Тусгай зөвшөөрөл нэрээр амьтадаа алуулаад дуусгах нь
Ховор ан амьтдын татвараас Монгол Улс багагүй мөнгө олдог. Гэхдээ энэ бүхэнд тодорхой цензур байхгүй байгаагаас үүдэн гадныхан төлсөн татвараасаа илүү амьтад алаад нутаг буцаад байгааг иргэд олж харжээ. Монголчууд нэг тарвага муулсаныхаа төлөө элдэв асуудалд ордог бол гадныхан Монголд ирээд ховордсон ан амьтан агнасныхаа төлөө мөнгө төлчихөөд л гараад явчихдаг энэ гаж системийг өөрчлөх цаг нь болжээ. Жилд үүнээс МУ-ын төсөв 3-5 тэрбум төгрөгийн орлого олдог аж. Энэ орлогын 50 хувийг нь эргээд ховор ан амьтдыг хамгаалахад зарцуулах хуулийн заалт байдаг ч байгаль хамгаалагчдын ярьж байгаагаар энэ заалт хэрэгждэггүй байна.
Энэ жилийн хувьд агнах ховор амьтны тоог цөөрvvлж, төлбөр хураамжийг нэмэгдvvлэхээр болсон гэж байна. Манай оронд ан хийх зорилгоор ирсэн гадаадын жуулчдад угалз 50, тэх 120, халиун буга тав, цагаан зээр 150, саарал чоно, бор гөрөөс 40, зэрлэг гахай 20, ой, хээрийн шувуу 400 хvртэл агнах тусгай зөвшөөрөл олгохоор тогтсон байна. Мөн судалгаа, шинжилгээний зориулалтаар хvрэн баавгай хоёр, дөрөв хvртэл тооны цоохор ирвэс, сvргийн бvтцийг зохицуулах зорилгоор хоёр хулан агнахыг зөвшөөрсөн гэнэ. Манай улсын хувьд агнуур хийх төлбөр, хураамжийн хувьд 2001 оноос хойш тарифын ямар ч өөрчлөлт хийлгүй байсаар энэ жил л өөрчлөлт оруулсан гэж байна.
Зах зээлийн шинэчлэлтийг дагаад ховор ан амьтан агнах төлбөр зайлшгүй нэмэгдэх ёстой ч өнгөрсөн хугацаанд ажилласан ЗГ-ынхан хамгийн хямд үнээр хамгийн ховор амьтадаа алуулаад дууссан гэсэн үг юм. Тухайн үед ангийн зөвшөөрлийн гэрчилгээ 50 ам доллар байжээ. Энэ жилийн хувьд энэ ханшаа 1500 ам.доллар болгож нэмсэн гэж байна. Өөрөөр хэлбэл, ганц удаа л үнээ 30 дахин нэмэгдүүлж байгаа юм. Үүнийг гадаадын зарим жуулчид эсэргүүцэж байна гэх. 50-1500 гэдэг бол тэдний хувьд өмнө үзээгүй үсрэлт аж. Тэгээд ч Монголоос маш хямд өртгөөр ховор амьтан агнаад дэлхийн зах зээл дээр хэд дахин өндөр үнээр борлуулах байдал огт буураагүй юм. Зөвшөөрлөөс гадна амьтдын тарифыг мөн нэмэгдүүлсэн гэж байна. Үүнд: Алтайн тэх 800 ам.доллараас 2000, говийн тэх 720-иос 1760 хvртэл, цагаан зээрийн ооно 90 ам.доллар байсныг 180 болгон нэмсэн.
Мөн цөөн төрлийн шувуу, загас агнах төлбөрийг нэмсэн гэж байна. Өртөг нэмэгдэхийн хэрээр тухайн амьтны аймагт аюул учрах магадлал өндөр гэдгийг мэдээж холбогдох албаныхан тооцоолж үзсэн л байх. Жилд дээд тал нь ховор ан амьтны төлбөрөөс таван тэрбумыг олоход хоёр тэрбум нь дангаараа шонхорын төлбөр байдаг аж. Ингээд бодохоор жилд хэдий хэмжээний шонхор болоод бусад ховордсон ан амьтад Монголыг орхиж байгааг тоолж хэлэх аргагүй. Албаныхан амьтадаа үнэд оруулж, тоог нь бууруулсан ч эсрэгээр нэг амьтан алахдаа хоёрыг зэрэг алдаг жишиг тогтчихсон байдгийг хэлэх хүмүүс байна. Ямартаа л 300 амьтан агнах зөвшөөрлийн хүрээнд 600 амьтан агнаад буцдаг байдалд яг өдийд хяналт тавих хэрэгтэйг хэлэх нь зүйн хэрэг байх.
У.Сарнай
URL:




