Улс төрд “уягдсан” эдийн засгийн хөгжил
Монгол Улс өнгөрсөн онд ДНБ-ий өсөлтөөрөө дэлхийд тэргүүлсэн. Харин энэ он гарсаар Хөрөнгийн бирж нь дэлхийтэй хөл нийлүүлэх замдаа орлоо. Өөрөөр хэлбэл, санхүүгийн систем болон эдийн засгийн хөгжлийн хувьд хөгжлийн галт тэрэг хөдлөхөд бэлэн болчихлоо. Гэтэл энэхүү хөгжлийн галт тэргийг улс төр нь “уячихаад” байгаа юм.
Уг нь улс төрийн бодлого ирээдүйг харж, эдийн засгаасаа түрүүлж явах ёстой байх. Гэтэл өнөөгийн нөхцөлд бол яг л эсрэгээрээ байна. Эдийн засаг улстөрчдийн хэлж байгаачлан үсрэнгүй хөгжих гээд байдаг. Улс төр дээр шийдвэрүүд гарч өгөхгүй, гацаачихаад байна. Санхүүгийн системд үгүйлэгдэж байгаа зохицуулалтуудын талаар дурьдвал энэ бүх асуудлууд илүү тодорхой харагдах юм.
“Монголын хөрөнгийн биржийн хувьд байшингийн суурийг цутгаад, нэг давхраа барьчихлаа. Одоо хоёр, гуравдугаар давхрыг барих шаардлага байгаа” гэдгийг Монголын хөрөнгийн биржийн ТУЗ-ийн дарга М.Болд хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолсон байсан. Хөрөнгийн бирж “Millennium IT” системийг нэвтрүүлж, хөрөнгийн зах зээлийн дэд бүтцийг дэлхийтэй нийлүүлэн шинэчилсэн.
Энэ бол яах аргагүй маш том амжилт. “Монголын хөрөнгийн бирж болон Лондонгийн Хөрөнгийн биржийн 14 сарын хамтын ажиллагааны үр дүн MIT систем байлаа” гэдгийг Хөрөнгийн биржийн албаны эх сурвалжууд хэлж буй билээ. Гэхдээ шинэ систем ажиллаж эхлэхтэй зэрэгцэн хэрэгжиж эхлэх ёстой байсан Үнэт цаасны тухай хуулийн шинэчлэн найруулсан хувилбар одоо болтол “байдаггүй”.
Шинэ засаг бүрэлдэж, анхны хуралдаанаа хийсний дараа асуудлууд илүү тодорхой болох биз ээ. Юутай ч шинэ засгийн хамгийн эхэнд хийх ажил хөрөнгийн зах зээлийн дэд бүтэцтэй холбоотой олон хуулиудыг “нэг тийш болгож” хүлээлтийг тайлах хэрэгтэй байна.
ТАВАНТОЛГОЙН IPO ГАЦААТАЙ ХЭВЭЭР
Уг нь Үнэт цаасны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг МХБ, Лондонгийн баг, Санхүүгийн зохицуулах хороотой хамтран боловсруулж, сонгууль болохоос өмнөх УИХ-ын сүүлчийн чуулганд өргөн барьсан. Ингээд гялс батлуулахаар зүтгэсэн ч амжаагүй. Гэхдээ үнэхээр амжсангүй юу эсвэл батлахыг хүссэнгүй юу гэдэг нь эргэлзээтэй.
Нэгэнт хууль батлагдаагүй болохоор Тавантолгойн IPO хийх асуудал ч бас хүлээлтийн байдалтай байна. Тодруулбал, нэг компани хоёр өөр улсын хөрөнгийн бирж дээр давхар бүртгэл хийлгэх тухай зохицуулалт одоо мөрдөгдөж байгаа хуулинд байхгүй. Харин “Эрдэнэс Тавантолгой”-н хувьд Лондон, Хонконг, Монголын хөрөнгийн биржүүд дээр хувьцаагаа гаргахыг зорьж байгаа. Тэгэхээр шинэ хууль батлагдахаас нааш дээрх гурван улсын хөрөнгийн бирж дээр зэрэг IPO хийх боломжгүй байгаа юм.
Ганц “Эрдэнэс Тавантолгой” ч гэлтгүй үндэсний хүчирхэг компаниуд дотоодын болон олон улсын хөрөнгийн зах дээр гарч, мөнгө олж ирэхийн тулд дээрх хуулийн төслийг заавал батлах ёстой. Гэтэл одоогоор лав шинэ хууль батлагдах нь байтугай Засгийн газар нь ч бүрдээгүй байна. “Эрдэнэс Тавантолгой” IPO хийх асуудал ирэх жилээс болно гэдгийг албаны эх сурвалжууд хэлсэн байсан. Тэрнээс өмнө хууль батлагдана гэж найдъя.
МХБ ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДАД ХААЛТТАЙ
Гадаадын хөрөнгө оруулагчид Монголд заавал ирэлгүйгээр хөрөнгийн зах зээлд оролцож, хувьцаа худалдан авахад Кастадион банк зуучлагчийн үүрэг гүйцэтгэдэг. Өөрөөр хэлбэл, Кастадион банк нь “Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-тай нэг талаараа төстэй гэж болно. Гагцхүү гадаадын хөрөнгө оруулалтыг хөрөнгийн зах зээл рүү оруулах үүрэгтэйгээрээ ялгаатай.
Гадаадын хөрөнгө оруулагчид Монголыг маш их сонирхож, хурдан үүдээ нээгээсэй гэж хүсч байгаа. Харамсалтай нь өнөөг хүртэл Монголын санхүүгийн зах зээл гадаадынханд хаалттай байна. Одоо шинэ засаг гараад ирчихсэн, кастадион банкны журам дээр ажиллаж байсан Санхүүгийн зохицуулах хорооныхон хүлээлтийн байдалд орчихсон байна.
Шинэ засгийн бодлого ямар байхыг харъя гэх маягтай зүйлийг ихэнх төрийн байгууллагууд хэлж буй билээ. Гадаадын хөрөнгө оруулагчдыг зүгээр нэг ороод ир гэж дуудах, хөрөнгийн зах зээлээр дамжуулан урих гэдэг тэс өөр зүйл. Мэдээж хөрөнгийн биржээр дамжин орж ирсэн хөрөнгө оруулалт илүү хурдан, шуурхай, найдвартай байх учиртай. Харамсалтай нь Кастадион банк байхгүй учраас хөрөнгийн биржээр дамжин орж ирэх гадаадын хөрөнгө оруулалт хаалттай байгаа юм.
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНГҮЙ ХӨРӨНГИЙН БИРЖ
Монголд хөрөнгийн зах зээл үүсч, хөгжөөд 20 жил болсон ч одоо болтол Хөрөнгө оруулалтын сан гэж зүйл байдаггүй гэвэл гадаадын “акул” хөрөнгө оруулагчдын нүд нь орой дээрээ гарах байх даа. Монголын хөрөнгийн бирж дээр цөөн хэдхэн гадаадын хөрөнгө оруулалтын сан ажилладаг ч энэ чиглэлийн хуулийн зохицуулалт байхгүй учраас урт хугацааны хөрөнгө оруулалт хийж ажиллаж чаддаггүй. Харин эсрэгээрээ богино хугацаанд ажиллаж, ашгаа олчихоод, гараад явчихдаг гэж байгаа.
Өөрөөр хэлбэл, мөнгөний урсгал үндэсний компаниудад бус гадаадынхан руу яваад байна. Энэ урсгалыг Монголдоо үлдээхийн тулд Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийг батлах ёстой. Хөрөнгө оруулалтын сан урт хугацаанд хөрөнгө оруулдаг, нөгөөтэйгүүр хөрөнгө оруулалтын мэргэжлийн үйл ажиллагаа явуулдаг учраас зах зээлийн хөгжилд маш том хувь нэмэр оруулдаг.
Нөгөөтэйгүүр Тавантолгойн хувьцааг хөрөнгө оруулалтын сангаар дамжуулан иргэдэд эзэмшүүлэх хэрэгтэй гэх саналыг ч зарим эдийн засагчид гаргадаг билээ. Гэхдээ хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль яагаад бүтэн 20 жилийн турш батлагдсангүй вэ гэдгийн цаана хэсэг бүлэг хүн, магадгүй улстөрчдийн сонирхол байхыг ч үгүйсгэхгүй. Ямар ч л байсан Хөрөнгө оруулалтын сангийн хуулийг баталж, гадагшаа урсч буй мөнгөн урсгалыг дотооддоо үлдээх ёстой билээ.
ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖЛИЙН ЯАМНЫ ХИЙХ ЁСТОЙ АЖИЛ
Энэ мэтээр шийдэх ёстой асуудлууд, хуулийн төслүүд байна. Н.Алтанхуягийн толгойлох Засгийн газар хэд хэдэн том өөрчлөлтүүдийг хийж байгаагийн дотор Эдийн засгийн хөгжлийн яамыг ҮХШХ-ны суурин дээр байгуулж буй. Энэ яамнаас л дээрх хуулиудыг хүлээх болж дээ.
Манай улсын санхүүгийн зах зээл, эдийн засгийн бүтэц цаашдаа улам томрох нь дамжиггүй. Гэтэл өсөн нэмэгдэж, хүчирхэгжиж буй эдийн засгийг улс төрийн бодлогоор уяад байж болохгүй биз дээ. Иргэдийн хувьд ч бас улс хөгжинө, хөрөнгийн зах зээл дээр ажиллаад үзье, мөнгө олъё гэсэн хүлээлттэй болчихсон байна. Мэргэжлийн хөрөнгө оруулагчдын нүд ч бас энэ өдрүүдэд Монголыг ширтсээр байгаа. Энэ бүх хүлээлтийг гүйцэлдүүлэхийн тулд хуулиудаа л батлах хэрэгтэй байна.
Л.Энхдэлгэр

URL:













