Монголд үйлдвэрлэв
МЭӨ оршин тогтнож байсан нэн эртний түүхт улс бол Хятад. Хэдий үеэс гэдгийг мэдэхгүй Монголчууд Хятадуудыг үздэггүй зантай. Хятадыг Хужа нар гэж дуудна. Энэ үг нь Хятад хэлнээ өөрсдийн үндэстнийг бус өөр утга илтгэнэ. Хятадууд муу санаатай, муухай хүмүүс гэх мөртөө бид Хятад хэл сурч, Хятадын газар нутгаар аялж зугаалдаг. Хятад бараа муу гэх мөртөө /өөрсдөө хамаг мууг нь шилж авчирдаг/ хүнс тэжээлийнхээ 70 хувийг импортлодог. Энэ их гүрэн байхгүй бол бид хоолгүй бүр өмсөж зүүх зүйлгүй болох нь үнэн. Үнэндээ бид ч хүн Хятад хүн гэлээ ч хүн. Бид бүгд угаас сайн бас муу чанартай төрсөн. Хятадууд биднийг мөлжиж, цөлмөж байсан түүх бий. Гэхдээ энэ бол сургамж бас түүх. Бидний өвөг дээдэс ч тэдний зүрхийг савлуулж байсан түүх бий. Хятадуудыг манайд ирээд гэмт хэрэг хийдэг, боловсрол нимгэн, барилгачдаар төлөөлүүлэн ойлгож болохгүй мэт санагдана. Гэхдээ би энд Хятадуудыг өмөөрөх гэсэнгүй.
“Монголд үйлдвэрлэв” нэртэй Маск продакшны тоглолтын зар сурталчилгаа үзлээ.
Орос, Хятад, Араб, Монгол нэг онгоцонд ниснэ. Онгоцны даац хэтрээд илүү ачааг хаяхыг хүсвэл Орос архиа, Араб алтаа хаяна. Монгол харин:
“Манай нутагт чамаас их юм алга” гээд Хятадыг шиднэ. Энэ рекламыг үзээд надад ямар ч хошин мэдрэмж төрсөнгүй. Харин ч их эвгүй сэтгэгдэл төрсөн юм. Олон улсын харилцааны үүднээс авч үзвэл хөрш орнуудтай харилцах чиглэлээс харшилж, гоо зүйг зөрчсөн мэт… Урлаг гэдэг үүднээс авч үзвэл ямар байхыг мэдэхгүй юм. Уншигч та шүүнэ биз.
Хэрвээ аль нэг сувгаар Монгол хүнийг онгоцноос шидчихдэг шоу реклам гарвал танд ямар сэтгэгдэл төрөх вэ? “Монголд үйлдвэрлэв” хошин шогийн тоглолтод юу өгүүлэхийг би сонирхсонгүй. Хоёр том гүрний дунд хавчигдсан эдийн засгийн хувьд хараат мөртлөө хулгана муурын сахлаар тоглов гэдэг шиг зүйл хийж байх шиг надад санагдана. Би Монгол түмнээ сул дорой гэх гэсэнгүй. Гэвч энэ бүхэн танд хошин сэтгэгдэл төрүүлж чадах уу? Бид ёс зүйтэй байх ёстой.
Эх сурвалж orloo.com
URL:













