Рио Тинто малчдыг уугуул бус, эмзэг иргэд хэмээн тодорхойлжээ
Дэлхийн банкны группын салбар болох Олон улсын санхүүгийн корпораци /ОУСК/ нь Оюу Толгой төсөлд шаардагдаж буй дөрвөн тэрбум ам.долларын 900 саяыг нь гаргахаар болсон. Мөн нэг тэрбум хүртэл ам.доллараар улс төрийн эрсдэлийн даатгал хийх шийдвэрийг ирэх сард гаргах гэж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл олон улсын санхүүгийн байгууллагуудын уг шийдвэрийг эсэргүүцэж буйгаа “Оюу Толгойн хяналт” төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал Д.Сүхгэрэл, Удирдах зөвлөлийн гишүүн, “Хүний эрх-Хөгжил” төвийн тэргүүн Г.Уранцоож нар өнөөдөр мэдэгдлээ.
Төрийн бус байгууллагын төлөөллүүд Оюу Толгой төслийн Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ /БОННҮ/ нь бодит байдалд нийцээгүй, хангалтгүй үнэлгээ болсон учраас энэ төслийг санхүүжүүлж, үргэлжлүүлэх нь ихээхэн хортой гэсэн тайлбарыг өгч байгаа юм. Тодруулбал, тус тайланг олон улсын мэргэжлийн байгууллагууд нягталж үзээд “Усны нөөцийн тооцоо, уурхайн хаалтын төлөвлөгөө, хаягдлын менежмэнт, биологийн төрөл зүйлийг хамгаалах стратеги, нийгмийн нөлөөлөл гэх мэт олон хүчин зүйлийг орхигдуулсан” гэсэн дүгнэлт хийсэн аж.
Эдгээрээс хамгийн ноцтой нь Оюу Толгойн хөрөнгө оруулагчид уурхайн бүс нутагт олон үе дамжин нутаглаж ирсэн малчин иргэдийг “Уугуул иргэд” гэсэн олон улсын томъёоллоор нэрлэхээс зайлсхийж, “Эмзэг бүлгийн иргэд” хэмээн доромж утгаар хандаж байгаа явдал аж. Уг нь ОУСК-ийн Үйл ажиллагааны стандартад “Уугуул иргэд” гэж ямар хүмүүсийг ойлгох талаар “Эрт дээр үеэс эзэмшиж ирсэн газар нутагтай, уламжлалт соёл, заншилтай, тухайн газар нутгийнхаа баялгаар амьжиргаагаа залгуулдаг…” гэх мэтээр маш тодорхой заасан байдаг ажээ. Чухамдаа Монгол Улсын өнцөг булан бүрт мал сүргээ маллаж, байгаль эхийнхээ үр шимийг хүртэн амьдарсаар ирсэн малчин иргэд бол яах аргагүй уугуул иргэд юм.
Гэтэл гадаадын хөрөнгө оруулагчид малчин иргэдийг “Эмзэг бүлгийнхэн” хэмээн тодорхойлж, тийм хандлагаар хандаж буйг яасан ч хүлээн зөвшөөрч болохгүй гэдгийг төрийн бус байгууллагын төлөөлөл хатуухан хэлж байсан юм. Үнэхээр ч малчин ардыг ийнхүү доромжилсон нь арай л хэтийджээ.
Түүнчлэн, Оюу Толгой төслийн БОННҮ бол Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль дүрэм хийгээд олон улсын стандарт шаардлагад огтхон ч нийцэхгүй байгаа гэдгийг тэд дахин дахин онцоллоо. Наад захын жишээ нь, БОННҮ-г уул уурхайн төсөл боловсруулж эхлэх үеэс хаалтын төлөвлөгөө, нөхөн сэргээлтийн бүхий л шатыг оролцуулан цогц байдлаар хийдэг атал Рио Тинто ердөө барилгажилтын шатны нөлөөллийн үнэлгээгээр ам таглахыг оролдож байгаа аж. Тодруулбал, уг төсөл дор хаяж 2040 он хүртэл үргэлжлэх төлөвлөгөөтэй хэрнээ усны нөөцийн баталгаа нь дөнгөж 2020 хүрэхтэй, үгүйтэй байна. Улмаар хангайн бүсийн томоохон голуудыг өмнийн говь руу татах Орхон говь, Хэрлэн говь төслүүдийг дэмждэггүй хэрнээ “Цаашид дээрх голуудаас хоолой татаж усны хэрэгцээгээ хангах шаардлага гарч болзошгүй” гэсэн баталгаагүй, таамаг төдий зүйлийг БОННҮ-ндээ бичжээ.
Үүнээс гадна олборлолтын шатанд химийн ямар ямар бодис ашиглах, ялгарах, тэдгээр нь байгаль орчинд хэрхэн нөлөөлөх талаар огт дурдаагүй. Энэ талаар төрийн бус байгууллагууд мэдээл авахыг хүсэхэд цааргалдаг. Дэлхийд нэн ховор, өвөрмөц тогтоц бүхий говийн экосистемийг хэрхэн хамгаалах, сөрөг нөлөөллийг хэрхэн сааруулах тухай стратеги нь учир дутагдалтай, хангалтгүй зэрэг олон зөрчил байгаа аж.
Ийнхүү Монгол Улсын хууль дүрмээс гадна олон улсын санхүүгийн байгууллагуудын уул уурхайн аливаа төсөлд хөрөнгө оруулахдаа өөрсдийнх нь тавьдаг шаардлагуудыг илт зөрчсөөр атал үүнийг үл харгалзан Оюу Толгойд хөрөнгө оруулахаар шийдсэн нь цаанаа үндэстэн дамнасан корпорациудын хортой бодлого явж байна гэсэн дүгнэлт хийхэд хүргэжээ.
Ер нь уул уурхайн ямар ч төслийг хэрэгжүүлэхдээ зөвхөн уугуул иргэд төдийгүй тухайн улс орны иргэд, олон нийтээр хэлэлцүүлж, зөвшөөрлийг нь авсны үндсэн дээр үйл ажиллагаа явуулах ёстой гэсэн үндсэн зарчим олон улсад мөрдөгддөг. Харин Монголд олон нийтийн дуу хоолойг сонсох нь бүү хэл, уугуул иргэдийг нь “эмзэг бүлгийнхэн” хэмээн үзэж, хэдэн төгрөгөөр хууран нутаг орноос нь холдуулж, баялгийг нь авч, байгалийг нь сүйтгэдэг буруу жишиг бодитоор тогтож байна.
Оюу Толгой төсөл манай улсын эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэх нь үнэн. Гэхдээ хууль дүрэм, норм стандартыг үл тоовол ямар ч баян хөрөнгө оруулагч ямар ч том төсөл хэрэгжүүлээд нэмэргүй гэдэг нь ойлгомжтой билээ. Яг үнэндээ Рио Тинто бусад улс оронд уул уурхайн үйл ажиллагаа явуулахдаа “Олборлолтоос өмнө хаалтын төлөвлөгөөг боловсруулж, бүх үнэлгээг хийсэн байх ёстой” гэсэн хатуу зарчмыг мөрддөг хэрнээ Монголд үнэлгээний тайлангаа ч үнэн зөв гаргаж чадахгүй, хагас дутуу юм хийж байгаа нь ихээхэн эргэлзээ төрүүлж байна.
Ч.Дашдэлэг
URL:













