Инфляци 14.9 хувиар өсчээ

Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллээр хэрэглээний үнийн улсын индекс (ХҮУИ) 2012 оны наймдугаар сард өмнөх сарынхаас 0.7 хувь, оны эхнээс 11.1 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 14.9 хувиар өсчээ.

Инфляци ийнхүү өмнөх сарынхаас өсөхөд боловсролын үйлчилгээний үнэ дүнгээрээ 15.2 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Инфляцид нөлөөлдөг бас нэг үзүүлэлт болох мөнгөний нийлүүлэлт наймдугаар сарын эцэст 6997.1 тэрбум төг болж, өмнөх сарынхаас 43.6 тэрбум төг буюу 0.6 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 1093.9 тэрбум төг буюу 18.5 хувиар өсчээ.

Гүйлгээнд байгаа бэлэн мөнгө 2012 оны наймдугаар сарын эцэст 814.9 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 13.5 тэрбум төг буюу 1.7 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 109.1 тэрбум төг буюу 15.5 хувиар мөн өссөн байна.


URL:

Сэтгэгдэл бичих