Даргын суудлын төлөөх генералуудын өрсөлдөөн

Шинэчлэлийн Засгийн газар сайдын суудлуудаа хувааж дууссанаар сайдууд тус бүрийнхээ ажилд шуурхайлан орсон. Сайд нарын хувьд тухайн салбартаа шуурхай шийдвэрлэх асуудлуудын номер нэг нь томилгоо. Шинэ томилгоо ойрын өдрүүдэд Хууль зүйн сайдын салбарт хүчтэй, эрчтэй явагдсан бол Батлан хамгаалахын сайд ч гар хумхин зүгээр суусангүй ээ. Тэнд хэнийг зайлуулж, хэнийг багтаа багтаах вэ гэдэг тохиролцоо ид явагдаж байна. Нэг талаас нь харахад үүнд гаж зүйл ер алга юм шиг. Нэг байгууллагын дарга, даамлаар очсон хүн ёс юм шиг заавал халаа, солио хийж өөрийн хүнээ оруулж ирдэг нь бичигдээгүй хууль болтлоо хөгжсөн болохоор хүмүүс ч үүнд дасч эхэлжээ. Энэ үзэгдлийг нөгөө талаас нь харахад мөрөөрөө ажлаа хийгээд явж байгаа төрийн албан хаагчийн эрхэнд бүдүүлгээр халдсан сонин тогтолцоо.

Үүнээс илүү хачирхалтай нь улсын эрх ашигтай шууд хамааралтай уул уурхайн том ордуудыг хятадуудтай хамтран эзэмшдэг хүн Монгол Улсын Батлан хамгаалахын сайд болж, эдүгээ ид багаа бүрдүүлж эхэлсэн явдал. Ж.Энхбаярын зургаан сар ажиллахдаа хөдөлгөж чадаагүй Лу.Болдын багийг шинэчлэлийн Засгийн газрын сайд харин хөнгөхөн гэгч нь бужигнуулж, “Цэргийн хүн тушаалаар явдаг, хүссэн хүсээгүй ажлаа өгөх ёстой бол өгнө” гэдэг зарчмаар халхавчилсан томилгоо Батлан хамгаалахын салбарт өндрөө авчээ. Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, Батлан хамгаалахын их сургуулийн захирал, Төрийн нарийн бичгийн дарга гэсэн албан тушаалуудын төлөөх марафонд ерөнхийдөө ардчиллыг дэмждэг, “цэнхэрдүү” тодотголтой, генерал цолтнууд өрсөлдөж байна гэнэ. Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажавыг “Эрэл”-ийн Б.Эрдэнэбатын хүн гэсэн тодотгол ардчилал гэдгээс нь илүүтэй дагадаг. Тэгээд ч тэрбээр дөрвөн жил тухалсан суудлаасаа бууж, албан тушаалаасаа өөрчлөгдөх нь тодорхой учраас түүний орыг залгах өрсөлдөөн ч чамгүй хүчтэй өрнөж буй аж. Олон хүний нэр дуулдаж байсан ч шигшигдэж шүүгдсээр хошууч генерал А.Ганбат, бригадын генерал Ч.Сосорбарам, хошууч генерал Я.Чойжамц нарын нэр үлдсэн байсан. Өчигдрийн байдлаар Я.Чойжамц генерал өрсөлдөөнөөс гарах шиг боллоо.

Бүр үү, түр үү гэдэг нь харин одоогоор тодорхойгүй. Учир нь, өчигдөр Засгийн газраас Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчдийг томилохдоо Батлан хамгаалах яамаар оролдоогүй. Тэгэхээр эдүгээ тус яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэж байгаа хошууч генерал Я.Чойжамц суудалдаа хэвээр үлдэж, түүнд Зэвсэгт хүчний жанжин штабын даргын суудал падлийгүй боллоо гэсэн үг. Хэдхэн сарын өмнө генерал Ц.Тогоо АНУ-д атташегаар одсон тул оронд нь Я.Чойжамц төрийн нарийнаар томилогдоод байсан юм. Я.Чойжамц өмнө нь Энхийг сахиулах газрын дарга хийж байсан, Батлан хамгаалах яамандаа лав түүнийг гүйцэх англи хэлний мэдлэгтэй хүн байхгүй гэлцдэг юм билээ. Я.Чойжамц суудалдаа үлдсэн учир одоо Ч.Сосорбарам, А.Ганбат хоёрын хэн “түрүүлсэн нь” Жанжин штабын дарга болно. Гэхдээ А.Ганбатын хувьд өөрт нь том тээг болж мэдэх нэг “но” бий. Ц.Тогоогийн үед Зэвсэгт хүчний жанжин штабын тэргүүн дэд дарга хийж байсан тэрбээр албан тушаалаа ашиглаж, ОХУ-ын Анагаахын сургуульд сурдаг хүүгээ Ховд аймаг дахь Зэвсэгт хүчний 123 дугаар ангид ажилладаг мэтээр баримт бүрдүүлж цалинжуулдаг байсан, БНХАУ-д сурдаг хүүгээ Зэвсэгт хүчний өөр нэгэн ангиас цалинжуулж байсан хэрэгт буруутгагдан АТГ-т шалгагдсан юм. Гэхдээ түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон билээ. Ч.Сосорбарамын хувьд Стратеги, удирдлага, төлөвлөлтийн газрын даргаар ажиллаж байгаад Л.Болдтой таараагүй учир зэвсэгт хүчнээс “хөөгдөн” тагнуул руу явсан ч ийнхүү эргээд ирж магадгүй байна.

Батлан хамгаалахын их сургуулийн захирлын албан тушаалд “Казино” хочит, бригадын генерал Д.Энхбаатар очих нь бараг тодорхой болжээ. Энэ томилгоо бодитоор хийгдвэл одоо Батлан хамгаалахын их сургуулийн захирлаар ажиллаж байгаа бригадын генерал З.Болдбаатар тоглоомын гадна үлдэнэ гэсэн үг. 2008 оны сонгуулийн дараа албан тушаалын тохиролцоо ид явагдаж байхад тэрбээр Зэвсэгт хүчний жанжин штабын даргын суудлын төлөө дэслэгч генерал Ц.Бямбажавтай өрсөлдөөд ялагдаж байсан юм.

Төрийн захиргааны удирдлагын газрын даргаа шинэ сайд бараг хөдөлгөхгүй болов уу. Учир нь энэ албан тушаалд Ширчингийн Сүхбаатар гэх эрхэм сууж байгаа. Ж.Энхбаяр түүнийг өөрчилсөн ч тэрбээр шүүхдсээр байгаад суудалдаа эргээд ирсэн. Ингэж явсных нь үр дүн ч өнөөдөр гарч, тэрбээр тэмцэж олсон суудалдаа бат итгэлтэй үлдэж байна.

Батлан хамгаалах салбарт болж буй бужигнаан ингээд дуусахгүй. Цаашид ч үргэлжлэх учир бид үргэлжлүүлэн мэдээлнэ.

Ц.Эрдэнэ

”Өдрийн шуудан”


URL:

Сэтгэгдэл бичих