Төрийн албыг үнэгүйдүүлж эхлэв

Төрийн албан хаагчдыг халж, солих явдал хаа сайгүй гаарсаар байгаа нь нууц биш. Засгийн газар шинээр байгуулагдсан цагаасаа хойш яам, агентлаг, харьяа газар, хэлтэс гээд бүх газрын сайд, дарга нарыг сольсон. Тэднийг дагаад Засгийн эрх авсан нөхдүүдийн ах дүү, амраг садан, найз нөхөдүүд нь энд тэнд тодорхой албан тушаалд тохоон томилогдсон.

Харин өнгөрсөн лхагва гарагт Төрийн албаны зөвлөл хуралдаад төрийн албан хаагчдыг «оймс»-оо сольж байгаа мэтээр халж сольж байна хэмээн үзэж УИХ, Засгийн газарт албан бичиг хүргүүлжээ. Уг албан бичиг «Төрийн алба гэдэг тоглоом биш. Хууль журмын дагуу томилгоогоо хийгээд, даргын үзэмжээр халж сольдог үзэгдлээ зогсоо» гэсэн агуулгатай аж. Үнэндээ бол ард иргэд төрийн төлөө ажиллаж байгаа жинхэнэ ажилчид бол УИХ, Засгийн газар, сайд дарга нар биш төрийн албан хаагчид шүү дээ. Гэтэл тэдний ажиллах орчин нөхцөл, өнөөгийн байдал ямар хэцүү байгааг онцлоод хууль бус томилгоог хүчингүй болгоно хэмээн тус зөвлөлөөс мэдэгдсэн юм.

Тухайлбал, дөрвөн жилийн өмнө буюу 7 сарын 1-ний гэх хэргээр буруутгагдсан Цагдаагийн экс дарга нарыг өмгөөлж, олны танил болсон өмгөөлөгч О.Алтангэрэл Хууль зүйн яамны Бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын даргын албан тушаалд заларсан. Өмнө нь мань эр нэг ч удаа төрийн албанд ажиллаж байгаагүй юм билээ. Тэрбээр Х.Тэмүүжин сайдын ивээлээр суга дэвшигчдийн нэг. Ингээд бодохоор төрийн алба гэдэг найз нөхөд, ах дүү амраг садангийн хооронд өгөлцөж, авалцдаг бэлэг болжээ гэхэд нэг их хилсдэхгүй л болов уу.

Сонин жигтэй томилгоонуудаас гадна сонирхолтой бэлэглэлийн гэрээ ч бий. Тодруулбал, УИХ-ын дэд дарга С.Баярцогтын төрсөн ах С.Баярбат ЭХЯ-ны газрын даргын сэнтийд,УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей өөрийн халамжит гэргий У.Салуегаа Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Мониторингийн газрын даргын суудалд заларсан гээд төрийн албаны цус ойртолтын тухай цааш хөврөх болно.

Дээрх томилгоотой зэрэгцүүлэн Хотын дарга С.Бат-Үүл ганцхан өдөр хуралдаад л харьяа агентлагуудын дарга нарыг халахыг нь халж, томилохыг нь томилж орхисон. Эл хуралдаан өнгөрсөн есдүгээр сарын 10-нд болж Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг болон Захирагчийн ажлын албаны харьяа газруудын дарга нарыг тохоон томилсон. Тухайлбал, нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргаар С.Төмөрбаатар, Автозамын газрын даргад Д.Нанзаддорж, Боловсролын газрын даргаар Ц.Отгонбагана, Цагдаагийн газрын даргад хурандаа Д .Бат-щжаргал, Ус сувгийн удирдах газрын даргаар С.Үнэн, Хот тохижилтын газрын даргад Т.Энхсайхан, ОСНААГ-ын даргаар Ц.Бямбажав нарыг тус тус томилсон.

Мөн халаалтын зуухны ашиглалт зохицуулалтын даргаар Г.Занданпүрэв, Усны барилга, байгууламжийн газрын даргаар С.Майнбаяр, Гэр хорооллыг барилгажуулах төслийн нэгжийн даргаар Ш.Ганхуяг нарыг ч томилоод амжсан. Гэхдээ эдгээр хүмүүс бүгд ардчилсан намын хүмүүс гээд бодохоор нэг намын дарангуйлал гэж хардахаас ч өөр аргагүй.

Төрийн албан хаагчдын дунд халаа сэлгээний хар шуурга шуурсаар байх нь тодорхой. Тун удахгүй авто замын газар, Төмөр зам хоёроос 350 гаруй төрийн албан хаагчийг халах гэнэ лээ. Дээрх газруудын халаанд насаараа мэргэжилтэн хийж ажилдаа мэргэшсэн хүмүүс өртчихөөд «Тэтгэвэрт гарахад цөөхөн жил дутуу байхад» хэмээн халаглаж суугаа сонсогдсон.

Төрийн албыг үнэгүйдүүлж, хэн гэдэг эрх мэ дэлтэн ах дүү, амраг саднаа аль суудалд залсныг нь үргэлжлүүлэн хүргэх болно.

Р.Саруул

Эх сурвалж: “Өглөөний сонин”


URL:

Сэтгэгдэл бичих