Д.Намсрайноров: Хүний сэтгэлд ойр дуулахыг хүсдэг

“Хонгор чамдаа” “Амрагийн болзоо” зэрэг дуугаараа олны танил болсон дуучин Д.Намсрайноров хоёр дахь бие даасан тоглолтоо хийх гэж байна. Түүнтэй тоглолтынх нь бэлтгэлийн үеэр уулзаж ярилцсанаа хүргэе.

-Та тоглолтоо хоёр жилийн өмнө хийж байсан. Ийм богино хугацаанд хоёр дахь тоглолтоо хийж байгаа нъ өмнөх тоглолтын чинь амжилттай холбоотой байхдаа?

-Уншигчдадаа энэ өдрийн мэнд хүргэе. Удахгүй “Сэвлэг шиг, бүүвэй шиг” нэртэй хоёр дахь бие даасан тоглолтоо энэ сарын 10,11-нд Монгол бөхийн өргөөнд хийх гэж байна. Тоглолтын бэлтгэл 70 хувьтай байгаа. Анхны тоглолтоо 21 аймгаар тойрч, хийсэн. Хүмүүс их сайхан хүлээж авсан. Бүх аймагт хоёр түүнээс дээш удаа, заримдаа бүр нэг өдөрт дөрвөн тоглолт ч хийж байлаа. Дараа нь тоглолтынхоо нэрээр нэрлэсэн цомог гаргасан даа.

-Нийтийн дуучид нутаг ус, эх орон, хайрын тухай дуулах юм. Та ихэвчлэн хайрын дуу дуулдаг юм шиг санагддаг. Өөрөө хайрыг юу гэж ойлгодог вэ?

-Хайрыг би дулаахан, чин сэтгэлийн халамж гэж хэлмээр байна. Хайр бол амьдралын мөнхийн сэдэв. Уул ус, аав ээж, ханийн дуу миний урын санд олон бий.

 -Та хэр дурламтгай хүн бэ?

Би сэтгэлээ сэтгэлийн хөдөлгөөнөер, шууд илэрхийлдэггүй л дээ. Бусад хүнтэй л адилхан дурлаж, хайрлуулахыг хүсдэг.
-Гэр бүлээ танилцуулахгүй юу?

-Эхнэр, хүү, охинтойгоо хамт дөрвүүлээ сайхан амьдарч байна. Эхнэр маань олон улсын эрхзүйч мэргэжилтэй, охин дөрөв, нас хүү хоёр настай.

-Ээжийг тань сайхан дуулдаг гэж сонссон юм байна. Ээж чинь таны анхны багш гэж ойлгож болох уу?

-Тэгэлгүй яахав .Миний ээж сайхан дуулдаг хүн бий. Намайг анх сумын соёлын төвд дуулах, Соёл урлагийн их сургуульд сурах эхлэлийг ээж минь тавьсан. Би жаахан байхдаа дуулж байснаа санагдаггүй юм. Сүүлд 17 нас хүрээд дуулж эхэлсэн дээ.

-Рок попынхон та нарт, өөрөөр хэлбэл нийтийн дуучдад их таагүй ханддаг нь нууц биш. Хөдөөний хөгжим гээд л?

-Хөдөөний хөгжим гэхээр нийтийн дуу, хотын хөгжим нь рок поп гэж ялгах хэрэггүй. Гадаад урсгалыг оруулж ирснээрээ хотын хөгжим гэж ойлгож байгаа бол буруу л даа. Ард түмэн байгаа цагт нийтийн дуу оршсоор л байна.

 
-Ингэхэд өөрөө хип хоп дуу сонсдог юм уу?

-Радио, телевизээр явж байгаа бүхий л дууг ялгалгүй сонсдог.

-Та бөх болох сонирхолтой байсан гэсэн. Тэгээд яагаад бөх биш дуучин болчихсон юм?

-Ер нь багаасаа спортод сонирхолтой, барилддаг хүүхэд байлаа. Цэргийн албанд байхдаа тангаргийн баяраараа барилдаад, түрүүлж хоногийн чөлөөгөөр шагнуулсан шүү. Гэвч цэргийн албанд байхдаа бэртсэнээс болж барилдахаа больсон. Тэгээд дуулах сонирхолдоо хөтлөгдөж, дуучин болсондоо.

-Бөхчүүдээс хэнийг дэмждэг вэ?

-Үндэсний бөх үзээд өөрийн эрхгүй огшдог. Бүгдийг нь дэмждэг.” Залуу, хүчтэй бөхчүүд шинээр гарч байна. Бөхчүүдээ энэ, тэр гэж ялгадаггүй.

-Таны дууг сонсдог хүн цөөнгүй байдаг байх. Фэнүүд чинь ихэвчлэн хэд орчим насныхан байдаг вэ?

-Бүхий л насныхан сонсдог юм шиг санагддаг шүү дээ. Энэ нь надад сайхан санагддаг, урам өгдөг юм. Нэг хүн над дээр жаахан хүүхдээ дагуулж ирээд “Манай хүү таны дуунуудыг дагаж дуулдаг юм” гэж байсан.

 
-Уран бүтээлийн ажил гээд завгүй байдаг Чөлөөт цаг гарвал юу хийх дуртай вэ?

-Улаанбаатар хотын ачаалал, нягтралаас түр ч гэсэн гарч, амрах дуртай. Амралтаараа нутаг руугаа явж, аав ээжийндээ очдог.

-Нутаг амьтай хүн юм аа?

-Тэгэлгүй яахав. Тэр нутагт унасан хүн юм чинь. Нутагтаа хийх зүйл ч их байна. Цаг хугацааны явиад бүтэх байх.

-Танд хобби гэж бий юу. Юу таны сонирхлыг татдаг вэ?

-Би хөдөө өссөн болохоор моринд их хайртай. Морины сийлбэр, баримал цуглуулдаг Цуглуулга маань цөөнгүй бий. Хөдөө, хотод гэрт мааньч байдаг. Сонирхож цуглуулдгаас биш тоолж байгаагүй юм байна.

-Та сэтгэл хөдлөлөө хэрхэн илэрхийлдэг вэ?

-Учиргүй уйлж, дуулж илэрхийлж чаддаггүй юм. Сэтгэл дотроо л сайхан мэдрэмжийг авдаг. Тийм үед хашгирчихмаар юм шиг санагддаг. Сэтгэл онгойгоод, сайхан болчихдог.

-Сэтгэл хөдлөлөө хашгирч гаргадаг гэсэн үг үү?

-Хөдөө явах замдаа сайхан хашгирах дуртай. Хотод ингэвэл хүмүүс гайхна биз дээ. /инээв/

-Та гадаад төрхөндөө хэр итгэлтэй байдаг вэ. Хүмүүс таныг “Нөгөө хөмсөгтэй” гээд л тодотгох юм?

-Хөмсөгний талаар ярихад эхэндээ эвгүй байсан. Одоо ч бүр дасчихжээ. Бараг тоохоо больсон. Миний имиж болж байх шиг байна.

-Зарим хүн нийтийн дуучдыг нэгэн хэвийн дуу дуулдаг хэмээн шүүмжилдэг. Та бусад уран бүтээлчээсээ юугаараа ялгарахыг хүсдэг ю?

-Уран бүтээлч бүхэн сайн бүтээл хийхийг хүсдэг. Хүн бүр өөрийн гэсэн арга барилтай байдаг. Миний хувьд өвөрмөц тембртэй байж, дууг мэдэрч дуулахыг хүсдэг юм. Би уран бүтээлээ чанартай байлгахыг боддог. Миний дууны шүлэг, аялгуу, хөгжмийн найруулга бүгдээрээ тусдаа зохиогчтой байдаг. Дуугаар хүн хөглөгдөж, сэтгэл нь сэргэдэг. Тиймээс хүний зүрхэнд ойр дуулахыг хичээж явна.

А.Цээсүрэн
Эх сурвалж:”Зууны Мэдээ”


URL:

Сэтгэгдэл бичих