Их дээд сургуулийн захирлуудыг ил авлигын хэргээр АТГ-т шалгуулахаар боллоо
Нэр бүхий их дээд сургуулиуд хандив нэрээр элсэлтийн шалгалтад хангалттай оноо авч чадаагүй хүүхдүүдээс их хэмжээний мөнгө авч, элсүүлж буйг эсэргүүцэн МОХ-ноос мэдээлэл хийлээ. Тэд энэ үеэр албан ёсоор хандивын анги нээсэн хэд хэдэн сургуулийг нэрлэж, захирлуудад нь хариуцлага хүлээлгэх, цаашлаад холбогдох эрх бүхий байгууллагад хандив нэрээр олсон мөнгөө юунд зарцуулдгийг тайлагнахыг шаардсан юм.
Тус мэдээллийг МОХ-ны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Д.Батбаяр, тус холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Н.Бямбагэрэл, Олон нийттэй харилцах хэлтсийн дарга Э.Батжаргал нар өгсөн юм. Өдгөө боловсролын салбарт ил болоод буй хандивыг таслан зогсоох талаар өнгөрөгч 2005 онд тухайн үеийн БСШУ-ы сайд Цагааны 148 тоот тушаал гарч байжээ. Гэтэл уг тушаал өдгөө цаасан дээр бууснаас цаашгүй байгааг тэд шүүмжилж байсан юм.
Түүнчлэн тухайн үеийн Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ц.Элбэгдоржийн үеэс энэ хууль бус үйлдэл газар авч, өдгөө ил цагаандаа тулаад байна хэмээн МОХ-ныхон хэлж байсан. Тодруулбал, салбарын сайдын гаргасан тушаалыг хэрэгжүүлэх тал дээр Ерөнхий сайд огт хяналт тавиагүйгээс гадна боловсролын салбар дахь авлигыг улам бүр цэцэглэн гааруулсан гэдгийг ч хэлж байв.
Ингээд боловсролын салбар дахь ил авлигын талаар МОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Н.Бямбагэрэлээс зарим зүйлийг тодрууллаа.
-Хандив нэрээр оюутан элсүүлж байгаа хэчнээн их, дээд сургууль байна вэ?
-Өнөөдрийн байдлаар яг хэчнээн оюутан хандивын ангид суралцаж байгааг тогтоох боломж олдохгүй байна. Учир нь аль ангидаа хэчнээн хүүхдийг хандиваар суралцуулж буйгаа хэлэх сургууль олдохгүй байна. Дээрээс нь оюутнууд тухайн сургуульд хандиваар суралцаж буйгаа хэлэх нь бүү хэл аль болох нуудгаас болоод бидэнд тодорхой тоо алга. Харин хандиваар хүүхэд элсүүлж байгаа хэд хэдэн сургууль байна. Үүнд манай улсын ууган сургууль болох МУИС, ЭМШУИС, Хүмүүнлэгийн ухааны их сургууль, “Ач”, “Этүгэн”, “Оточ маарамба” зэрэг сургуулиуд ил тодоор хандивын анги нээсэн байна. Тухайлбал, тэр ангид тэдэн төгрөгөөр элсүүлнэ, дансны дугаар тэд гэх мэтчилэнгээр нийтэд ил зарладаг болсон. Энэ бол боловсролын салбарт шинэчлэл яригдаж буй энэ цаг үед жинхэнэ эмгэнэл, доройтол юм гэж бид үзэж байгаа. Түүнчлэн хичээлээ сайн хийсэн, шалгалтандаа хангалттай оноо авсан хүүхдүүд чадлаараа ордог сургуульд аль мөнгөтэй нь элсэж байгаа нь хууль бус үйлдэл юм.
-Хүүхдүүд хандивын ангид ямар журмаар, хэчнээн төгрөгөөр элсэж байна вэ?
-Хандивын анги нэртэй бизнесийг хамгийн төгс хэлбэрээр нь хөгжүүлж байгаа сургууль бол МУИС болон Хүмүүнлэгийн ухааны их сургууль байна. Элсэлтийн шалгалтаа хангалттай өгөөгүй хүүхдүүд ямар байдлаар танай сургуульд суралцах боломж байна вэ, өргөдөл бичих үү гэх зэргийг асуусан тохиолдолд хандивын анги хариуцсан тусгай хүн сууж байх жишээтэй. Энэ хүн шууд л хандивын ангийг санал болгодог. Тэдийг төлбөл манай сургуулийн үүд хаалга нээлттэй гээд л сууж байна шүү дээ. Дээрх сургуулиуд хамгийн их буюу 4-4.5 сая төгрөгөөр хандивын ангидаа оюутан элсүүлж байна. Харин бусад сургуулиуд 1.5-5 саяын хооронд оюутан элсүүлж байна.
-Та бүхний зүгээс энэ асуудалд ямар шаардлага тавьж байна вэ. Эрх бүхий байгууллагад дээрх сургуулиудыг шалгуулах хүсэлтээ албан ёсоор тавьсан уу?
-Хандив нэрээр нээсэн дээрх сургуулиудын дансанд орж буй мөнгө чухам юунд, хэрхэн зарцуулагдаж байгаа нь үргэлж хаалттай байсаар ирсэн. Нэгдүгээрт, дээрх сургуулиуд уг мөнгийг хэрхэн, яаж зарцуулдгаа тайлагнах шаардлагатай. Хоёрдугаарт, албан ёсоор гарсан салбарын сайдынх нь тушаал байсаар атал мөрдөлгүй явсаар өдий хүрсэн. Төрийн сайдын тушаал шийдвэрийг үл тоосныхоо төлөө тухайн сургуулиудын удирдлагууд хариуцлага хүлээх ёстой гэж бид үзэж байгаа. Тиймээс бид өнөөдрөөс эхлэн БШУЯ болон АТГ-т газарт дээрх их, дээд сургуулиудын захирлуудыг шалгуулах талаар албан ёсны хүсэлтээ гаргаж, хандахаар болоод байна.
-Хандивын ангид хүүхэд элсүүлдэг явдал боловсролын салбарт хэдийнэ газар авч, ил тод болсон. Та бүхний зүгээс өнгөрсөн хугацаанд энэ асуудалд хэрхэн хяналт тавьж байв?
-Өнгөрсөн хугацаанд бид хандивын ангийг таслан зогсоох талаар хангалттай хэлж ярьсаар ирсэн ч төдийлөн үр дүнд хүрээгүй. Учир нь бид тухайн их, дээд сургуулиудад сануулга өгч, хөндлөнгөөс байр сууриа илэрхийлэхээс хэтрэхгүй байгууллага учраас тэр. Харин эрх бүхий байгууллагууд хөдлөхгүй явсаар өдий хүрчихээд байгаа нь энэ л дээ.
М.Өнөржаргал
Эх сурвалж: unen.mn
URL:




