С.Зориг агсны сүнс баярлаж байгаа…
Монгол түмний хайртай хүү, эрх чөлөө, шударга ёсны төлөө цогтой тэмцэгч, ардчилллын алтан хараацай Санжаасүрэнгийн Зориг бусдын гарт амиа алдаад даруй 14 он улирчээ. Түүний аймшигтайгаар хөнөөгдсөн хар өдөр болох аравдугаар сарын 2-ныг бид жил бүр гашуудан өнгөрүүлдэг. Тэр тоолонд С.Зориг агсны хөшөө цаанаа л нэг уй гунигтай харагддаг сан.
Арга ч үгүй биз. Улс орныхоо хөгжил дэвшил, сайн сайхан ирээдүйн төлөө хүсэж мөрөөдөж, хийж бүтээхээр тэмүүлж явсан бүхнээ гүйцээж амжаагүй болохоор түүний сүнс их удаан шаналсан байх. Мөн түүний бий болгосон ардчиллаар хэн дуртай нь тоглож, шоудаж, он удаан жил арчаагүй улс төр хийсэнд хэчнээн их гутраа бол…
Харин өнөөдөр түүний гуниг зовлон бага ч гэсэн сарнисан болов уу. Яагаад гэвэл түүний хүсэл мөрөөдөл одооноос л биеллээ олж эхлэх гэж байна. Монголд 20 гаруй жилийн тэртээ мэндэлсэн ардчилал өнөөдөр л хөл дээрээ дөнгөн данган тэнцэх гэж байна. Монголчууд шударга сонгууль, шударга ёс, хууль дээдлэх зарчим, тэгш эрх, хүний эрх, эрх чөлөөний үнэ цэнийг одоо л бодит утгаар нь мэдэрч эхэлж байна. Төрөө хянадаг, иргэнээ дээдэлдэг, эрх мэдэлд бус, эрдэм ухааныг шүтдэг эрүүл сэтгэлгээний хөрс одоо бүрэлдэж байна.
Хууль зөрчсөн бол хариуцлага хүлээлгэдэг, хувийн өмч, бизнесийг хүлээн зөвшөөрдөг, алдаа дутагдлаа ил ярьдаг, ар өврийн хаалгыг таслан зогсоодог ардчилсан төр одоо л төвхнөх гэж байна. Эрх барьж буй улс төрийн хүчин нь хүн төвтэй төрийн бодлого боловсруулж, хүнээ дээдэлдэг хүнлэг нийгэм бий болгохыг зорьж байна. Хэдийгээр энэ бүх зорилго Ардчилсан Үндсэн хуулийн амин үзэл санаа байсан хэдий ч амьдрал дээр бууж өгөлгүй явсаар өдий хүрсэн билээ.
Ардчилсан Монгол Улс зөвхөн дотоод асуудлаа цэгцлээд зогсохгүй дэлхийн дайдад үнэлэгдэж, хүндлэгдэх боллоо. Тодруулбал, Монгол Улс ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг даргалж байна. Монголын ардчиллыг дэлхийн аль ч өнцөгт үлгэж жишээ болгож, туршлага болгон хэрэгжүүлэхийг зорьж байна. Эх орондоо ардчилсан хувьсгал хийх эрхэм зорилго өвөрлөн С.Зориг агсантай хөтлөлцөн гүйж явсан жаахан Элбэгээ өнөөдөр дэлхийд нэр хүндтэй том ардчилагч болжээ. Мөн тэр хоёртой хамт гурвалсан морь шиг зүтгэж явсан Үүл өнөөдөр Монгол Улсын нийт хүн амын талаас илүү хувь нь оршин суух нийслэл хотын удирдлагад гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлж байна. Магадгүй С.Зориг агсан юуг хамгийн ихээр хүсдэг байсныг энэ хоёр лидер л хамгийн сайн мэдэж байгаа. Тийм ч учраас энэ хоёр хүн, тэдний аппарат цэл залуу, хав халуунаараа царцсан С.Зоригийн хүсэл зориг, үйл хэргийн өчүүхэн хэсгийг ч болов биелүүлэхийн төлөө зүтгэх нь дамжиггүй. Тийм чиг баримжаа ч ажиглагдах болсон.
Улс төрийн хүчин, нам эвсэл бол энд хамаагүй. Угаасаа С.Зориг агсантай холбоотой сэдэвт намаас илүү жам чухал. Хувь тавилан түүний амь, амьдралыг авч одсон ч ариун үйл хэрэг, ассан хүсэл зоригийг нь ор тас унтраах чадалгүй байжээ. Харин ч түүний асаасан бамбарыг улам дүрэлзүүлэх нэн таатай салхи урьханаар сэвэлзэж эхэллээ. Энэхүү гэрэлт бамбарын ачаар монголчууд одоо дахин төөрөгдөж, төөрч будилахгүй гэдэг нь тодорхой. Чухамдаа, шилжилтийн үе шинэ шатанд гарч байгаа нь энэ.
Ийм таатай үед С.Зориг агсны сүнс уйтгарлахгүй, харин ч баярлаж байгаа…
Ч.Дашдэлэг
URL:













