Б.Баабар гуайн талаарх хэдэн үг

Нэгэн удаа Монгол Улсын Их Сургуулийн түүхийн ангийн оюутантай мэргэжлийнх нь сэдвээр яриа өрнүүлж байтал Б.Баабарын “Нүүдэл суудал”-ыг гэнэт муулаад эхлэв. Тэгсэн мөртлөө “Чи уншсан юм уу” гэж асуухаар үгүй гэнэ. Түүнийг анх оюутан болоход багш нар нь тэр бол муу ном, тоогоод хэрэггүй гэж зөвлөсөн юм байх. Гэтэл монголчуудын 70 жилийн турш худал суртлаар тархиа угаалгаснаасаа ангижрах хүсэл, жинхэнэ түүхээрээ бахархах, ухаархах эрмэлзлийг нь “Нүүдэл суудал”-аас илүү бадрааж, хурцалсан, өмнө нь агуулгыг нь сонсох байтугай нэрийг нь ч дуулаагүй байсан олон эх сурвалжийг ашигласан бүтээл өнөөг хүртэл гарсан бил үү.

 
Хөдөөний нэгэн өвгөн, философич мэргэжил эзэмшсэн хүүгээ “Чи хамгийн ойлгомжтой юмыг хамгийн ойлгомжгүй болгож л сурсан хүн байна” гэж зэмлэн, дурамжхан суусан гэдэг. Мань өвгөн философийг энгийн зүйл гэж харж чадсан бол түүнийг энгийнээр тайлбарлаж болно гэсэн л логик. Түүнтэй адилаар олон нийтэд аливаа мэдлэг, мэдээллийг цэгцтэй мөртлөө энгийн хялбараар хүргэх гэдэг бол хүн бүхэнд заяадаггүй авьяас. Ийм авьяастай хүн нийгмийн шинжлэх ухааны салбарт томоохон амжилт олоход ер гайхах зүйлгүй, тэр тусмаа олон нийтэд үнэлэгдэх талдаа.

 
Б.Баабар гуай саяхан ’’Дархан эрхтэй тоодгорууд” хэмээх нийтлэлдээ эрхэм гишүүдийн дархан эрхийн тухай “Хүн зоддог, өөртөө тоос ч хүргэдэггүй  “дархан эрх” гээч юм өнгөрсөн баларсан феодлын нийгэмд л байсан байх, өнөөгийн хууль зүйт орчинд тийм ойлголт байхгүй. Улсын их хурлын гишүүн хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээхгүй гэсэн заалт хөөрхий гишүүдийг их сагсайлгадаг юм шиг. Энэ бол зөвхөн хурлын танхимд хууль санаачлах, заалт оруулахад л хамааралтай.” хэмээн бичээд хэд хэдэн жишээгээр тайлбарласан байна.

 
Immunity буюу дархан эрхийн тухай олголт нь үнэхээр олон янз. Дипломат дархан эрх, шүүгчийн дархан эрх, парламентын дархан эрх гэх мэт. Тэр ч байтугай сонгуулийн тойрог, хэсгийн хороодын гишүүдэд ч түр зуурын дархан эрх бий. Энэ болгон хуулийн хүрээнд зааг ялгаатайгаар, нарийн зохицуулагдах учиртай. Үүнийг сайн мэддэг хуульчид мэр сэр бий. Гэтэл ард түмэнд ойлгомжтойгоор дээрх шиг тайлбарлаж чадах нь тун цөөн дөө. Тэр тусмаа улс төрийн өнцгөөс харж чадах нь нэн цөөн.

 

Бид юм л бол “Улс төр хийлээ”, “Улс төрийн нөлөөллөөс хол байх” гэсэн үгс унагаж улс төр гэж нэг л их муухай зүйл байдаг мэт ярилцдаг ч үнэн хэрэгтээ улс төр шиг юм бүхнийг өөртөө багтааж байдаг томоохон ойлголт нийгмийн шинжлэх ухаанд ховор байх. Ний нуугүй хэлэхэд Б.Баабар гуайн дээрх нийтлэлийг уншаад атаархах сэтгэл төрж байлаа. Хэрвээ дархан эрхийн тухай нийтлэл бичих шаардлага гарсан бол би л лав тийм энгийн, ойлгомжтойгоор илэрхийлж чадахгүй байв. Түүхчдэд ч гэсэн тийм мэдрэмж төрдөг болоод “Нүүдэл суудал”-д таагүй ханддаг биз ээ.

 
Хууль зүйн тодорхой ойлголтын талаар Б.Баабар анх бичиж байгаа нь энэ биш. Түүний олон нийтлэлд хууль зүйн агуулгатай хэсгүүд дурьдагддаг. Шүүмжилмээр, санал үл нийлмээр зүйл ганц нэг харагддаг авч манай ихэнх хуульчдын огт мэддэггүй зүйлүүдийг ч бичдэг. Би л хувьдаа урьд нь анзаараагүй олон зүйлийг түүний нийтлэлээс уншиж байсан даа. Харин хүн зодсон У.Хүрэслсүхийн үйлдлийг “Браво” хэмээн дэмжсэн нь нийгмийн сэтгэлзүйд үзүүлэх өөрийнхөө нөлөөллийг лавтайяа сайн мэддэг байж таарах хүний хувьд сайшааж боломгүй үйлдэл гэлтэй.

 

Нийгмийн янз бүрийн давхаргад төрөл бүрийн хүмүүс зодоон хийж, шанаа өгөлцөж, авалцаж л байдаг. Энэ утгаараа байдаг л зүйл хэмээн хүлээж авч болох хэдий ч хүн цохино гэдэг хүний амь нас, эрүүл мэндэд шууд хохирол учруулдаг үйлдэл тул нийгмийн бүхий л харилцааг хамгаалах үүрэгтэй Эрүүгийн хуулийн хэд хэдэн зүйлд учруулсан хор уршгаас нь шалтгаалан хариуцлага ногдуулахаар хуульчилсан байдаг. Аргагүй хамгаалалт, гарцаагүй байдлаас бусад нөхцөлд буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэсэн зарчим үйлчилнэ.

 

Гэтэл энэ дундаас хэн нэгнийг нь онцлоод, түүний зөв, өнөөхийнх нь хохь гэж болохгүй. Ядууст тараах гээд банкнаас мөнгө дээрэмдэж, намдаа хандивлана гэж хахууль авч болохгүй, учир нь зорилго аргаа зөвтгөдөггүй, тэр тусмаа эрүүгийн эрх зүйд. Хууль зөрчсөн л бол хариуцлага яригддаг. Б.Баабарыг шүтдэг, эшилдэг маш олон хүн бий. Шүүмжилдэг нь ч цөөнгүй. Гэхдээ түүний нийтлэл, үг хэллэг, илэрхийлсэн утга санааг нь байнга хэлэлцэж байдгаараа нийтлэг.

 

Тэр дунд шилжилтийн насан дээрээ яваа өсвөр үеийнхнээс авахуулаад амьдралд дөнгөж хөл тавьж буй залуус, дунд насныхан, ахмадууд бүгд бий. Бусдад нэр хоч өгдөг, егөөдөж ёжилдог нь түүний төрөлх зан нь байх л даа. Гэхдээ өнөө үеийнхнээс ирээдүйд “нэрт соён гэгээрүүлэгч” гэж дуудагдах цөөхөн хүний нэг болохынхоо хувьд энэ байдлаараа асуудалд тэр болгон хандамгүй санагддаг. Үүнтэй олон хүн санал нийлэх байх.

 
Мартсанаас Г.Баярсайхан гишүүний биед гэмтэл учраагүй юм гэсэн. Тийм болохоор асуудал ингээд намжих шинжтэй. Гэтэл жирийн иргэд ингэж авирлацгаагаад, тэр нь дүрс бичлэгт буусан бол дуусаа. Олон нийтийг илт үл хүндэтгэж танхайрсан хэргээр дор хаяж долоон сая гаруй төгрөгөөр торгуулах юм уу хэдэн cap баривчлагдана.

 

Гурван жил шоронд сууж ч магадгүй. Иргэнд нэг өөр, гишүүнд нэг өөр үйлчилдэг эрүүгийн хуулиар яах ч билээ. У.Хүрэлсүхийг яаж ч чадахгүй байж бид мэтийг болохоор мөрдөөд, байцаагаад, яллаад шүүгээд, хориод гэж гомдсон, зангирсан олон хүн шоронд өдөр хоногийг өнгөрөөж байгаа даа цаана чинь.
О.Алтангэрэл /Хуульч/


URL:

Сэтгэгдэл бичих