М.Энхсайхан, Н.Энхбаяр хоёр муудалцаж, нөхөрлөл нь хөндийрчээ

Засгийн газрын томилгооноос болж “Шударга ёс” эвслийн удирдлагууд хоорондоо таарамжгүй болоод байгаа нь өдөр ирэх тусам тодорч байна. Энэ эвсэл дөрвөн сайдын суудал авсан ч МАХН 3 хүнээ сайд болгож, МҮАН дөнгөж нэг сайд томилсон нь хоёр намын хагарлыг хурдасгаж эхэллээ гэж зарим эх сурвалж хэлж байна. Ийнхүү хоёр намын харилцаа муудах болсон нь эртнээс эхлэлтэй бөгөөд МАХН-ын дарга Н.Энхбаяр, МҮАН-ын дарга М.Энхсайхан нар муудалцсан тул үр дүн нь өнөөдөр тодорч байгаа энэ нь юм.
Анх МАХН-ын дарга Н.Энхбаярыг АТГ-аас баривчлахад тэрбээр олны өмнө гарч ирээгүй. Уг нь найз нөхөд биш юм аа гэхэд хамтрагчийн хувьд Н.Энхбаярын төлөө жагсаал, цуглаан удирдана гэж бодож байжээ.

Гэтэл М.Энхсайхан Солонгост эмчилгээ хийлгэх нэрээр хамтрагчаа өмөөрөөгүй. Түүний оронд мянгатын дарга байсан З.Баянсэлэнгэ гэдэг аз, од нь гийсэн эмэгтэй хэдэн хоног өлсгөлөн зарлаад УИХ-ын гишүүн болсон. Харин дараа нь Н.Энхбаярыг дуулиант өлсгөлөнгөө зогсоож эмнэлгээс гарч гэртээ байхад тэрбээр нэг ч удаа очиж уулзаагүй гэдэг. Мөн сүүлийн үед Н.Энхбаярын талынхан залгахаар МҮАН-ын дарга утсаа авахаа больсон гэв. Энэ мэт шалтгаанаас Н.Энхбаяр, М.Энхсайхан нарын харьцаа хөндийрч, муудалцахад хүрчээ.

Сонгуулийн дараа АН-тай хамтарсан Засгийн газар байгуулах асуудал яригдаж эхлэхэд Сангийн сайдад М.Энхсайханы нэр дуулдаж байсан. Түүнийг Н.Энхбаярын далбаан доор сайд болох нь гэж шуугиж байсан ч тэрбээр нэг ч удаа энэ талаар байр сууриа илэрхийлээгүй. Чухам юу бодож, юу хийхээр төлөвлөж байгаа нь тодорхойгүй байсаар өнөөг хүрсэн билээ. Харин МҮАН ганцхан зүйл дээр түрүүлж дуугарсан. Н.Энхбаярт Сүхбаатар дүүргийн шүүхээс дөрвөн жилийн ял оноосны дараа “Шударга ёс” эвсэл даргыг нь ялласан ч засагт орох уу гэдэг асуудал босч ирсэн. Энэ үед харин М.Энхсайхан бүхнээс түрүүлэн дуугарч Засгийн газарт яаж ч байсан орно гэдгээ мэдэгдсэн юм.

Энэ мэт М.Энхсайханы “найзгүй”, хуншгүй үйлдэлд Н.Энхбаяр тун дургүйцсэн тул Сангийн сайд болгохгүй гэж уурсчээ. Тиймээс ч УИХ-ын дэд даргаар томилогдоод байсан Ч.Улааныг татаж, М.Энхсайханы оронд Сангийн сайд болголоо. Сангийн яам бол “Шударга ёс” эвсэлд оногдсон шадар сайдын дараа орох хамгийн “амттай” яам. Тиймээс Н.Энхбаяр зовсон цагт нөхрийн чанар нь танигдаж, биеэ нөөсөн М.Энхсайханд тийм эрх мэдэл өгөхгүй хэмээн зөвшөөрөөгүй байна.

Хэдийгээр энэ эвсэл сонгуульд Н.Энхбаярын нэрээр дээшээ гарсан ч МҮАН-ынхан зүгээр суугаагүй шүү гэх гомдол МҮАН-ынханд үлджээ. Хэрэв М.Энхсайхан анхнаасаа Н.Энхбаярыгаа өмөөрөөд, хамтрагчийн үүргээ биелүүлсэн бол бараг л юу хүссэнээ авах байсан гэж халаглах гишүүд МҮАН дотор ч байгаа аж.

Ийнхүү МАН цөөнх болсон УИХ, Засгийн газарт орох гэж эвссэн хоёр намын дарга нарын харилцаа улам хөндийрч байна. Цаашид бялууны хувь хишгээс М.Энхсайхан болон МҮАН-д энэ мэт бага хэсгийг өгөх юм бол энэ хоёр эрхмийн  нөхөрлөл дуусах шинж рүүгээ хэлбийх юм.

URL: http://www.yanaa.mn/yanaa/?p=60104


URL:

Сэтгэгдэл бичих