Өнөөдөр Н.Энхбаярын ялын тогтоолыг гардуулна

Албан тушаалаа урвуулсан хэргээр анхан шатны шүүхээс ял сонссон МАХН-ын дарга Н.Энхбаярын ялын тогтоолыг өнөөдөр Цагдан хорих төвд Сүхбаатар дүүргийн шүүхээс хүргүүлнэ.

Түүнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн албыг урвуулан ашиглаж, нийслэлийн Засаг даргаар ажиллаж байсан Ц.Батбаяр, НИТХ-ын тэргүүлэгч  асан Н.Болормаа, нийслэлийн Өмчийн газрын орлогч асан Д.Дуламсүрэн нартай бүлэглэн “Өргөө” зочид буудлыг хувьчлан Нийслэлд онц их хэмжээний хохирол учруулсан.

Түүнчлэн  Нийслэлийн Засаг дарга бөгөөд нийслэлийн өмч хувьчлах комиссын дарга Т.Билэгт, иргэн До.Чулуунбаатар нартай бүлэглэн “Улаанбаатар таймс” сонины байрыг өөрийн дүү Н.Энхтуяагийн “Медиа Холдинг” ХХК, До.Чулуунбаатар нарын нэрээр худалдан авч улмаар өөрийн үүсгэсэн байгуулсан компанид охин компани болгон завшиж, нийслэлд онц их хэмжээний хохирол учруулсан.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан тушаалын байдлыг урвуулан ашиглаж, “Эрдэнэт”  үйлдвэрийн захирал Д.Наранхүү, худалдааны асуудал хариуцсан орлогч захирал Х.Ганбат, “Хэнлон” компаны захирал Ж.Мягмаржаргал нартай бүлэглэн гурван тэрбум 930 сая төгрөгийг завшиж, “Эрдэнэт” үйлдвэрт онц их хэмжээний хохирол учруулсан, 119.534 мянган төгрөгийн тоног төхөөрөмжийг 2000 оны зургадугаар сарын 16-нд албан тушаалаа урвуулан хувьдаа завшин Гандантэгчинлэн хийдэд онц хэмжээний хохирол учруулсан зэрэг үндэслэлээр анхан шатны шүүхээс дөрвөн жилийн хорих ял оноосон юм.

Гэхдээ  МАХН-ын дарга Н.Энхбаяр шат шатны шүүхэд гомдол гаргах эрх нь хуулиар нээлттэй  билээ.

Н.Түвшин

shuud.mn


URL:

Сэтгэгдэл бичих