Сургуулиуд төлбөрөө нэмэх шалтгаан байхгүй шүү Л.Гантөмөр сайд аа
Их дээд сургуулиудын төлбөр өндөрөө авах гэнэ шүү оюутнуудаа. Шинээр сонгогдсон Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Гантөмөртэй их дээд сургуулиудын удирдлагууд уулзахдаа энэ талаар дуулгалаа. Шинэ хичээлийн жил эхлэх дөхөж буйтай холбоотойгоор салбарын шинэ сайд Их дээд сургуулиудын захирлуудтай уулзаж санал солилцох үед, төлбөр нэмэх асуудлыг сургуулийн захирлууд уламжлав. Бүр нэлээд өндөр хувиар төлбөр нэмэгдэх санал байгаа гэнэ. Захирлуудын мэдэгдсэнээр МУИС 38-60 хувь, ХААИС 49 хувь нэмэх саналтай байгаа ажээ. СУИС 20-40, УБИС 25-50 хувиар нэмэх бол, хувийн сургуулиудаас “Их засаг” их сургууль 14- 15 хувиар нэмэх санал гаргав. Төрийн өмчит ЭМШУИС, ШУТИС, МУБИС, Дотоод хэргийн их сургуулиуд сургалтын төлбөрийн асуудлаар саналаа хэлсэнгүй.
МУИС-ийн захирал С.Төмөр-Очир Сургалтын төлбөр нэмэх шалтгаанаа тайлбарлахдаа энэ оны хичээлийн жилээс аспирантур, докторантурын сургалтын хөтөлбөр шинэчлэгдсэн, сургуулийн байранд засвар, өргөтгөл хийж байгаагаас нэмэх болсон гэв. Сургалтын хөтөлбөр шинэчлэгдэж сайжирсан, сургуулийн засвар, өргөтгөл хийх нэрээр сургалтын төлбөр нэмэх нь хэр зохимжтой юм болоо гэдэг асуудал гарч ирж байна. Жил бүр яг ийм л шалтгаанаар их дээд сургуулиуд төлбөрөө нэмсээр ирэв. Төрийн өмчит, улсаас санхүүжилттэй сургуулиудын чанарыг сайжруулах, хичээлийн байрыг нь засахын тулд оюутнуудын сургалтын төлбөрийг нэмээд байх нь оновчтой шийдвэр биш байлтай. Улсын сургуулиудын санхүүжилтийг төрөөс шийдвэрлэж байх учиртай. Гэвч санхүүжилтийг нь бүрдүүлэхийн тулд төлбөрөө нэмдэг жишиг тогтоод удаж буй юм. 40,50 хувь нэмье гэдэг арай л дэндсэн санал байгаа биз.
Сургалтын төлбөрийг жил бүр ойролцоогоор 10 орчим хувиар нэмсээр ирсэн юм. Өнгөрсөн онд гэхэд 9.4 хувиар төрийн өмчийн сургуулиудын төлбөрийг нэмсэн байдаг. Ингэхдээ инфляцийн түвшин харгалзан үзэж 9.4 хувиар нэмжээ. Инфляцийн өсөлт өнгөрсөн оны дунд үед 9.4 хувьтай байсан тул энэ өсөлтийн хэмжээгээр төлбөрийг нь нэмж байлаа. Нэг ёсны зөв шийдвэр байж болох юм. Энэ оны эхний улирлын байдлаар инфляци 14 орчим хувьтай байгааг Монголбанкнаас мэдэгдсэн. Өмнөх жилийнхээ жишгээр инфляцийн өсөлтийг харж, сургалтынхаа төлбөрийг нэмчихвэл ямар бол. Хувийн их дээд сургуулиудын төлөөлөл болох Их засаг их сургууль 14, 15 хувь нэмэх саналаа илэрхийлсэн. Энэ бол харин болж байна шүү. Гэтэл ямар учраас их сургуулиудын удирдлагууд төлбөрийг 50 хүртэлх хувь нэмэх санал оруулж ирэв.
Захирлуудын сургалтын төлбөрийн үнэ нэмэх саналыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн, сургуулиудын удирдлагуудтай эргэж санал солилцохоо салбарын сайд нь мэдэгдсэн. Тэгэхээр удахгүй Засгийн газар энэ асуудлаар хэлэлцэх биз. Их дээд сургуулиудын төлбөрийг огцом өсгөнө гэсэн санал үндэслэлгүй гэдгийг Л.Гантөмөр сайд ойлгож буй бизээ.
Нөгөөтэйгүүр төрийн сургуулиудын захирлууд нэгэн зэрэг төлбөрөө их хэмжээгээр нэмэхээ мэдэгдэж, шинэхэн сайддаа тулгаж эхэлсэн нь улс төрийн сонирхол агуулж байхыг үгүйсгэмгүй. МУИС, ХААИС, СУИС гээд төрийн өмчит сургуулиудын удирдлагууд өнгөрсөн Засгийн газрын үед томилогдсон, МАН-ын угшилтай хүмүүс бий. МУИС-ийн захирал С.Төмөр-Очир гэхэд МАН-ын хуучин кадруудын нэг. Энэ ч зангаргаараа шинэ сайдад төлбөр нэмэх саналаа нүүрэн дээр нь түрүүлж дуугарч харагдав. “Эргээд “Сургалтын төлбөрийг өндөрт хөөргөчихлөө “гээд салбар яам, сайдыг нь муучлах хорын санаа сургуулийн удирдлагуудад “нуугдаж” байхыг үгүйсгэмгүй. Иймд инфляцийн өсөлтийг харгалзаад сургалтын төлбөрийг нь нэмчихвэл болмоор байна.
Т.АМУР
Эх сурвалж: www.olloo.mn
URL:













