Ц.Элбэгдоржийн үг үнэгүйдэх цагаар
Н.Алтанхуягийг ерөнхий сайдад нэр дэвшихэд нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэлсэн үгийг мань эр УИХ-аар батлагдангуутаа л ор тас мартах нь тэр. Ялсан намаас 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших санаагаа шүүхийг ашиглан үндсэнд нь биелүүлсэн Ц.Элбэгдоржийн үг энэ удаад харин үнэгүйдэх нь нэгэнт тодорхой боллоо.11 яамыг 21-д хүргэх төлөвлөгөө нь бүтэлгүйтсэн ч тал хувийг нь харин үлдээхдээ л үлдээнэ гэж шүд зуусан Н.Алтанхуяг Ерөнхийлөгчид 16 яам байгуулах саналаа өгчээ. Өөрөөр хэлбэл шинээр 5 яам байгуулах нь.
Ерөнхий чиг үүргийн ба чиглэлийн гэж яамдад нэр өгсөн ч энэ нь энгийн иргэдэд төдийлөн ойлгомжтой биш байгаа юм. Юутай ч ерөнхий чиг үүргийн гээд байгаа нь Гадаад яам, Хуульзүйн яам, Сангийн яам аж. Үүн дээр хамтарсан засагт орж байгаа ИЗНН-д зориулж Байгаль орчны яаманд ногоон хөгжил гэх тодотгол нэмээд ерөнхий чиг үүргийн яамаа дөрөв болгожээ. Хэдийгээр С.Дэмбэрэл нь ногоон байгаль гэж их яриад байгаа ч сайдын суудлын наймаанд гаршсанаараа С.Оюун л энэ албыг авах байх. Үүнээс болж С.Дэмбэрэл түүний хэд дэх нь ч юм бүү мэд салсан нөхрийн нэг болох цаг тун ойрхон л болов уу.
Чиглэлийн яам гээчид нь Барилга, хот байгуулалтын яам орж байна. Сайд нь фортуна Н.Батбаяр. Түүнд энэ суудлыг өгөхгүй гэж нилээд үзсэн ч фракцийн гишүүдийнхээ картыг сугалж давхиад хурал бойкотлох шинжтэй учраас Н.Алтанхуяг арга буюу Н.Батбаярыг сайдад нэрийг нь дэвшүүлэхээр болсон. Тэнгэр газартай харьцдаг болсноос нь хойш намынхан нь түүнээс жийрхэх болсон дуулддаг. Түүгээрээ түрүү бариад нэг фракцийн Б.Гарамгайбаатараа ч УИХ-ын эдийн засгийн байнгын хорооны дарга болгочихсон зайтай эр.
Боловсрол,шинжлэх ухааны сайдад Лу.Гантөмөр санаархаж байгаа. Дарга нарын жийпийг жижиг болгоё, гар утасных нь мөнгийг өөрсдөөр нь төлүүлье гэж хоосон шоудсанаас өөр юу ч хийгээгүй түүнийг Чингэлтэйчүүд яагаад ч юм сонгоод байдаг юм. Үнэн хэрэгтээ Лу-гийн энэ жүжгийн дараа дарга нар жийпээ гараждаа хийгээд хөдөө унадаг болж, харин ч бүр маневр сайтай үнэтэй машин авч хотод хөлөглөж төсвийн мөнгөөр тансагласан. Хэвлэлийнхэн энэ тухай хичнээн бичсэн ч Лу тоогоогүй.
Сонгууль дөхөхөөр сонгогчдод таалагдах зүйл санаачилсан болоод сонгуулийн дараа хаячихдаг түүнийг шоучин гэхээс өөр юу гэхэв. Сайдын суудалд очихын тулд МоАХ-нд урвасан түүнд МҮДН-чүүд тун ам муутай байна. Батлан хамгаалахын яам чиглэлийн яаманд ордог. Энэ яамны сайдад хамгийн сүүлийн мэдээгээр Ажнай группын ерөнхийлөгч Д.Бат-Эрдэнэ дуулдаж байна. Өмнөговийн нүүрсийг өдөр шөнөгүй урагшаа зөөж баяжсан Д.Бат-Эрдэнэ засагт орсноор олигархуудын засаг жинхэнэ жинхэнэ утгаараа бүрдэнэ гэж ажиглагчид үзэж байна. Орон нутагт 40 тэрбум төгрөгийн татварын өртэй ч үл тоомсорлож байгаа нэгэн. Нутгийн ард иргэдэд хэд гурван төгрөг өгч хуураад сонгогдсон гэж өрсөлдөгчид нь энэ хүнийг муулдаг.
Саяхныг хүртэл Батлан хамгаалахын сайдад санаархаж байсан А.Бакей УИХ-ын төрийн байгуулалтын байнгын хорооны дарга болж санаа нь амарсан. Харин АН-ын хар бор ажлыг хийдэг Ш.Түвдэндорж энэ удаад ч бялуу хүртэж чадахгүй нь. Түүний урдуур Ажнай Д.Бат-Эрдэнэ хүч түрэн оржээ. Хуульзүйн сайдад үзнэ гэж Х.Тэмүүжинг багагүй айлгасан С.Эрдэнэ харин тайвширч Хүн амын хөгжил, нийгмийн хамгаалал гэсэн гоё нэртэй яамны сайд болох нь. Хүн амаа хэрхэн хөгжүүлэхийг нь харж л байяа. Уул уурхайн яам Бридж Д.Ганхуягт ирж байна. Цонжин болдогт болсон АН-ын акулуудын цөөн хүрээнд хийсэн уулзалтанд Н.Алтанхуяг, Д.Эрдэнэбат нарын хамт оролцсон түүнд энэ суудал ирэх нь дамжиггүй байсан биз. Гадаад хэргийн яамыг “Бодь” групп авах нь.
Энэ суудлын төлөө АН-ын Зүүн хойд Азийн фракц МоАХ-тай сүжрэх болсныг овжин сэтгүүлчид хэдийнээ олж мэдчихээд олон нийтэд мэдээлж орхисон. Үр дүн нь ч гарч Лу.Болд гадаад хэргийн сайд болох гэнэ. Ингээд үзэхээр засаг олигархуудын гарт орох нь эргэлзээгүй болж байна. Бүр ч эргэлзэх хэрэггүй болохыг Женко засагт орсноор олигарх бизнесийн бүлэглэлийн аманд Монголын засгийн газар бүрэн утгаараа орж байна.
МоАХ нь буюу Женкогийн фракц олон яам авч байгаад дургүйцлээ илэрхийлж буй хүн АН-д олноороо бий. Гэвч мөнгө ихтэй фракцийг яаж ч чаддаггүй гэдэг. Женко өөрөө Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамыг авч, ЗТБХБ-ын сайд байхад нь орлогчоор нь ажиллаж байсан А.Гансүхдээ Зам тээврийн яамыг авч өгөхөөр болсон гэх. Женко яагаад үйлдвэр,хөдөө аж ахуйн яамыг сонирхоод байгааг намынхан нь ярихдаа хувьдаа Махимпекстэй, Талх чихэртэй бас гурилын Милк хаус компанитай учраас тэр гэнэ. Үгүй гэх газаргүй. Уг нь хуучин тэргүүлж байсан яамаа авна гэж Н.Алтанхуягийг айлгаж байснаа больсон гэдэг.
Ашиг сонирхлын хуулиа барьвал мань хүн яагаад ч ХХААЯ-ныхны сайд байх боломжгүй. МоАХ Ц.Оюунгэрэлдээ НХХ-ийн яамыг хоёр хуваагаад Хөдөлмөрийн яам гаргаж өгч буй. Улс төрд гайгүй эмэгтэй гараад ирэв үү гэтэл сүүлийн үед сайдын суудалдаа улайран УИХ-ын гишүүд сайд байх шаардлагагүй гэж үзэж байгаа Ерөнхийлөгчийнхөө үгийг үл тоомсорлож сонин хэвлэлд гишүүд сайд байх нь зөв гэж хээвнэг ярьдаг болсон. Уг нь ЭБ-гийн зөвлөх байсан эмэгтэй. Бүр МАХН-ын З.Баянсэлэнгэ байнгын хорооны дарга болсныг юу гэж үзэж байна гэсэн сэтгүүлчийн асуултанд зөвшилцлийг дэмжсэн маягийн хэлсэн нь цаанаа зөвшилцөл биш байсан бол ч гэсэн санаа цухуйлзуулж ангийн андаа басамжилсаныг учир мэдэх хүмүүс дургүйлхэн ярьж л байна. Бүрдэх засгийг бүхэлд нь аваад үзвэл МоАХ ноёлж буйгаас гадна бусад фракцийн гишүүдээ сайдын суудалд очиход нь дэм болсон хамгийн нөлөөтэй хүчин байх нь тодорхой байна. Женко засагт ингэж хүч түрж байгаагийн цаад учир нь Н.Алтанхуягийг Ерөнхий сайдын суудалд тухалж амжаагүй байхад нь хөнтөрч мэдэшгүй гэсэн яриа хэдийнээ тараад амжсан. Үнэн худлыг нь цаг хугацаа харуулна биз.
УИХ-ын сонгуулийн өмнө Ардчилсан Ерөнхийлөгч Ардчилсан намдаа хүчтэй байсан ч сонгуулийн дараа түүний байр суурь өмнөхөөсөө суларсаныг сүүлийн үед өрнөж байгаа үйл явдал харуулж байна. Гадаад харилцааны сайдад Бельгид элчин сайд байсан А.Баттөрийг Ерөнхийлөгч зүтгүүлсэн ч МоАХ, Зүүн хойд Азийн фракцид хавсайдуулаад яаж ч чадаагүй. Харин АНУ-гаас урьж авчирч МҮОНТВ-ийн захирал болгосон Ц.Оюундарийг Ерөнхийлөгч баруун солгойгүй лоббидсон гэж ярих. Түүнээс өөрөөр Ц.Элбэгдоржийн дэмжлэгээр засагт орж байгаа хүн бараг үгүй болов уу. УИХ-ын даргын албан тушаалыг хий амлалтаар өгсөн Р.Амаржаргалд УИХ-ын бүтцэд ч,засагт ч суудал олдсонгүй хоцорч тэрээр сул гишүүн болов. Уг нь потенциал сайтай нэгэн. Гэхдээ АН-ыхны хувьд түүний потенциал огт падгүй. Р.Амаржаргал ардчиллынхан дотроо тэс өөр бодолтой байгаа бөгөөд одоогийн УИХ-ыг Үндсэн хуульд өөрчлөлт оруулчихаад л тарах ёстой. Аль нь ч олонх болоогүй нөхцөлд парламентад суудалтай намууд авсан суудлынхаа тоогоор яамдыг хуваарилж зөвшилцөж ажиллах ёстой гэж үзэж байгаагаа хэвлэлээр илэрхийлсэн.
Хууль зөрчин ажиллаж байгаа парламентын чуулганд суухгүй байгаа АН-ын цорын ганц гишүүн нь Р.Амаржаргал. МАХН-ынхны хувьд дарга нь шоронд суух болсон нь аз уу, эз үү гэдгийг хэлж мэдэхгүй. Тэд Тэргүүн шадар сайдад намын дарга Н.Энхбаяраа сойсон ч тэр нь ял авчихсан байгаа. Энэ тохиолдолд Ч.Улаан, Д.Тэрбишдагва хоёр хоорондоо энэ суудлын төлөө өрсөлдөх болж байна. Гэхдээ тэдний горьдлого талаар болно. Учир нь АН-ыг засгаас гарахад МАН-хан тэргүүн шадар сайдад генсек У.Хүрэлсүхээ дэвшүүлсэн ч АН Ерөнхийлөгчтэй нийлж байгаад тэргүүн шадар сайдын суудлыг үгүй болгож орхисон.Өнөөдөр өөдөө шидсэн чулуу өөрийн толгой гэдэг болж нэг ч гэсэн хүний амыг таглах суудал хорогдож байна. Тэргүүн шадар сайдын суудлыг сэргээмээр л байдаг. Даанч амаа асуулгахаас айх аюул АН-д байгаа юм.
МАН-аас уравсан гэх хоёр хүний нэг нь буюу Д.Тэрбишдагвад тэргүүн шадар сайд бус зүгээр шадар сайдын албыг АН өгөх нь. Эвслийнхнээ сайн бариарай гэдэг даалгаврыг Н.Алтанхуяг түүнд өгсөн гэнэ. Эрүүл мэндийн сайдад Н.Удвал яригдаж байна. Энэ дайчин эмэгтэйд элдэв юм наах хэрэггүй л болов уу. Эрчим хүчний сайд М.Сономпилыг МҮАН сойж байгаа. Нам сольж давхисан хэдий ч хүн чанартай, найз нөхдөө энэ тэр нам гэж ялгадаггүй, хэлсэн ярьсандаа байдаг дажгүй мужик гэсэн тодорхойлолттой энэ эрхэм эрчим хүчийг хариуцах нь. Хэдийгээр авилгын загалмайлсан эцэг гэж өөрөө нэрлэсэн хүнтэйгээ нийлж, улс төрд мөнхийн найз гэж үгүй, мөнхийн дайсан гэж үгүй гэдгийг харуулсан мөс муутай хүн гэдэг ч М.Энхсайханыг сангийн сайдад тохирох хүн гэж үнэлж байна. Монгол улсын гавъяат эдийн засагч тэрээр Ч.Улаан, С.Баярцогт нарыг дагуулахгүй сайд болно гэж үзэгсэд цөөнгүй байгаа бололтой.
ЗГХЭГазрын даргын сэнтий бол Ч.Сайханбилэгийн хуучин хашиж байсан алба юм. Одоо Ч.Сайханбилэг энэ албан тушаалыг авна гэж тулгаж байгаа гэсэн. Харин С.Баярцогтод АН-ын удирдлага Эдийн засаг, хөгжлийн хэмээх шинэ яам зохион өгөхөөр болсон. Ямар ч үед, тэр байтугай МАН олонх үед ч хадаг бариад албан тушаал авчихдаг энэ хоёр товарищт харамсалтай нь намын нөхөд нь тун таагүй хандаж байна.2004 онд албан тушаалын төлөө ”Бүдүүн бүлэг” гээчийг үүсгэж намаа шантажилж байсныг нь саяхан сөхөж хэвлэлээр бөөн шуугиан үүсгээд байгаа.Ц.Элбэгдорж, Н.Алтанхуяг нарт ч энэ хоёрыг засагт оруулахгүй байхыг шаардаж бичиг өргөсөн тухай мэдээлэл ойрын өдрүүдийн хэвлэлийн сенсаци байлаа. Гэхдээ Ч.Сайханбилэг, С.Баярцогт хоёр засагт орж л таарна. Яагаад гэвэл дахин “Бүдүүн бүлэг” байгуулж Н.Алтанхуягийг унагаж шинэ бүрэлдэх засагт орж чадах хүмүүс гэдгийг нь Н.Алтанхуяг мэдэхийн дээдээр мэдэж байгаа учраас наашаа харж инээж цаашаа харж уйлан энэ хоёрыг засгийн бүрэлдэхүүнд оруулна гэж эх сурвалж хэлж байна.
АН-ын дахин зурсан шинэ зургаар засгийн газрын бүрэлдэхүүн өмнөхөөсөө томорч 11 яам таваар нэмэгдэж 16 болох нь. 13 сайдтай байсан засгийн кабинет зургаагаар нэмэгдэж 19 сайдтай болох нь. Яамдынхаа тоог таваар, сайдуудынхаа тоог зургаагаар нэмж байгааг төрийн цомхон бүтэцтэй боллоо гэж үзэж лав л болохгүй байх. Данхар толгойтой төрийн бүтцийн эсрэг ард түмэн байгаа, бас Ардчилсан Ерөнхийлөгч ч байгаа.Гэхдээ ард олныг цагаан цаас, Ардчилсан Ерөнхийлөгчийг “амьтан” болгон үл тоомсорлож АН асуудалд хандаж байгаагаа нэгэнт харуулаад байна. Одоо эцсийн найдвар их хурлын нэгдсэн чуулган болж байна.Гэхдээ тийшээ нэг их итгээд хэрэггүй биз. Яагаад гэвэл тэдний олонх нь сайд болох гэж байгаа. Бас ард нь фракцийн гишүүд нь УИХ-ын танхимд сууж буй. Уг нь төсөвт дарамт учруулах энэ том төрийн бүтцийг хазаарлах хүн нь ганцхан Ерөнхийлөгч л байсан юм.Ерөнхийлөгч чадсангүй.Ц.Элбэгдоржийн үг үнэгүйдэх цагаар…
Б.ЦОЛМОН
URL:













