Дэд сайдуудын өчигдөр, өнөөдөр

Засгийн газар өнгөрсөн бямба гаригт хуралдаж яамдуудын дэд сайдыг томиллоо. Шинэчлэлийн Засгийн газарт ажиллах дэд сайдуудын олонхи нь АН-ын “Алтангадас” фракц буюу Ерөнхий сайд Н.Алтанхуягийн багаас орсон нь харагдаж байна.

Н.Алтанхуягийн буюу “Алтангадас”-ынхан

Боловсрол, шинжлэх ухааны дэд сайдаар томилогдсон Б.Ургамалцэцэгийг “Алтангадас” фракцийнх гэдгийг уншигчид андахгүй биз ээ. Тэрбээр улс төр дэх олон жилээ АН-ын арын албанд өнгөрөөсөн нэгэн. Харин Н.Алтанхуягийн АН-ын дарга болсны дараа намынхаа удирдах албан тушаалд дэвшиж Хүний нөөц хариуцсан нарийн бичгийн дарга болсон. Сонгуулийн өмнө “Монгол хүн 2020” хөтөлбөрийн санал асуулгаар 21 аймгаар явж, намаа ялуулахад багагүй хөдөлмөрлөсөн нэгэн. Мэргэжил, боловсролын хувьд Б.Ургамалцэцэг Багшийн их сургуулийн Сурган, сэтгэл судлалын бакалавр, АНУ-ын Бридж портын их сургуулийн боловсролын шинжлэх ухааны магистрын зэрэгтэй юм. Харин ажлын гараагаа УИХ-ын Тамгын газраас эхэлж дараа нь “Хүүхэд хөгжил” төвд ахлах багш,  “Хүүхэд хөгжил”-ийн төвд ахлах багшаар уригдан ажиллаж байсан гэж байгаа. Мөн Дэлхийн банкны “Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх” төслийн зохицуулагчаар ажиллаж байсан юм билээ.

Х.Ержаны хувьд Баян-Өлгий аймгийн АН-ын даргаас Зам тээврийн дэд сайдын суудал хүртэл дэвшлээ. Намынхаа “Алтангадас” фракцийн гишүүн тэрбээр УИХ-ын сонгуульд жагсаалтын хойгуур бичигдсэн нэгэн. Өнгөрсөн дөрвөн жил аймгийнхаа ИТХ-ын тэргүүлэгчдийн дарга байсан. Эрхүүгийн политехникийн их сургуульд инженерийн мэргэжлээр суралцаж төгсөөд Тайванийн Удирдлагын комиссын сургуулийг дүүргэсэн тэрбээр мэргэжлээрээ төдийлөн ажиллаагүй юм билээ. ИТХ-ын тэргүүлэгчдийн даргаар ажиллаж байхдаа аймгийнхаа Засаг дарга С.Хавалтай нэг үе “дайн” зарлаад авсан эрхэм энэ удаад зам тээврийн салбарт зүтгэхээр боллоо.

“Алтангадас” фракцаар овоглож яваад дэд сайдын сэнтийд хүрсэн өөр нэг эрхэм бол О.Эрдэнэбулган.  Уул уурхайн дэд сайдаар томилогдсон тэрбээр Италид уул уурхайн чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан юм билээ. Мөн ШУТИС-ийн КТМС-ийг системийн инженер мэргэжлээр, АНУ, Шведэд бизнесийн удирдлагын чиглэлээр сурчээ. Улс төрийн хувьд 2005 онд Сүхбаатар аймгаас АН-ын ҮЗХ-ны гишүүн болж байсан. Тэрбээр 1997-1999 онд МҮХАҮТ-ын гадаад худалдаа мэдээллийн товчооны даргаас ажлаа эхэлсэн. Дараа нь MSC группд экспортын менежерээр ажилаж байж. Улмаар 2003-2005 онд “Анод” банкны газрын захирал, 2005 оноос нэг жил Сангийн сайдын зөвлөхөөр ажиллаж байсан билээ. Тэрбээр ТӨХ-ны дэд дарга байхдаа “Эрдэнэс тавантолгой” компанийн ТУЗ-д сонгогдсон. Эхнэр, хоёр хүүхэдтэйгээ амьдардаг түүнийг нэлээд чинээлэг нэгэн гэх юм билээ.

МоАХ-ынхан

МоАХ тодруулбал, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгын гэх хоёр эрхэм дэд сайдын сэнтийд заларлаа. Улсын заан Гочоосүрэнгийн охин Г.Байгальмаа Барилга, хот байгуулалтын дэд сайдаар томилогдлоо. Тэрбээр Отгонтэнгэр их сурууль, Нийгмийн ухааны Либерти дээд сургуулийг төгссөн олон улсын эрхзүйч мэргэжилтэй, төрийн удирдлагын магистр цолтой юм билээ. 2002 онд ШШГЕГ-ын Тогтоол гүйцэтгэх газарт ахлах байцаагчаар ажилд орсон. Улмаар 2006 оноос МоАХ-ны Удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажиллаж буй. 2012 оны УИХ-ын сонгуулиар тэрбээр намын жагсаалтаар 15-д бичигдсэн ч намынх нь авсан санал түүний жагсаалтын дугаарт хүрээгүйн улмаас улс төрд орж чадаагүй. Харин дэд сайдын суудал гэх бялуунаас хүртэж шархаа нөхөж байгаа нь энэ.

Батлан хамгаалахын дэд сайдаар томилогдсон А.Баттөр Ховд аймгийн Манхан суманд төрсөн. 1996-2000 онд Засгийн газар дөрвөнтөө солигдож байх үед Гэгээрлийн сайдаар ажиллаж байжээ. Сайдын суудлаас буусан даруйдаа Бельги улсыд Элчин сайдаар томилогдсон нэгэн. Түүнийг улс төрд олон жил нухлагдсан туршлагатай, бас хэнийг дагаж карьераа ахиулах вэ гэдгийг мэддэг нэгэн гэх.

“Нэг ардчилал”-ынхан

Лу.Гантөмөр, Х.тэмүүжин тэргүүтэй “Нэг ардчилал” клуб дэд сайдад хоёр залуугаа зүтгүүлэн гаргаж ирлээ. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын дэд сайдаар томилогдсон Э.Тамир АН-аас Хан-Уул дүүргийн ИТХ-д хоёр удаа ажилласан. Тэрбээр Чехэд сургууль төгсч ирээд Орхон дээд сургуулийг дүүргэсэн. Мөн Удирдлагын академийг төгссөн юм билээ. Тэрбээр 1997 оноос “Комацу” корпорацид ажиллаж байгаад жилийн даруу Монголд “Комит сервис” компаниа байгуулсан. Мөн Монголын авто замын компаниудын нэгдэл консорциумын ТУЗ-ийн гишүүн гэх гуншинтай. Улс төрд орсныхоо дараа “Нэг ардчилал” клубт элссэн билээ. Ийн фракц дагаснаасаа хойш богино хугацаанд улс төрийн өндөрт гарч байгаа юм.

Эрүүл мэндийн дэд сайдаар “Элэгний” Ж.Амарсанаа томилогдлоо. Мэргэжлийн хувьд 1996 онд Оточ Манрамба дээд сургууль, 1998‑2000 онд Токиогийн их сургуулийн Дотрын тэнхимд судлаач,  2002 онд Токиогийн их сургуулийн магистр, 2002‑2006 онд Токиогийн Их сургуулийн Анагаах ухааны сургуулийн дотрын тэнхимд Анагаах ухааны доктор хамгаалсан. Улмаар 2006‑2008 онд АНУ‑ын Харвардын Их сургуулийн Анагаахын сургуулийн докторын программд ажиллаж, багшилсан. 2008 онд эх орондоо ирээд “Хаппи Веритас” элэгний төв лабораторын ерөнхий захирал, Интерферон Альфа эмнэлгийн Ерөнхий захиралаар ажиллаж эхэлжээ. Мөн Монголын Анагаах Ухааны хүрээлэнд Эрдэм шинжилгээний ажилтан, Оточ Манрамба дээд сургуулийн лектор, Монголын Элэгний эмгэг судлалын холбооны ерөнхийлөгч, “Гарваа” сангийн Ерөнхийлөгч, Ази номхон далайн Элэгний эмгэг судлалын холбооны зөвлөх гээд олон алба хашдаг нэгэн.

Улстөр дэх карьерээ энэ онд АН-д элссэнээр эхэлсэн түүхтэй. Салбартаа тэргүүлэх, залуу боловсон хүчнээр бүл нэмж байгаагаа АН-ын удирдлагууд зарлаж байсныг уншигчид мартаагүй биз ээ. Түүнийг улс төрд орсон даруйдаа сайдын суудалд залрахад Лу.Гантөмөр, Х.Тэмүүжин нарын зүтгэл ихээхэн дэм болсон гэх юм билээ.

“Мөнхтэнгэр”, “Шонхор”, МҮДН болоод Ерөнхийлөгчийн гэх эрхмүүд Гадаад харилцааны яамны Консулын газрын захирлаар олон жил ажилласан Д.Ганхуяг шинэчлэлийн Засгийн газарт Гадаад харилцааны дэд сайдаар томилогдлоо. Түүнийг улс төрд төдийлөн карьер хөөгөөгүй гэх юм билээ. Намдаа аль нэг фракцийг дагаж яваагүй, харин Ерөнхийлөгчтэй дотно нөхөрлөдөг гэдгийг улс төрийн хүрээнийхэн ярих юм билээ.

Д.Доржпүрэв Төв аймгийн АН-ын даргаас Эрчим хүчний дэд сайдын суудалд очлоо. Тэрбээр Санхүү эдийн засгийн дээд сургууль төгсөөд 1994 онд ХОТШ банкны Эрдэнэт хот дахь салбарт урилгаар очиж байжээ. Дараа нь “Дархан, Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” компанийн захирлаар ажиллаж байжээ. АН-аас УИХ-ын сонгуульд Төв аймагт нэр дэвшиж олон удаа нэр дэвшсэн ч ялалт байгуулж байгаагүй. Улмаар өнгөрсөн жил АН-д байгуулагдсан “Мөнхтэнгэр” фракцийн удирдах зөвлөлд багтаж байсан ч дэд сайдын суудлаа “Алтангадас”-аас хүртсэн сураг бий.

Үйлдвэр хөдөө аж ахуйн дэд сайдын суудлыг “Шонхор” фракцын Ц.Туваан хүртлээ. Чехэд сургууль төгсч ирээд ЭМШУИС-д сурч байхдаа хувийн компаниа байгуулж хөл дээрээ боссон нэгэн гэдэг. Улс төрд 2003 онд дотны найз Г.Баярсайхантайгаа хамт хөл тавьж АН-ын гишүүн болсноор өнөөдрийн өндөрлөгт хүрчээ. Чингэлтэй дүүргийн ИТХ-ын гишүүнээр сонгогдож байсан түүнийг багагүй хорчин гэх юм билээ. Тиймээс сонгуулиар дүүргийнхээ намын ерөнхий менежерээр ажилладаг туршлагатай.

Сангийн дэд сайдаар томилогдсон С.Пүрэв бол МҮДН фракцийн төлөөлөл Р.Амаржаргал гишүүний гарын хүн. Нэг үгээр түүнд санхүүгийн дэмжлэг үзүүлдэг хүн гэгдэх юм билээ.  “Гангар инвест” компанийн захирал С.Пүрэвээ 2004 онд НИТХ-ын сонгуульд нэр дэвшиж байсан. Өвөрхангай аймагт чацаргана тарьж экологич гэх имижийг ч бүрдүүлж байсан удаатай. Улс төрд төдийлөн байр суурь эзлээгүй байсан тэрбээр намынхаа татаасаар сайд болсон гэдгийг ярих хүн олон.

МҮАН-ынхан

Хөдөлмөрийн  дэд сайдаар Ж.Батхуяг улс төрд М.Энхсайхны дотны хүн. Батлан хамгаалахын сайд асан тэрбээр 2004-2008 онд УИХ-д ажилласан түүхтэй. Намтрыг нь сөхвөл, Москвагийн улсын их сургууль,  АНУ-д Харвардын их сургуульд мэргэжил дээшлүүлсэн. Мөн АНУ-ын Денвер хот дэх Колорадогийн их сургуульд суралцаж Эдийн засгийн ухааны мастер болсон юм билээ. Эдийн засгийн салбарт багагүй хугацаанд ажилласан тэрбээр “Эх орон” эвсэл задрахад  М.Энхсайханыг дагасан хүн. Ж.Батхуягийг  МҮАН-ын цөөн хэдэн боловсон хүчний нэг хэмээдэг.

Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны хоёр дэд сайдын нэгээр Б.Цогтгэрэл томилогдсон. Нэг удаа “Би дахин улстөржихгүй” гэж зарлаж байсан тэрбээр 2012 оны сонгуулиар “Шударга ёс” эвсэлд багагүй үүрэг гүйцэтгэсэн. Н.Энхбаярыг баривчлагдах үеэр ширүүхэн мэдэгдэл хийсэн тэрбээр МҮАН-ын МАХН-тай эвсэхэд голлох үүрэг гүйцэтгэсэн. Архангай аймгийн Өлзийт сумын харъяат тэрбээр эдийн засагч, хуульч мэргэжилтэй. “Ажнай” корпорацид зөвлөж нэгэн үе Шадар сайдад туслаж явсан тэрбээр “Сонгууль будлиантуулбал гэрээслэл бичээд тэмцэнэ” гэж том дуугарч байсан удаатай.

МАХН-ынхан

Н.Энхбаярт туслаж, түүний дэмжлэгээр АНУ-д боловсрол эзэмшсэн Б.Тулга Байгаль орчин, ногоон хөгжлийн дэд сайд боллоо. Энэ эрхэм МУИС-ийн Математик, компьютерийн сургуулийг дүүргээд Дархан дээд сургуульд багшилж байжээ. Мэргэжлийнхээ дагуу МАХН-ын вэб мастер зэргийг хийж яваад Н.Энхбаярын нүдэнд өртсөн юм билээ. Улмаар 2004 оноос хойш Н.Энхбаярын баруун гар болсон. Түүний ах Б.Хуяг нь Н.Энхбаярын хүүтэй нийлж “Өргөө” зочид буудлыг авсан гэх хэрэг мандах үеэс Б.Тулгын нэр сонсогдож эхэлсэн. Дээрх хэл ам гарах үед Н.Энхбаяр түүнд сургалтын төлбөр өвөртлүүлээд АНУ руу нисгэсэн гэдэг. Н.Энхбаярын дэмжлэгийг авч баруунд сурсан тэрбээр Б.Тулга АНУ-аас ирээд “шинэ” МАХН-д голлох тоглолтыг хийлцэж эхэлсэн нь ийн дэд сайдын суудалд хүргэлээ.

Хуульч, өмгөөлөгч гэхээс өөр тодотголгүй байсан Э.Эрдэнэжамъян Хууль зүйн дэд сайд болж дэвшив. “Шихихутаг” дээд сургуульд сурч хуульч болсон тэрбээр Удирдлагын академид магистрын зэрэг хамгаалсан юм билээ. Сургууль төгссөн даруйдаа МАХН-д элсч С.Баярын сонгуулийн сурталчилгаанд гүйж явсан нэгэн. Түүнээс хойш улс төр хөөгөөгүй ч “Эрдэнэс МГЛ” компанид Хуулийн хэлтсийн даргын албан тушаалд очиж чаджээ.

Н.Энхбаярыг баригдах үеэр олонд танигдаагүй хэдэн хуульчид хамтарч үгээ хэлж эхэлсний нэг нь Э.Эрдэнэжамъян. “Шударга ёс” залуу хуульчдын бүлгэм гээчийг байгуулж, Н.Энхбаярын төлөө ажиллаж, намын жагсаалтад багтаж явсан нэгэн.

Монголбанкны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн асан О.Чулуунбат МАХН-ыг сонгосныхоо хариуд Эдийн засгийн хөгжлийн дэд сайдын суудалтай үлдэж чадлаа. Уг нь түүний хүсэл Сангийн сайд байсан ч намын нөхөр УИХ-ын дэд дарга Л.Цогын “хатгаас”-аар санаснаа гүйцэлдүүлж чадаагүй. Д.Тэрбишдагва, Ч.Улаан, О.Чулуунбат нар “Гурвуулаа МАН-ыг орхиж гарсан юм чинь МАХН-аас ч гурвуулаа юманд хүрэх хэрэгтэй байна” гэж тохирсоны дагуу хоёр нь сайд, нэг нь дэд сайд болж чадлаа.

ИЗНН

ИЗНН дэд сайдын суудалгүй хоцрох дөхлөө. Гэхдээ Н.Алтанхуягийн Засгийн газар Үйлдвэр хөдөө аж ахуйн яамыг хоёр дэд сайдтай болгож ИЗНН-д бялуунаасаа хүртээх асуудлыг шийдлээ. Ингэснээр ардчилсан Засгийн газар 16 яам, 17 дэд сайдтай болж байгаа юм. Соёл, спорт аялал жуулчлалын  дэд сайдаар ИЗНН-ы цөөн хөрөнгөтнүүдийн нэг “Гермес” компанийн захирал М.Түмэнжаргалыг томиллоо. ИЗНН-ын Нийслэлийн намын хорооны дарга тэрбээр өнгөрсөн НИТХ-ын сонгуульд намын жагсаалтын хоёрдугаарт бичигдэж байсан. “Шар айраг” хамтлагийн Г.Ганхүү боломжийг харж түүний өмнө нэрээ бичүүлснээр НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон.

Засгийн газрын дэд сайдуудын өчигдөр, өнөөдрийг сонжиход ийм байна. Засгийн газарт тэдний хэрхэн ажиллахаас хамаарч маргааш нь зурагдах биз ээ.

Л.Төр Ц.Өрнөх


URL:

Сэтгэгдэл бичих