Охиныг зодож, дарамтлан биеийг нь үнэлүүлдэг байжээ

Охиноо хүний наймааны хохирогч болсон хэмээн үзэж буй Ц.Ганзориг манай сонины редакцид хандсан юм. Монголд хүний наймаа хүрээгээ тэлсээр байхад хууль, цагдаагийн байгууллага хангалттай ажиллаж чадахгүй байгаа учраас арга ядахдаа ийн хандаж буйгаа хэлсэн. Түүнээс чухам юу болсныг тодруулахад “Миний охин Б өнгөрсөн оны нэгдүгээр сарын 19-нд төмөр замд байрлах гэрээсээ Хүүхдийн тэтгэмжийн мөнгө аваад ирье гээд III, IV хороолол уруу явсан. Хүүхэд нь дөнгөж гурван сартай байсан юм. Гэтэл гэртээ буцаж ирдэггүй. Бид Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст бүртгүүлээд эрэл сурал боллоо. Ингээд хаа сайгүй зургийг нь наагаад тааралдсан хүн болгоноос асууж сурагласан. Гэтэл нэг танил маань Багшийн дээдийн буудал орчмоор хайсан нь дээр байх гэв. Охиноо хайж явахдаа Уянга гэх эмэгтэйтэй уулзсан. Тэр өмнө нь хүний наймааны золиос болж явсан охин юм билээ. Тэгээд манай охиныг Алтанзул гэх охидын биеийг хүчээр үнэлүүлдэг эмэгтэй авсан байж магадгүй гэсэн. Энэ мэдээллийг цагдаагийн байгууллагад мэдэгдтэл тэр эмэгтэй өмнө нь ийм төрлийн хэрэгт сэжигтнээр татагдаж байсан нь тогтоогдсон.

Ингээд Алтанзулын гэрийн хаяг, утасны дугаарыг нь аваад уулзсан. Би түүнээс охиныг минь олж өгөөч, гурван сартай хүүхэд нь үхэх сэхэхийн заагт байна. Хэрэв олж өгвөл мөнгө өгье хэмээн учирласан. Тухайн үедээ сургийг нь гаргаж өгнө гэж амласан ч тэгсхийгээд таг болсон.Тэгэхээр нь өнгөрсөн оны хоёрдугаар сарын 2-ны өдөр Долоон буудлын ойролцоо байдаг Алтанзулын гэрт хэсэг хүмүүстэй дайраад ортол охиныг минь буланд суулгачихсан өөрсдөө архи ууж, хөзөр тоглочихсон сууж байсан. Охиноо 12 хоногийн турш уйгагүй хайсны эцэст олсон. Алтанзул тэргүүтэй хүний наймаачид залуу охидыг хулгайлж, байшинд хориод хүчээр биеийг нь үнэлүүлдэг. Хэрэв эсэргүүцэл үзүүлбэл гap, хөлийг нь хутгаар зүсч, зодож дарамталдаг. Охидыг машинд чихээд зочид буудалд хүргэж өгөөд ажлаа дуусахаар буцаагаад авчирдаг ийм л маршруттай. Тэндээс зугтах ямар ч боломж байхгүй. Биерхүү залуус өглөөнөөс орой болтол манадаг гэж байгаа. Тэд миний охины бие дээр пийшингийн халуун ширэм тавьж түлсэн. Түүгээр ч зогсохгүй гарыг нь сийчэж, тамласан. Одоо болтол сорви нь арилаагүй байгаа” хэмээн ярив.

Охины аав Ц.Ганзориг уг хэргийн талаар холбогдох газар нь мэдэгдсэн ч өнөөдрийг хүртэл эцэслэн шийдвэрлээгүй байгаа гэнэ. Учир нь сэжигтэн Алтанзул “Б-г өөрийн төрсөн эцэг нь хүчинддэг байсан тул гэрээсээ дайжин биднээс тусламж гуйсан. Тиймээс биеийг нь үнэлүүлж хэдэн төгрөг олж өгдөг байсан” хэмээн мэдүүлжээ. Түүгээр ч зогсохгүй Ц.Ганзориг охиноо олсны дараа намайг хэрцгийгээр зодож бэртээсэн гэж Алтанзул Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст гомдол гаргасан байна. Хохирогчийн эцэг хэргийн учрыг олтол бууж өгөхгүй гэж байсан. Учир нь уг хэргээс үүдэн гэр бүлийнх нь нэр төр сэвтсэн. Эргэн тойрных нь хүмүүс ч хөндийрч эхэлсэн байна. Үүнээс гадна өөрийнх нь охинтой адил зовлонд учирсан олон охины өмнөөс тууштай тэмцэнэ гэдгээ дуулгасан юм.

Ингээд хэргийг шалгаж буй Баянзүрх дүүргийн мөрдөн байцаагч цагдаагийн ахлах дэслэгч Х.Сугар-Одоос хэргийн талаар тодруулахад “Анх УМБГ-т эрүүгийн хэргийн 113 дугаар зүйл ангиар шалгагдаж байсан. Өнгөрсөн оны хоёрдугаар сард манай хэлтэст биеэ үнэлэхэд татан оролцуулсан гэх зүйл ангитай УМБГ-аас шилжиж ирсэн. Хэргийг шалгах явцад нотлогдоогүй учраас хэрэгсэхгүй болгосон ч хохирогчийн тал Баянзүрх дүүргийн болон Нийслэлийн прокурорт гомдол гаргасан. Тэдний гомдлыг прокурорын газраас хэлэлцээд хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэсэн хариу өгсөн юм билээ. Хохирогчийн тал уг хариуг хүлээн зөвшөөрөөгүй учраас Улсын ерөнхий прокурорт гомдол гаргаснаар өнгөрсөн онд хаасан хэргийг энэ онд дахин сэргээсэн. Сэжигтэн Алтанзул гэгч нь охины биеийг үнэлүүлж, ашиг олдог байсан нь тогтоогдсон ч хүний наймааны хэрэг гэдэг нь батлагдахгүй байгаа юм. Үүнээс өөр мэдээлэл өгөх боломжгүй” гэв. Үүний дараа Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн өмгөөлөгч Б.Ариунсантай уулзаж уг хэргийн талаар цөөн асуултад хариулт авлаа. Тэрбээр Б-гийн өмгөөлөгчөөр ажиллаж буй.

-Энэ хэргийн талаар анх яаж мэдэв?
-Анх ээж нь манай төвд хандсан. “Манай охин хүний наймаачдын гарт орчихлоо. Туслаач” гэж ирсэн. Бид ээжтэй нь уулзаж, болсон явдлыг сонсоод цагдаагийн байгууллагад хандах шаардлагатай юм байна гэж бодсон. Уг хэрэгт хүн худалдаалах гэмт хэргийн шинж байгаа учраас анх УМБГ-т 113 дугаар зүйл ангиар шалгагдаж байсан юм. Мөрдөн байцаалтын явцад охины биеийг хүчээр үнэлүүлдэг байсан нь тогтоогдсон.

-Шийдэгдэхгүй удаад байгаагийн учир юунд вэ?
-Хэрэгт холбоотой гэрчүүд янз бүрийн шалтгаанаар олдохгүй байгаа учраас удаашраад байна. Хэрэв хэргийг сайн нягталбал хүн худалдаалах гэмт хэргийн шинж олон байгаа. Тухайлбал, тусгай өрөө тасалгаанд хорьдог, байнга дарамталж биеийг нь үнэлүүлдэг байсан. Олсон ашгийг нь хувааж завшдаг байсан гэх мэт. Тэгэхээр энэ бол хүний биеийг үнэлж ашиг олж байгаагийн нэг хэлбэр юм.

-Сэжигтэн Алтанзул “Охиноо аав нь хүчинддэг байсан” гэж мэдүүлсэн гэсэн. Энэ талаар Та юу хэлэх бол?
-Алтанзул гэдэг нь сэжигтний жинхэнэ нэр мөн үү, биш үү гэдэг нь тодорхойгүй байгаа. Бүхий л зүйл нь тодорхойгүй сүлжээ маягийн хүмүүс. Сэжигтэн мэдүүлэхдээ Б-гийн эцэг хүчирхийлдэг гэсэн. Гэвч энэ нь DNK-гийн шинжилгээгээр худал болох нь нотлогдсон.

Хүний наймаа мөн үү, биш үү гэдгийг цагдаагийн байгууллага шалгаж тогтооно биз. Харин охидын биеийг хүчээр үнэлүүлж ашиг олдог увайгүй хүмүүс олон байгааг эл хэргээс харж болохоор байна. Бидний мэдэхгүй хүчирхийллийн харанхуй ертөнцөд хэчнээн эмэгтэй шаналж суугааг хэн ч таашгүй.

Ц.ОЮУНТУНГАЛАГ

Эх сурвалж : unen.mn


URL:

Сэтгэгдэл бичих