Даатгалын наалт гэгч хэний эрх ашигт нийцүүлсэн дарамт вэ?
Өнгөрсөн тавдугаар сард автомашины улсын үзлэгээр жолоочийн хариуцлагын даатгалыг давхар хийсэн. Гэтэл энэ үзлэгээс хэдэн сарын дараа “Даатгалын наалтаа ирж ав. Аравдугаар сарын нэгнээс өмнө ирж авахгүй бол 140400 төгрөгөөр торгоно. Машиныг чинь хурааж журмын хашааны мөнгийг төлүүлнэ” гэж дарамтлах боллоо. Анх автын үзлэг хийгдэж байхад компаниуд энэ талаар яагаад огт яриагүй хэрэг вэ. Яагаад зуны гурван сард ажил алба гайгүй байхад үүнийгээ тарааж болоогүй юм бэ.
Жолоочийн хариуцлагын даатгалын хууль батлагдсантай холбоотойгоор Албан журмын даатгагчдын холбоо байгуулагдсан. Энэ байгууллага 2012 оны нэгдүгээр сарын нэгнээс үйл ажиллагаа явуулж байна. Тэд Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан тусгай шалгуур үзүүлэлтүүдийг хангасан 15 даатгалын компанийн үйл ажиллагааг уялдуулах, нэгдсэн чиг үүрэг бодлоготойгоор зохион байгуулах, тэдгээр компаниуд болон даатгуулагч, хохирогчдыг мэдээллээр хангах гээд ер нь даатгалтай хамаатай асуудлаар иргэдэд туслах ёстой байгууллага бололтой. Энэ газар тэгвэл өдий болтол юу хийж байсан хэрэг вэ.
Яагаад тэр наалтаа хичээл сургууль эхэлж, зам засварын ажил буцалж, төрийн болон хувийн салбарынхны ажил ид ихэсдэг намрын энэ сард наалгах гээд, иргэдийг нааш цааш нь явуулаад шантаажлаад байгаа юм. Одоо наалт авах, хүлээх гэж замын түгжрээнд бухимдаж бүтэн өдрийнхөө ажлыг барна. Авахаар очиход нь “Даатгасан ажилтан нь байхгүй. Хэдэн цагийн дараа ир” гэж байгаа ч тохиолдол даатгалын компаниуд дээр элбэг байгаа аж. Үүнд иргэд маш их бухимдаж байна.
Ер нь даатгал гэдэг сайн дурын зүйл биз дээ гэх жолооч ч олон байна. Яагаад “Чи осол гаргана. Заавал даатгуул” гээд байгаа юм. Тэгвэл огт осол гаргадаггүй жолоочийн хураалгасан мөнгө хаачих вэ. “В” ангиллын машины жолооч 33000, “С” 42500, “О” 53000 төгрөг гэх мэтээр даатгаж байгаа. Энэ их мөнгө хаана төвлөрч юунд зарцуулагдаж байна вэ. Энд хэний эрх ашиг яваад байна вэ. Улсын Их Хуралд ч нэр бүхий даатгалын компанийн төлөөлөл, эзэд бий. Тэдний тун идэвхтэй үйл ажиллагааны үр дагавар даатгалын наалтын энэхүү кампанит ажил гэдгийг учир мэдэх эх сурвалж нотолж байна.
Даатгалын тэр наалтыг нь заавал наах ёстой, энэ нь даатгалын үйлчилгээний нэг хэсэг юм бол даатгагч компани даатгуулсан иргэд рүүгээ утсаар холбогдоод бид ажлаа цагт нь хийж чадсангүй, таныг дахиад чирэгдүүлэх нь гээд уучлал гуйгаад хаа байгаа газарт нь очоод наагаад өг л дөө. Хэрэв наалтгүй байгааг нь цагдаа анзаарвал даатгагч компанитай хийсэн гэрээнийхээ дугаарыг л үзүүлчихээд яваад өгнө биз дээ. Эсвэл ирэх жилийн авто тээврийн үзлэгийн үеэр ахин даатгахдаа хуудсаа наана биз.
Ж.БАЯРСАЙХАН
URL:




