О.Баасанхүү: Хүнд битгий хэлээрэй гэсэн байхад яагаад хэлээд яваа юм
УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй ярилцлаа.
-Өмгөөлөгч Баасанхүү, УИХ-ын гишүүн Баасанхүү байхын ялгааг мэдэрч байна уу. Хоёулаа эндээс яриагаа эхлэх үү?
-Хуулийн практикт ажиллаж байсан болохоор хүнд зүйл алга. Мэдээж суралцах, судлах зүйл байна. Өнгөрсөн 15 жил өмгөөлөл хийсэн туршлага минь надад их тус болж байна. Парламентад орж ирээд их завгүй боллоо. Салбар бүрийн асуудал руу ордог учраас зав муутай болдог юм байна.
-О.Баасанхүү өмгөөлөгч яагаад УИХ-ын гишүүн болчихов оо гэж асуух хүмүүстэй энэ хугацаанд нэлээд таарлаа…
-Бусдын өмнөөс санаа зовдог хүн ямар их байдаг юм бэ. Үнэнийг хэлэхэд намайг 90 жилийн түүхтэй намын нэрийг сэргээхээр зүтгэж байхад “О.Баасанхүү яагаад МАН-ын эсрэг явчихав” гэж хэлэх хүмүүс байлаа. Мөн Н.Энхбаяр Ерөнхийлөгчийг өмгөөлж байхад намайг хэрэгт хийчихэж ч болох байсан. Миний хувьд тодорхой зорилготой, өөрийн бодолдоо үнэнч ажиллаж ирлээ. Тиймдээ ч УИХ-д орж, тангаргаа өргөлөө. Чухам яагаад ороод ирсэн нь сонин биш шүү дээ. Цаашид юу хийх нь чухал байна. Үүнийг цаг хугацаа харуулна.
-Таны хувьд улс төрд төдийлөн танигдаагүй хүмүүсийн нэг. Гэнэт парламентад ороод ирсэн нь хүмүүст сонирхолтой санагдсан…
-Хүнд танигдана гэдэг тийм чухал гэж үү. Хэнд ч танигдаагүй мөртлөө салбар салбартаа мундаг яваа хүмүүс зөндөө бий. Үүгээрээ би өөрийгеө мундаг гэж хэлээд байгаа юм биш. Өнгөрсөн сонгууль бол өөр сонголт байдаг юм шүү гэдгийг ард түмэнд харуулсан. Монголчууд өөрчлөлт хийнэ гэдгээс айдаг ард түмэн юм шиг санагддаг. Үүний илрэл нь өнөөдрийн парламентад зурагдсан пянз шиг нөхдүүд байсаар байгаад оршиж байна. Тэд “амьд” үлдэхийн тулд элдэв арга хэрэглэсээр яваа шүү дээ. Одоо Монгол Улсаа хар даа. Хүн амын таван хувь нь хэт баян. 95 хувь нь ядуу. Дундаж өрх манай улсад үгүй болчихсон байгаа биз дээ. Үүнийг цэгцлэхийн тулд баячуудын хөрөнгийг хурааж, бусдад нь тараалтай биш. Коммунизмын үе биш болохоор тийм боломж алга. Тэгэхээр эдийн засгийн эргэлтэд оруулж, татварын ялгавартай бодлого явуулж тэгш бус байдлыг арилгая гэлээ. Харамсалтай нь энэ саналыг байнгын хорооны хурлаар дэмжихгүй байна шүү дээ. Ийм л сэтгэлгээтэй хүмүүс энэ парламентыг бүрдүүлсээр ирлээ. Худлаа л ард түмэн гэж ярьсан хүмүүс. Миний хувьд ард түмний дуу хоолой болж явахыг хүсч байна. Түүнээс биш хувийн эрх ашиг бодохгүй. Бусдыг бодвол би хэнд ч өргүй. Гишүүдийг хараад байхад сонгуулиар өчнөөн мөнгөний өр тавьсан байдаг. Эсвэл хэн нэгэнд албан тушаалын өртэй яваа. Харин бардам хэлэхэд би өргүй хүн.
-Намдаа өргүй юм уу?
-Үгүй. Яагаад намд өртэй байна гэж.
-Жагсаалтад бичиж таныг гишүүн болгож өгсөнд?
-Хүн болгонд амбиц бий. Мэдээж сонгуулийн өмнө намын жагсаалтын эхний нэг, хоёрт бичигдэх юмсан гэж бодно. Гэхдээ би хэдэд жагслаа, мэдэж байгаа биз дээ. Тиймээс хэн нэгэнд төлөх өр байхгүй. Надад эрх чөлөө байгаа учраас та нарын өмнөөс ярих эрх байна. Ард түмэн эрх чөлөөтэй ажиллах гишүүнтэй болохыг хүссэн байхгүй юу.
-Та ард түмэнд ч өргүй гэж үү. Гэхдээ хүмүүс та нарт эрх чөлөө олгох гэж сонгоогүй. Өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалуулах гэсэн байх…
-Ард түмэндээ өртэй. Энэ үүргээ ухамсарлаж, УИХ-аас гаргасан шийдвэрүүдийг иргэддээ ярьж, хэлж явах бодолтой байна. Орон нутгийн сонгуулийн хууль сая батлагдлаа. Тиймээс зургаа, долоон аймгаар явж энэ хуулийг сурталчилж, сүүлийн үеийн нөхцөл байдлыг тайлбарлахаар төлөвлөсөн байгаа. Ер нь УИХ-д сонгогдсон гишүүн бүр ард түмний өмнө үүрэг хүлээх ёстой шүү дээ. Тойргоос сонгогдсон, намын жагсаалтаар орж ирсэн гэж хоёр хувааж ялгах хэрэггүй.
-Н.Энхбаяр дарга өөрийнхөө хүмүүсийг жагсаалтын дээгүүр бичиж парламентын гишүүн болох боломжийг бүрдүүлж өгсөн гэх юм. Тухайлбал, З.Баянсэлэнгэ гишүүн та хоёрыг хүмүүс онцолж яриад байгаа?
-Сонгуулийн өмнө Н.Энхбаяр дарга ямар байдалтай байсныг хүмүүс мартчих юм аа. Н.Энхбаяр дарга өлсгөлөн зарлаж, амь насаараа дэнчин тавьчихсан байлаа. Юун тэр намын жагсаалтын наймд Баасанхүүг, долдугаарт нь Баянсэлэнгийг бичих тухай бодохтой манатай. Юм болгоныг Н.Энхбаяр даргатай холбож хардах ньутгагүй шүү дээ. Манай нам бодлогоороо хэлэлцээд жагсаалтад бичигдэх хүмүүсээ тодорхой болгосон.
-Тэгвэл УИХ-ын гишүүн болсон нь таны аз гэдэгтэй санал нийлэх үү?
-Аз гэдэг бол сохор. Үнэндээ би азанд итгэдэггүй. Ер нь санамсаргүй тохиолдол байдаг гэдэгт итгэдэггүй. Бүх зүйл цаанаасаа учир ерөөлөөр бүтдэг гэж боддог.
-Саяхан Ц.Оюунбаатар гуай ярилцлага өгөхдөө ярьсан байгаа. Н.Энхбаяр дарга Ц.Цолмон, Ц.Оюунбаатар та гурвыг УИХ-ын гишүүнийхээ түр үнэмлэхййг авалгүй хүлээж байгаарай гэж гуйсан юм билээ. Гэтэл та “Хүнд битгий хэлээрэй” гээд үнэмлэхээ нууцаар очоод авчихсан гэл үү?
-Хүнд битгий хэлээрэй гэсэн байхад яагаад хэлээд яваад байгаа юм. Тэгэхээр бид хоёрын хэн нь жудагтай байна вэ. За энэ бол наргиан шүү. Ний нуугүй хэлэхэд тэр асуудал сонин биш. Үнэмлэхээ хэзээ, яаж авсан нь хүмүүст тийм чухал юм уу.
Хүн магтуулахын тулд заавал ийм хов живийн чанартай юм ярих хэрэггүй. Өдий насны хүн байж ийм юм ярих нь ичмээр л юм. Харин надад ичээд байх юм алга. Шууд хэлэхэд би ямар ч асуудлыг хуульд нийцэж байна уу, үгүй юу гэдгийг өөрөө тунгаан бодсоны эцэст шийдэл гаргадаг.
Үнэндээ Ц.Оюунбаатар гэдэг хүн бол МАХН-ын гишүүн биш шүү дээ. Аль нэг намын гишүүн биш юм уу гэхээр нам бусчуудын холбооны гишүүн гээд байдаг. Тэгэхээр төрийн бус байгууллагын тэргүүн гэдэг өнцгөөр улс төрд орно гэвэл боломжгүй. Хуульд иргэн хүн сонгуульд оръё гэвэл нэг бол бие даагч эвсэл намын гишүүн байх ёстой гэж заасан байгаа. Үүнийг л баримтлах болов уу. Түүнээс биш надаас болоод Ц.Оюунбаатар УИХ-ын гишүүн болж чадахгүй байна гэвэл түүн шиг худлаа зүйл байхгүй.
-МАХН-ын гишүүн биш юм бол анхнаасаа яагаад намын жагсаалтад бичсэн юм бэ?
-Намын жагсаалтад хэнийг бичихийг би мэддэг юм биш. Хэрвээ надад тийм мэдэл байсан бол жагсаалтын нэгдүгээрт өөрийгөө бичмээр л байна ш дээ. Жагсаалтад хэнийг бичих вэ гэдгээ намаараа ярьж байгаад шийдсэн. Тэр үед би ч байгаагүй.
-Хаана байсан юм бэ?
-Завгүй байсан. Хүн үхэх гэж байсан биз дээ.
-Тэгвэл МАХН ямар ч бодлогогүйгээр хэн таарсныгаа жагсаалтад бичээд УИХ-ын гишүүн болгочихсон гэдэг нь нотлогдож байгаа хэрэг үү?
-Яалаа гэж дээ. Манай нам бүтэцтэй. Намын анхан, дунд шатны байгууллагаас санал авч, УИХ-д нэр дэвшүүлэх хүмүүсээ өрсөлдүүлж байж гаргаж ирсэн. Мэдээж хүн болгон жагсаалтын дээгүүр орохыг хүсч байсан. Гэвч түүнийгээ илэрхийлэх боломжгүй. Жагсаалтыг цэвэр өрсөлдөөний зарчмаар гаргасан. Ийм зүйл ярихаа боль л доо. Өнөөдөр Монголд шийдэх ёстой чухал асуудал олон байна. Монгол Улс мөнгөтэй байна уу, Засгийн газар нь хэр тогтвортой ажиллах юм бэ гэдэг асуудал санаа зовоож байна. Наад зах нь би өнөөдөр нэг тогтоолын төсөл батлуулчих гээд үзээд байна.
-Ямар тогтоолын төсөл?
-Монгол судлалыг шинжлэх ухааны тэргүүлэх салбар болгох талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээ гэсэн тогтоолын төсөл батлуулах гэсэн юм. Бид энэ сэдвийг л яримаар байна. Ардчилсан намыг албан тушаалын томилгоогоо бушуулаач гэдэг шаардлагыг тавьж байгаа. Гэтэл одоо болтол дэд сайд томилохгүй байна шүү дээ. Манай эвсэл дөрвөн дэд сайдынхаа нэрийг өгчихсөн. Тэггэл АН бойкотлоод дэд сайд нарыг томилохгүй байна.
-Танай эвслээс дэвшүүлсэн хүмүүс дэд сайдын суудалд жулдаад байна гэдэг яриа гарчихсан байна лээ…
-Тэгвэл тэр хүмүүсийн нэрийг буцаа л даа. Гол нь үүнийг хэлэлцээд тийм, үгүй гэдэг хариултын аль нэгийг өгөх ёстой. Эцсийн эцэст асуудлыг хэлэлцэхгүй байна гэдэг нь цаанаа учиртай байхгүй юу.
-Та Ц.Оюунбаатарын оронд Э.Батшугарыг гишүүн болгох санаатай байгаа юм биш үү?
-Үгүй. Тэр байгаасай, энэ байгаасай гэж бодохгүй байна. Намын бүлгээ УИХ-д цул байдлаар яваасай гэж хүсч байна. Ямар нэг байдлаар өөр үзэл бодол битгий орж ирээсэй гэж бодож байгаа.
Ер нь намайг УИХ-ын гишүүнийхээ түр үнэмлэхийг авалгүй хүлээж бай гэж Н.Энхбаяр дарга ч хэлээгүй. Манай намын эвслийн зөвлөл “Та түр хүлээж байгаарай. Эвслээс шийдвэр гаргана шүү” гэсэн. Миний хувьд УИХ-д суух эвслийн бүлгийн 11 дэх гишүүнээ яах вэ гэдэг асуудлыг байнга тавьж байгаа. Ц.Оюунбаатарыг УИХ-д оруулж ирэх үү, үгүй юу гэдгийг эвслийн зөвлөл шийдэх учиртай. Тиймээс хүлээж байна. Хуульч хүнийхээ хувьд ярихад намын жагсаалтын аравт бичигдсэн хүн нас барчихлаа гэж бодъё. Тэгвэл 11-д бичигдсэн хүн автоматаар УИХ-д орж ирэх үү. Үгүй шүү дээ. Нам эвсэл нь хуралдаж 11-д байгаа хүнийг оруулах уу эсвэл өөр хүн сонгох уу гэдгээ шийднэ. Ийм л зарчмаар явах ёстой.
-Таныг тангараг өргүүлэх үү, өөр хүн оруулах уу гэдгээ эвслийн зөвлөл шийдээгүй байхад нь түр үнэмлэхээ нууцаар очоод авчихсан гэж ойлгоод байна л даа…
-Түр үнэмлэхэд ач холбогдол битгий өг л дөө. Түр үнэмлэх бол түр л үнэмлэх. УИХ-ын гишүүн тангараг өргөснөөр бүрэн эрх нь баталгаажна шүү дээ. Манай эвслээс “Түр үнэмлэхээ битгий аваарай. Болохгүй шүү” гэж огт хэлээгүй. Тэгж хэлсэн хүн байгаа бол ил гаргаад ир. Би баримттай зүйл ярьж байна.
-Та УИХ-ын гишүүн болохын тулд Н.Энхбаяр даргынхаа үгийг үл ойшоосон гэдэг дүгнэлтийг энэ яриа олон нийтэд төрүүлээд байгаа…
-Инээсэн болгон нөхөр биш. Уурласан болгон дайсан биш гэдэг дээ. Өнөөдөр хийх ёстой зүйлээ хийгээд, ярих ёстой юмаа яриад явж байна. Энэ утгаараа би ард түмний өмнө ил хүн. Тиймээс Н.Энхбаяр дарга бид хоёрын дунд зориуд яс хаяж байна. Яахав Баасанхүү олон хүний но-г мэдээд байгаа учраас ингэдэг ч байж мэднэ.
- Ямар хүмүүсийн?
-Прокуроруудын ёс зүйгүйг мэдэж байгаа. Гэх мэтчилэн олон зүйлийг мэднэ. Ийм учраас Н.Энхбаяр гэдэг хүнээс холдуулахсан гэхээс байж ядаж байна.
-Шударга яривал Ц.Оюунбаатар тантай адилхан жагсаалтад бичигдсэн учраас УИХ-д маргаангүйгээр орж ирэх ёстой биш гэж үү?
-Оюунбаатарыг УИХ-ын гишүүн байж болохгүй гэж би хэлээгүй шүү дээ. Ямар ч байсан намайг УИХ-ын гишүүн болгох эвслийн шийдвэр гарсан учраас Ц.Цолмон гишүүн бид хоёр тангаргаа өргөсөн.
-Тэгэхээр хоёулаа таны улс төрд анх орж ирсэн тэр цаг үеийн тухай ярья. МАХН-тай яаж холбогдож байв?
-Ц.Шинэбаяр гишүүнийг эртнээс мэддэг байсан. Тэрээр Дорнодын ИТХ-ын гишүүн байсан. Тухайн үед Дорнодод ажил хөөцөлдөж яваад түүнтэй танилцсан юм. Үүнээс хойш тэр удалгүй УИХ-ын гишүүн болсон. Дараа нь МАХН нэрээ сольж, асуудлууд ар араасаа цуварсан. Тэгэхэд нэг хуульч хүн “Намын нэр, хүний нэр өмч мөн” гэж ярьсныг хараад би “Нам, хүний нэр өмч биш” гэдэг ярилцлага өгсөн юм. Тэгсэн Ц.Шинэбаяр гишүүн над руу утасдсанаар МАХН нэрийг сэргээх ажлыг хөөцөлдөж эхэлсэн. Ингээд намын нэрээ сэргээсэн юм. Уг нь би 1994-2011 он хүртэл Ардчилсан намын идэвхгүй гишүүн байлаа шүү дээ.
-Тийм үү?
-1994 онд Социалдемократ намд элссэн юм. 2011 онд хуулийн дагуу өргөдлөө өгөөд намаасаа гарч, МАХН-д элссэн. Миний багш Социалдемократ намыг үүсгэн байгуулагч долоогийн нэг байсан. Багш маань “Сэхээтэн хүн сэхээтэн намд байх ёстой” гэж хэлээд оруулчихсан юмдаг. Хамгийн сонирхолтой нь би Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хүний эрхийн орон тооны бус зөвлөлд байлаа. Ч.Сосормаа даргыг байхад ажиллаж байгаад хүний эрхийн маргаанаас болоод гарсан.
-Ямар маргаан болсон юм бэ?
-Хүний эрх гэдэг бол хөнжлийн эрх биш ээ гэж маргалдсан хэрэг. Ингээд бодохоор Н.Энхбаяр даргатай хамтран ажиллаад тийм ч удаагүй юм байна. Гэхдээ бат итгэсэн зүйлдээ үнэхээр үнэнч явдаг чанар надад байдаг. Шарыг харж шарваж, улааныг үзэж урвадаггүй. Ямар ч зүйлд эрх ашиг харж явсан түүх үгүй.
-Таныг АН-д гомдогсдын нэг гэж ойлгож болох уу?
-Тийм муухай зүйл битгий ярь л даа. АН намайг яагаа ч үгүй.
-АН-аас урвасан юм уу?
-Нэг намаас нөгөө нам руу орох нь хэвийн үзэгдэл шүү дээ. Хүн болгон л ардчилалд дуртай байдаг. Тийм учраас хүүхэд байхаасаа ардчиллын төлөө явсан. Одоо ч түүний төлөө зүтгэж байна. Ардчиллыг хэрэгжүүлнэ гэсэн нам маань өнгөрсөн 20 жилд буруу явсан. Цөөн хэдэн хүн энэ намын нэрээр шоу хийж амьдарч байна. Ардын нам ч ялгаагүй. Харин Ардын намаас хөөрхий ядуус, хэн ч биш гэж гологдсон гэхдээ үзэл баримтлалдаа үнэнч хүмүүс нь МАХН-даа үлдсэн. Энэ 25 мянган хүнийг хараад би сонголтоо хийсэн юм. Тийм учраас манай нам суурьтай.
-Сүүлд Н.Энхбаяр даргыг дагаад Ц.Шинэбаяр гишүүнээс урвасан тал бий юу?
-Үгүй шүү дээ. Ц.Шинэбаяр гишүүнийг МАХН-аас гараагүй, дэд дарга хэвээрээ байгаа гэж бид мянга түмэн удаа хэлж байлаа. Гэвч тэр өөрөө л тийм сонголт хийсэн. Түүний сонголтыг дагасан бол миний зөв байх ёстой юм уу. Ийм юм битгий ярь л даа. Хов жив яримааргүй байна. Би бүх зүйлийг сайхнаар төсөөлж явдаг хүн. Ер нь интернэтээр миний тухай бичсэн комментуудыг ч унших дургүй. Хүүхэд нас маань гэр хороололд өнгөрсөн. Хүүхэд байхад хашаан дээр янз бүрийн юм бичдэг байсан даа. Тэр бүгдийг уншихыг хүсдэггүй байлаа.
-Та ер нь ямар хүүхэд байсан бэ?
-Идэвхтэй хүүхэд байсан. Их сургуулийн хуулийн ангийг улаан дипломтой төгссөн. Их сургуульд байхдаа тестийн шалгалтыг будлиантуулж, арын хаалгаар хүүхэд элсүүлдэг байсныг эсэргүүцэж явлаа. Тестийн шалгалтад орсон арын хаалганы хүүхдүүдэд мэдэгддэг нууц дохиог нь багштайгаа хамт олчихоод асуудал тавьж байлаа. Мэдээж оюутан байсан учраас энэ ажил маань тодорхой хэмжээнд очоод гацсан. Нэлээд эсэргүүцэгч, тэмцэгч чанартай хүүхэд явлаа. Манай ээж машин буддаг байсан юм. Тэгсэн будагчны хүүхэд будагчин байх ёстой гэж хэлээд надаар ангийн ширээ будуулна. Түүнийг нь эсэргүүцээд бөөн юм болдог байлаа.
-Яагаад эсэргүүцдэг байв?
-Нийгмийн ялгаварлалын эсрэг зогсдог байсандаа тэр. Ядарсан хүмүүст ямар нэг аргаар туслахсан гэж боддог. Голын эрэг дээр гарч хүмүүсийг татаж амьдрах сан гэдэг бол миний мөрөөдөл байсан. Тийм ч учраас маргааш Чингэлтэй дүүргийн 30 оюутанд тэтгэлэг олгох ажлыг солонгосчуудтай хамтарч зохион байгуулах гэж байна. Ер нь надад хэлэх үг, хийсэн ажил байдаг. Түүнээс биш зүгээр явж байгаад гишүүн болчихсон юм биш. С.Зориг агсны хэлсэн “Монгол хүний саруул ухаан агуу” гэдэг үгэнд итгэж явдаг юм шүү. С.Зориг агсны амиа алдсан тэр байшинд 15 жил оффис түрээсэлж суусан даа, би. Тэр хүнийг хүндэлж явдаг. Би сургуулиа төгсөөд одоогийн Төрийн захиргаа удирдлагын академид багшилсан. Тэгээд олон улсын байгууллагад ажиллаж, гадаад хүмүүст эрх зүйн тусламж үзүүлдэг байлаа. Дэлхийн 105 оронд очиход намайг гээд уулзах хүн байдаг байхгүй юу. Үүгээрээ би өөрийгөө баян гэж боддог.
-Таны чухал царайтай зураг энд тэнд харагдах болжээ. Гишүүн болсноосоо хойш авахуулсан юм уу?
-Үгүй ээ. Уг нь өнгөрсөн сонгуулиар би Баянзүрх дүүрэгт нэр дэвшихээр төлөвлөчихсөн байсан юм. Хүн л юм хойно тодорхой хэмжээгээр сонгуульдаа бэлтгэж байлаа. Тэгээд дөрөвдүгээр сарын 13-нд телевизэд ярилцлага өгөх гээд явж байтал гэнэт Н.Энхбаяр даргыг баривчилсан.
-Түүнийг өмгөөлөх хэрэгтэй болсон учраас жагсаалт руу орсон юм байна…
-Тэгж л ойлго доо. Үнэхээр би завгүй болсон. Та нар харсан биз дээ.
Я.МӨНГӨНЦЭЦЭГ
URL:













