Хүний амь хохироож буй аж ахуйн нэгжүүдтэй хариуцлага тооцно гэв
Сүүлийн үед нийслэлд баригдаж буй барилгын ажлын явцад хүний амь эрсдэх, гэмтэх, ноцтой хэрэг зөрчил удаа дараа гарч байгаа тул УИХ-ын дарга захирамж гаргасан билээ. Уг захирамжийн дагуу Барилгын тухай болон Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулиуд, тэдгээртэй холбоотой бусад хууль тогтоомжийн биелэлтийг шалгаж, санал дүгнэлт гаргах ажлын хэсэг байгуулагдлаа. Тус хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Ж.Батзандан ажиллах бол гишүүдэд нь О.Баасанхүү, С.Ганбаатар нарын долоон гишүүн багтаж байгаа юм байна. Тэд өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийв.
Ажлын хэсэг шалгалтаа есдүгээр сарын 18-наас аравдугаар сарын 1-ний хооронд хийж гүйцэтгэж, аравдугаар сарын 5-ны дотор УИХ-д танилцуулах аж. Ажлын хэсэгт мэргэжил, аргазүйн туслалцаа үзүүлэх гурван дэд хэсэг байгуулсан бөгөөд барилга, хот байгуулалтын, хөдөлмөрийн аюулгүй байдлын, эрүүл ахуйн гэсэн чиглэлтэй байх гэнэ.
Энэ талаар ажлын хэсгийн ахлагч Ж.Батзандан “Зах зээлийн эдийн засгийн сул тал болох зэрлэг капитализмтай тэмцэх энэхүү ажлаа МХЕГ-ын дарга Р.Содхүү болон хүний амь нас хохироож буй аж ахуйн нэгжүүдийн удирдлагатай хариуцлага тооцохоос эхэлнэ” хэмээж байсан юм.
Харин С.Ганбаатар гишүүн “Хууль бус үйл ажиллагааны хохирогч болсон жирийн хүмүүсийн төлөө төр хариуцлага хүлээх ёстой. Тухайн аймаг, дүүргийн Засаг даргад нэн түрүүнд хариуцлага хүлээлгэх ёстой, улмаар мөнгө олж бизнес хийж буй аж ахуйн нэгжийн эзэд, тэгээд мэргэжлийн хяналтын улсын байцаагч нартай хариуцлага тооцох ёстой. Энэ талын хуульд тогтоомжид өөрчлөлт оруулах учиртай. Энэ ч үүднээс манай ажлын хэсэг ажлаа эхэлнэ” гэж байлаа.
Т.ГЭРЭЛ
medee.mn
URL:





