаагүй юм шүү дээ найзуудаа.
Гэтэл хоёр сая гаруйхан хүн амтай манай улсын тамирчид өнгөрөгч Бээжингийн олимпоос хоёр алт, хоёр мөнгөн медаль, мөн паралимпаас нэг алтан медаль авсан. Харин энэ жилийн медалийн салхийг С.Ням-Очир хагалж Лондонгийн тэнгэрт төрийнхөө далбааг мандуулаад байна. Цаашид ч манай тамирчид медалийнхаа өнгийг хувиргана гэдэгт итгэлтэй байна. Одоогоор манай улс нэг хүнд ногдох медалийнхаа тоогоор тэргүүлж байгаа билээ.
Энэ бүгдээс үзэхэд олимпод оролцоно гэдэг өөрөө гайхалтай юм, олимпоос медаль авна гэдэг жинхэнэ гайхамшиг юмаа.
URL:













