Ослын буруутан хэн бэ?

Дахиад л барилгад осол гарч, хүний амь нас эрсдэв. Гэхдээ энэ удаа барилгын кран дундуураа нугаран унаж, ажлаа хийж байсан кранист амиа алджээ.

Тодруулбал, Хан-Уул дүүр­гийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших “Хурд” ком­панийн “Рапид харш” орон сууцны хороололд бариг­даж буй барилгын өр­гөгч кран нурсны улмаас кранист 26 настай С амиа ал­дав. Ослыг харсан гэр­чүүдийн мэдээлснээр кран нь өргөж байсан зүйлээ даахгүй байснаас дундуураа хугар­чээ. Кран хугарах үед кра­нист бүхээгнээсээ үсрэн газарт унах үед нь хугар­сан кран дээрээс нь дар­сан байна.

Долоо хоногийн дотор барилгын салбарт аймшигт хоёр ч осол гарч, 12 настай охин, 26 настай залуу нас бар­лаа.

Шил шилээ дарсан энэ айм­шигт ослууд манай улсын барилгын компаниуд хөдөл­­мөрийн аюулгүй байд­лыг хэрхэн хангаж ажил­лад­гийг илэрхийлээд өгч байна. Өмнөх ослын тухайд зөв­­шөөрөлгүй гэдгийг нь мэдсээр байж зогсоож ча­даа­гүй гэдгээр нь НМХГ-ын дар­­га Л.Бямбасүрэнд ха­риуц­­лага хүлээлгэж, ажлаас нь чө­лөөлсөн. Тэгвэл энэ удаа­гийн хэрэгт хэнийг бу­руут­­гаж, хэнд хариуцлага хү­лээл­­гэх вэ, хотын удирд­ла­гууд аа.

Төв цэнгэлдэхийн эр­гэн тойрон дахь газрыг өм­­чилж авсан УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнд үү, барилгын краны бүрэн бүтэн бай­далд хяналт тавьж чадаа­гүй МХЕГ-ын дарга Р.Сод­хүүд үү.

Б.Чойжилсүрэнгийн хувьд “Хурд” группийнхэн хөдөл­­­­мөрийн аюулгүй байдлыг хангаж ажил­ладаг­гүй, краны даацыг хэтрүүл­сэн хэмээн буруутгаж бол­но. Харин МХЕГ-ын дарга Р.Сод­хүүг барилгын үйл ажил­ла­гаа эрхлэгчдэд хяналт тавьж чадаагүй хэмээн хариуц­лага тооцож болох юм.

Хуулиараа бол есөн давх­раас доош барилгыг НМХГ, арван давхраас дээш өндөр­төй баригдаж буй барилгыг МХЕГ хариуцдаг гэнэ. Харин УИХ-ын гишүүн Б.Чой­жилсүрэнгийн эзэмш­дэг “Хурд” группийн осол гарсан барилга есөн давхар аж. Тэгэхээр яалт ч үгүй НМХГ-аас хяналт тавьж чадаа­гүй болж таарах гээд байна.

Харин НМХГ-ын дарга нь нэгэнт ажлаа өгчихсөн учраас энэ асуудлыг МХЕГ-ын дарга­тай холбон тайлбарлах биз. Мэдээж эрдэнэт хүний амь нас эрсэдчихээд байгаа учраас заавал хэн нэгэнд хариуцлага хүлээлгэх нь зөв. Ингэж байж байцаагч нар нь барилгын компаниудад хянал­таа тавьж чаддаг, хяналт тавьж байгаа бай­цаагч нараас барилгын ком­паниуд айж, эмээдэг болох юм шиг байна.

Гэхдээ “Муу л юм болбол хойд захын хар овоохой” гэдэг шиг мэргэжлийн хяналтын байцаагч нар руу дайрч, чичлээд байх нь утга­­­гүй. “Хурд” группийн тухайд хөдөлмөрийн аюул­гүй байдлыг хангаж ажил­лах нь эрхэм гишүүн Б.Чой­жил­сүрэн болон ком­панийнх нь удирд­лагуудын заавал бие­лүүлэх үүрэг. “Хурд” групп олон жил барилга бай­гууламж барилаа. Барь­сан байшин нь сайн муу, чанартай чанаргүйгээр дуу­дуулсаар нэлээд хэдэн жилийг үзэж байна. Одоо хөдөл­­мөрийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагаа гэж юу байдгийг ойлгох цаг болсон.

Тэгэхээр энэ удаагийн осол нэг талаасаа компанийн удирд­лагуудын хариуц­лагагүй, хэнэггүй байдалтай шууд холбоотой. “Манайх л УИХ-ын гишүүн эзэнтэй” гэсэн шиг юм бүхнийг мөнгөөр, албан тушаалаар хэмж­дэг, дарладаг цаг өнгөр­чихөөд байгааг УИХ-ын гишүүн эзэнтэй “Хурд” группийнхэнд ойлгуулах цаг болсон бололтой. Ийм эрс шийдэмгий, зарчимч байдлыг шинэ хотын шинэ дарга нараас улаан­баатарчууд бид хүсч, хүлээж байна. Өмнөх ослын тухайд хотын дарга нарын зүгээс гаргасан шийдэмгий шийдвэрүүд тэднийг хотын энд тэнд хавх шиг баригдаж буй барилгуудыг эмх цэгцэнд нь оруулж чадах юм байна гэсэн найдвар төрүүлсэн.

Ямартай ч “Баатар” дарга маань УИХ-ын гишүүн гэх том сэтэртэй Б.Чой­жилсүрэнгийн сүрэнд даруул­чихгүй бол бүхнийг мөнгөөр хэмждэг “Хурд” группийн эздэд хариуцлага тоо­цох нь дамжиггүй.

Эх сурвалж: “Өглөөний сонин”


URL:

Сэтгэгдэл бичих