Нүүсэн агентлаг, газруудын хоосон байруудыг яах юм бол?
Засгийн газрын бүтцийг шинээр эмхлэхдээ хуучин байсан 43 агентлагаас 15-ыг нь татан буулгасан. Сайдынх нь эрхэлж буй ажилтай чиг үүрэг нь давхардсан гэх Ойн газар, Усны газар, Мэргэжлийн боловсрол, сургалтын газар, Дипломат байгууллагын үйлчилгээ, аж ахуйн газар, Удирдлагын академи, Төр засгийн үйлчилгээний газар, Соёл, урлагийн хороо, Биеийн тамир, спортын газар, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, Эрчим хүчний газар, Эрүүл мэндийн газар, Авто тээврийн газар, Авто замын газар, Гадаадын хөрөнгө оруулалтын газар, Төмөр замын газар гэсэн эдгээр агентлагийг харьяалагдах яамд дээр нь төвлөрүүлэн ажиллуулж эхэлсэн. Эрчим хүчний зохицуулах газар Эрчим хүчний яаманд, Ойн газар, Усны газар Байгаль орчин, ногоон хөгжлийн яам руу гэх мэтээр харьяаллаараа татагдан очоод буй.
Спорт, соёл, аялал жуулчлалын яаманд нэгтгэгдсэн Соёл урлагийн хороо, Биеийн тамир, спортын газраар орлоо. Соёл урлагийн хороо Соёлын төв өргөөний 11 дүгээр давхарт үйл ажиллагаагаа явуулдаг байсан. Тус хорооныхон Засгийн газрын X байрт байрлаж буй харьяа яам руугаа хэдийнэ нүүжээ. Соёлын төв өргөөнд бүхэл бүтэн нэг давхрыг эзэлдэг байсан тус хорооныхон шинэ яамандаа гурван өрөөнд олуулаа чихэлдэж, их л тухгүй сууцгааж байгаа гэнэ.
Хуучин офисст нь ганцхан үйлчлэгчээс өөр хүн алга байсан. Тэрээр энд эзэнгүй үлдсэн хэдэн өрөө, сандал, ширээгээ манаж, хажуугаар нь үйлчлэгчийнхээ ажлыг давхар хийж байгаа аж.
Харин Биеийн тамир, спортын газрынхан уржигдраас яам руугаа бичиг цааснаасаа эхлээд зөөж, нүүх ажлаа эхлүүлжээ. Энэ газрынхан олон хэлтэс, алба, ажилтнуудтай. Яам руу чухам хэн нь нүүх талаар шийдвэр одоогоор тодорхой гараагүй байгаа болохоор ажилтнууд нь яам руу очих үгүйгээ мэдэхгүй, хүлээлтийн байдалтай л байцгаана.
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын эрхлэх чиг үүргийн хүрээнд шилжсэн Хүүхдийн төлөө үндэсний газрынхныг дотроо будлиантай, байр савны асуудалтай байгаа талаар мэдээлэл гараад байсан.
Монголын залуучуудын холбооны “В” корпуст байрладаг Хүүхдийн төлөө үндэсний газар пионерын байгууллага гэж байх үеэс л энд үйл ажиллагаагаа явуулаад бараг гуч орчим жил болж байгаа юм. Хүүхдийн эрх ашгийг хамгаалах, хүүхэд рүү хандсан үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд энэ байранд төвлөрдөг байсан. Харин нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн долдугаар зүйлийн 7.1 дэх заалт, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын өгсөн албан даалгаврыг хэрэгжүүлэх зорилгоор тэдгээр байгууллагыг байрнаасаа гаргаж эхэлсэн байна. Байр суларсны дараа засвар хийгээд Нийгмийн халамжийн үйлчилгээний газрыг энд оруулахаар болжээ. Ингэхээр Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны харьяа Нийгмийн халамжийн үйлчилгээний газар, Хүүхдийн төлөө үндэсний газар нэг дор байрлаж үйл ажиллагаагаа явуулахаар болж байгаа юм байна. Хүүхдийн төлөө үндэсний газрын ажилтнууд “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу манай байранд үйл ажиллагаа явуулж байсан хувийн аж ахуй нэгжүүдийг гаргасан. Одоо ингэхээр энэ байранд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны хоёр агентлаг байршихаар болж байгаа гэсэн үг. Түүнээс биш манай газрынхан дотроо будлиад, ямар нэг асуудал үүсгэсэн зүйлгүй. Ташаа мэдээлэл гарчээ. Манайх үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна” гэсэн хариулт өглөө.
Шинэ зохион байгуулалтад орсон зарим агентлаг газрууд ийнхүү яам руугаа нүүх нь нүүгээд, нэгдэх нь нэгдээд эхэлжээ. Гэхдээ ямар хэлтэс, албан тушаалтан нь яам руу нүүж, хэн нь үлдэхийгээ төдийлөн мэдэхгүй байгаа нь анзаарагдлаа. Бас яам руугаа татагдан очсон газруудын эзэнгүй байрыг чухам яах нь ч мэдэгдэхгүй байгаа юм.
Д.САРУУЛ
URL:




