Тавантолгойн хоёр уурхай, гурван хувилбар, дөрвөн жил
Хэрэв та “Эрдэнэс Тавантолгой” компаниас иргэн бүрт олгож буй 1072 ширхэг хувьцааг бэлэн мөнгө хэлбэрээр бус үнэт цаас хэвээр нь авахаар шийдсэн бол танд дуулгах сайн мэдээ байна. Тус компани ирэх онд гадаад, дотоодын хөрөнгийн биржид IPO хийхээр төлөвлөснийг та сонссон байх. Тэгвэл “Эрдэнэс Тавантолгой” Баруун Цанхийн уурхайгаа нээж, эдийн засгийн эргэлтэд оруулснаар таны хувьцааны үнэлгээ урьд тооцсоноос өсөх магадлалтай болов. Чухам хэдэн төгрөгөөр, яаж нэмэгдэх нь өдгөө тодорхой болоогүй, болох ч ёсгүй юм. Гэхдээ л зөвхөн Зүүн Цанхийн 1.08 тэрбум тонн нүүрсний ордод үндэслэж IPO гаргах гэж байсан дээр өдгөө Баруун Цанхийн 1.2 тэрбум тонн нүүрсний нөөц нэмэгдэхээр үнэлгээ өсөх нь гарцаагүй гэдгийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Энэбиш ярьсан. Гэвч үүнтэй шууд холбоогүй ч “Эрдэнэс Тавантолгой” компанитай холбоотой ойлгомжгүй асуудал цөөнгүй бий.
БИДНИЙ МЭДЭХГҮЙ ИРЭЭДҮЙ
Өнгөрсөн сард болсон “Discover Mongolia” уул уурхайн хөрөнгө оруулагчдын чуулга, уулзалтын үеэр Б.Энэбиш захирал Баруун Цанхийн ордын тухай ярихдаа уурхайг нээх гэж буйг хэлээгүй. IPO гаргах, стратегийн хөрөнгө оруулагчийг сонгох хоёр ч томоохон ажил таг зогссон байсан учраас Баруун Цанхийн уурхайг удахгүй нээнэ гэж тэр танхимд суусан хэн ч тааварлаагүй юм. Дээр дурдсантай холбоотой улигт асуултаараа л ээрч байсан санагдана. Гэтэл намрын дунд сарын билэгт сайн өдөр төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” компани төр, засгийн төлөөлөөс нэгийг ч байлцуулалгүйгээр Баруун Цанхийн уурхайг нээж, анхны хөрс хуулалтыг нь эхлүүллээ. Шаргал талын дунд 240 тоннын гурав, 60 тоннын даацтай дөрвөн жижиг Белаз хайрцаглан байрлуулж, дунд нь улаан хивсээр бүрхсэн тайз засаад 2012 оны аравдугаар сарын 1-ний 11.10 цагт тууз хайчлах үеэр Б.Энэбиш “Хөрс хуулалтын ажил ийн эхэлснээр ирэх онд 1-2 сая, 2017 он гэхэд 20 сая тонн нүүрс олборлож, экспортлох боломжтой. Ингэснээр Тавантолгойн Баруун, Зүүн Цанхийн талбайд олон улсын түвшинд томд тооцогдох хоёр ч нүүрсний уурхай ажиллаж, ирээдүйд 40-50 сая тонн нүүрс олборлох болно” гэлээ. Харин мөнөөх “ирээдүй”-н амжилтад хэрхэн хүрэх, дээрх тооцоо боломжтой эсэхэд эргэлзэх хүн цөөнгүй байв. Учир нь манай улсын нүүрсний экспорт төлөвлөж байснаас багасаж, коксжих нүүрсний үнэ хоёр дахин буурчихаад буй. Дэлхийн коксжих нүүрсний томоохон импортлогч, манай нүүрсний экспортын гол түнш БНХАУын гангийн үйлдвэрлэл буурч, хэрэгцээ нь ч багассан. Дээр нь тус улсын эдийн засгийн өсөлт саарсан, хэзээ хэвийн түвшинд очих нь тодорхойгүй байгаа. “Бид “Chalco” компаниас мөнгөө урьдчилаад авчихсан учраас манай компанийн хувьд нүүрсний экспорт буураагүй байна. Ирэх оны хавар гэхэд авсан мөнгөтэй дүйх хэмжээний нүүрс гаргаад дуусчих байх. Үүний дараагаас зах зээлийн үнэд нийцүүлж, нүүрсээ гаргана. Гэвч коксжих нүүрсний үнэ ойрын хоёр жилдээ буурах магадлалтай” хэмээн Б.Энэбиш ярьсан. Ийм үед Баруун Цанхийн ордыг нээх нь хэр зохистой, ашигтай болохыг бид мэдэхг үй. Ямартай ч 500 мянган шоо метр хөрс хуулж, нүүрсний эхний давхаргад хүрнэ гэдгийг тус компанийн технологийн инженер С.Баярхүү хэлсэн. Өдөрт зургаан тонн дизель түлш “залгидаг” 240 тоннын белаз машин л гэхэд нэг хоногт хоёр ээлжээр 60 удаагийн давтамжтайгаар 14400 тонн хөрс зөөх хүчин чадалтай аж.
ЗҮҮН ЦАНХИД БҮХ ЗҮЙЛ ХЭВИЙН
Өдгөөгөөс хоёр жилийн өмнө Тавантолгойн Зүүн Цанхийн уурхайг нээж, 2011 онд сая тонн нүүрс олборлож, харин энэ онд 3.5 саяыг экспортлохоор төлөвлөж байгаа. Хэдийгээр нүүрсний экспорт багасч, үнэ буурсан ч гэлээ Зүүн Цанхийн ордын үйл ажиллагаа хэвийн явж буй бөгөөд төлөвлөгөөгөө бүрэн биелүүлэх боломжтой тухай “Эрдэнэс Тавантолгой” компанийн уурхайн дарга Р.Нацагдаш ярьсан. Одоогоор эл ордоос 1.9 сая тонныг экспортолсон бөгөөд уурхайн талбайд сая тонн нүүрс бэлэн бий аж. Өнгөрсөн наймдугаар сард нүүрсний экспорт бага зэрэг буурсан ч өдгөө хэвийн байдалд орж, өдөрт 200 машин (нэг нь 100 тоннын) нүүрс тээвэрлэж байгаа гэлээ.

ГУРВАН ХУВИЛБАР
Баруун Цанхийн уурхайг нээснээс ч том асуудал бол уг ордыг хэрхэн ашиглах, стратегийн хөрөнгө оруулагчийг сонгох ажил билээ. “Баруун Цанхийн уурхайг нээж, хөрс хуулалтын ажлыг эхлүүлж байгаа нь “Эрдэнэс Тавантолгой” компанийн түвшинд гарсан шийдвэр. Харин Тавантолгойн ордын Баруун Цанхийн талбайд гадаад, дотоодын хөрөнгө оруулагчидтай цаашид ямар хэлбэрээр, хэрхэн хамтран ажиллах нь компанийн хувьцаа эзэмшигч болох Засгийн газрын түвшинд шийдэх асуудал” хэмээн Б.Энэбиш онцлоод, өөрт буй гурван хувилбарыг танилцуулав.
1.Олон улсын консорциум байгуулан, ашиглах хувилбар
-УИХ-ын 2008 оны 40, 2010 оны 39-р тогтоолоор өгсөн удирдамжийн дагуу стратегийн хөрөнгө оруулагчийг сонгохоор шийдэж, хураангүй жагсаалтад “Пибоди Энержи” (АНУ), “Оросын төмөр зам”, Японы консорциум, БНСУын компаниудын консорциум (ОХУ, Япон, БНСУ) болон “Шинхуа Энержи”, “Мицуи” компаниудын консорциум (БНХАУ, Япон) гэх гурван оролцогч эцсийн шатанд тунаж, эдгээр нь гэрээний гол нөхцөл, хувь эзэмшил дээр тохироогүй учраас эл хувилбар зогссон байгаа. Хэрэв эл хувилбарыг сонгож, цааш нь явуулбал Монгол Улсын олон талт гадаад эдийн засгийн харилцаа, геополитикийн бодлогыг хэрэгжүүлэхийг эрмэлзсэн, гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэх, төсвийн тогтвортой хөгжил илүү хангагдах зэрэг давуу талтай. Харин сөрөг тал нь лиценз эзэмшигч “Эрдэнэс Тавантолгой” компанийн хүртэх эдийн засгийн өгөөж болон IPO хийхэд компанийн үнэлгээнд үзүүлэх хувь нэмэр бага. Мөн компанийн үнэлгээг өндөр байлгах сонирхолтой Монгол Улсын иргэд, аж ахуйн нэгжийн эрх ашигт сайн нийцэхгүй.
2.Баруун Цанхийн талбайг “Эрдэнэс Тавантолгой” компани өөрөө ашиглах хувилбар
-Энэ нь компанийн үнэлгээг хамгийн их байлгах хувилбар юм. Компани өөрөө уурхайг нээж, хөрс хуулалтын ажлыг эхлүүлсэн. Улмаар стратегийн яриа хэлэлцээрт оролцогчдын дотроос гэрээт олборлогчийг сонгож, мөн дээр дурдсан БНХАУ, Япон, БНСУ, ОХУ, АНУ-ын компаниудтай нүүрсний борлуулалтын квот тохирч, “off-take” гэрээ байгуулахыг хэлж буй. Хэрэв эл шинэ хувилбарыг сонговол Монгол Улс болон “Эрдэнэс Тавантолгой” компанийн хүртэх эдийн засгийн өгөөж өндөр, IPO хийхэд компанийн үнэлгээ нэмэгдэх, уурхай, олборлолтын ажлыг цаг алдалгүй эхлүүлэх, Тавантолгойн ордоос улсын төсөвт татвар, хураамж байдлаар орох орлого хоёр дахин нэмэгдэх зэрэг эерэг талтай. Харин гадаадын олон талт шууд хөрөнгө оруулалт болж чадахгүй, стратегийн хөрөнгө оруулагч хувь эзэмшихгүй байх нь төслийн тогтвортой хөгжил, нүүрсний үнэ, дамжин өнгөрөх тээвэр зэрэгт хүндрэл учирч болзошгүй сөрөг үр дагавартай юм.
3. Дундын хувилбар
Эл хувилбараар явбал эхлээд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн охин компанийг байгуулж, тэр нь өөрийн 49 хүртэлх хувийг ОХУ, БНХАУ, Япон, БНСУ, АНУын компаниудад худалдаж, хөрөнгө оруулалт, санх үүжилт босгох боломжтой. Мөн дээр дурдсанчлан нүүрсний борлуулалтын тодорхой хувь, квот тохирч, төслийг хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтыг дээрх орны компаниудтай хамтран босгож, нүүрс баяжуулах үйлдвэр, дэд бүтцийн төслүүдэд хөрөнгө оруулж оролцох боломжийг хэлэлцэх аж. Энэ нь төслийн санхүүжилтийг босгох түгээмэл, сонгодог арга юм. Энэ хувилбар нь дамжин өнгөрөх тээврийн асуудлыг хөрш орнуудтай нааштай шийдвэрлэх боломжийг бий болгож, үүнтэй холбоотой эрсдэлийг бууруулах, төслийн тогтвортой хөгжил, нүүрсний урт хугацааны борлуулалтад гадаад таатай орчинг бүрдүүлэх сайн талтай. Мөн олон орны хөрөнгө оруулагчид хамтрах учир бие биедээ хяналт тавих, бизнесийн шударга орчин бий болгох, IPO хийхэд хөрөнг ө оруулагчдын итгэлийг төрүүлэх зэрэг давуу тал ч бий аж.
ДӨРВӨР ЖИЛИЙН ДАРАА
Засгийн газар нэн яаралтай дээрх гурван хувилбарын аль нэгийг сонгох, эсвэл өөр боломжит шинэ хувилбар санал болгож, ажил хэрэг болгох хэрэгтэй байна. Ирэх онд IPO гаргахаар төлөвлөсөн учир үүнээс урьтаж, энэ ондоо багтаж эцсийн шийдэлд хүрвэл сайнсан. Дөрвөн жилийн дараа гэхэд “Эрдэнэс Тавантолгой” компани гадаад, дотоодын биржид IPO хийчихсэн, Баруун, Зүүн Цанхиас нийт 30 орчим сая тонн нүүрс жилд олборлож, Монголын экспортын дийлэнх хувийг эзэлж байх нь гарцаагүй юм. Харин бидний өмнө өдгөө гурван салаа зам бий. Гурвуулангаар нь зэрэг “хатирах” боломжгүй учраас монголчуудын эрх ашигт нийцсэн, хамгийн зөв хувилбарыг сонгож чадвал дөрвөн жилийн дараа бид дээрхээс ч их ашиг олсон байх боломжтой. Буурч ч бас болно. Эцсийн шийдвэр энэ Засгийн газрын гишүүдийн толгойд л буй билээ.
URL:













