Лондонгийн олимпийг “Цахим” гэж тодотгов
-Олимпийн наадмын дараа зохион байгуулагч орон томоохон асуудалд орох нь-
Лондонгийн олимпийн эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн тэмцээний хагас шигшээ тоглолтууд өнгөрсөн өдрүүдэд боллоо.
Хагас шигшээ тоглолтод Францын баг Японы багтай ширүүн өрсөлдөж 2:1-ийн харьцаатай ялагдсанаар ийнхүү олимпийн наадмыг орхиж байна. Харин Канадын эмэгтэйчүүд энэ удаад АНУ-ыг барсангүй. Уг тоглолтын үеэр нийт долоон гоол орсноос 4:3-ийн харьцаагаар АНУ аваргын төлөө гарч ирсэн юм. Алт, хүрэл медалийн төлөөх тоглолт энэ сарын 9-нд болно.
Багийн спортын төрөл сүүлийн өдрүүдэд сонирхолтой болж эхэлж байгаа талаар BBC агентлаг мэдээлсэн. Тэр дундаа сагсан бөмбөг. Их Британийн шигшээ баг 64 жилийн дараа анхны томоохон хожлоо авлаа. Олимпийн түүхэнд сүүлийн 64 жилд Их Британийн шигшээ баг нэг ч удаа сагсан бөмбөгийн төрөлд хожил авч байгаагүй байсан аж. Тэдний хувьд өчигдөр 90:58 харьцаатай БНХАУ-ын шигшээ багийг буулгаж авснаар ийнхүү түүхэн амжилт гаргажээ. Тэд хамгийн сүүлд 1948 оны Лондонгийн олимпийн тоглолтын үеэр Ирландын шигшээг хэсгийн тоглолтод хожиж байсан удаатай. Зохион байгуулагч, талбайн эзэн орны хувьд хэсгээсээ гарах боломжгүй болсон хэдий ч спортын ордонд цугларсан мянга мянган фанатуудын уухайн түрлэгт тоглолтыг дуусгажээ.
Хятадын шигшээг хожсон тоглолтын дараа багийн ахмад тоглогч Роберт Арчибалд, Нэйт Рейнкинг нар зодог тайлсан талаар албан ёсоор мэдэгдлээ. Хоёр багийн чансааны хувьд Их Британи 43, Хятад наймдугаарт эрэмбэлэгдэж байжээ. Тиймдээ ч дээрх хожил ямар чухал гэдгийг зохион байгуулагч орон онцлов. Сагсан бөмбөгийн тэмцээний хэсгийн сүүлчийн тоглолтууд дуусч хасагдах шат өнөөдрөөс эхэлнэ. Ийнхүү шигшээ наймд өрсөлдөх шилдэг найман багийн нэрс тодорхой боллоо. Хасагдах журмаар явах сүүлийн шигшээ тоглолтуудын оноолт ч бэлэн болжээ. Бразилийн шигшээ нутаг нэгт Аргентинтай, АНУ Авсрталитай, Францын шигшээ баг Испанитай таарсан бол ОХУ “Хүчирхэг” Литвийн шигшээтэй тус тус таарчээ.
Медалийн тухайд Лондонгийн олимпийн медалийн чансааг тэргүүлж буй БНХАУ тэргүүллээ нэг бус удаа алдаад эргэн авлаа. Одоогийн байдлаар БНХАУ 31 алт, 19 мөнгө, 14 хүрэл медальтай олимпийн наадмыг тэргүүлсэн хэвээр байна. Үүний араас АНУ 29 алт, 15 мөнгө, 19 хүрэл медальтай удаах байранд бичигдэж байна. Харин манай улсын хувьд нэг мөнгө, нэг хүрэл медальтай нийт 205 орноос 47 дугаар байрт бичигдэж байна.
Хөнгөн атлетикийн эрэгтэйчүүдийн 400 метрийн төрөлд Доминиканы тамирчин Феликс Санчез алтан медалийн эзнээр тодорлоо. Түүний хувьд ийнхүү алтан медаль хүртсэний дараа “Би үнэхээр дасгалжуулагчийн зааснаар бэлтгэл сургуулилт, бүх зүйлээ тааруулсан. Тэр бол энэ алтан медалийн эзэн” хэмээн багшдаа баяр хүргэжээ. Феликс Санчез олимпийн эрх авах тэмцээнд багагүй алдаа гаргаж байсан нь түүний Лондонгийн олимпт орох магадлалыг багасгаж байв. Сорил тэмцээний үеэр шүүгчтэй ёс бус харилцаж байсан талаар ч хэвлэлүүд онцолсоор байлаа. Гэвч сахилга бат, тамирчин хүний хийх ёстой зүйлийг хийснээр ийнхүү аваргын алтан медаль хүртлээ.
Лондонгийн олимпийн үеэр 58 оронд 428 медаль гардуулаад байна. Мөн 85 олимпийн рекорд эвдэгдээд байгаа бол 32 удаагийн дэлхийн рекорд эвдэгджээ. Олимп зохион байгуулагч орны хувьд “Энэ удаагийн олимп цахим олимп болж байна гэхэд хилсдэхгүй. Манай албан ёсны сайт руу 25 сая хэрэглэгч өдөр бүр, цаг тутамд орж байна” хэмээжээ. Мөн олимпийг тойрсон шүүмжлэлүүд тасрахгүй байгаад зохион байгуулагчид санаа зовж байна.
Чөлөөтийнхөн цаг бүр шинэчлэл хийсээр байна
Чөлөөт бөхийн тэмцээн тун сонирхолтой явагдах талаар олимпийн өмнө спортын хорхойтнууд, судлаачид цохон тэмдэглэсэн. Тэгвэл “FILA” буюу олон улсын чөлөөт бөхийн төрлүүдийн нэгдсэн холбооны ээлжит их хурал Лондонд болсон билээ. Тухайн үед “FILA”-гийн товчоо, 121 гишүүн орны үндэсний холбоодоос санал болгосон 2013-2014 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцэн баталсан. Мөн дараа жилийн тэмцээний хуваарийг хэлэлцэж, насанд хүрэгчдийн ДАШТ-ийг Унгарын Будапешт хотод явуулах шийдвэр гаргасан. Харин Азийн аварга шалгаруулах насанд хүрэгчдийн тэмцээнийг Энэтхэгийн Нью-Делид хийхээр болсон байна. Европын аварга шалгаруулах тэмцээнийг Гүржийн Тбилист, сонгомол болон чөлөөт бөхийн цомын төлөө эрэгтэй багуудын тэмцээнийг Ираны Тегеранд, эмэгтэй багуудын цомын төлөө тэмцээнийг Улаанбаатарт тус тус зохион байгуулахаар шийдвэрлэсэн юм.
Уг товчооны хурлаар гишүүдийг сонгох санал хураалт болсон юм. Санал хураалтын эцсийн дүнгээр АНУ-ын Стан Зедчик, БНСУ-ын Ким Ик Ёнг, Сербийн Ненад Лаловик, Казахстаны Даулет Турлуканов болон ОХУ-ын Чөлөөт бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга хатагтай Наталья Ярыгинаг тус тус улируулан сонгожээ.
Б.Баатар
URL:













