Дотоод хэргийн их сургуулийг Хууль сахиулах их сургууль болголоо

Засгийн газрын ээлжит хуралдаан бямба гаригт болж Дотоод хэргийн их сургуулийг Хууль сахиулах их сургууль болгон өөрчлөн зохион байгуулах асуудлыг хэлэлцлээ. Үндэсний дээд боловсролын тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэх, шүүх эрх мэдлийн байгууллага, төрийн тусгай албанд хийж буй шинэчлэл, хууль сахиулах үйл ажиллагааг боловсронгуй болгохтой уялдуулан Дотоод хэргийн их сургуулийн үйл ажиллагааны агуулга, технологийг өөрчлөн зохион байгуулах шаардлагатай болж байгаа юм. Иймээс тус сургуулийг Хууль сахиулах их сургууль болгон, сургуулийн захирлыг энэ сард багтаан томилж, дүрэм, бүтэц, орон тооны хязгаарыг батлах болон сонсогчийн хувцасны иж бүрдэл, өнгө нормыг Засгийн газраар батлуулахыг Хууль зүйн сайдад даалгалаа.

         Мөн Онцгой байдлын харъяанд байгаа Гамшиг судлалын хүрээлэн, аврагч бэлтгэх сургалт арга зүйн төвийг Хууль сахиулах их сургуулийн бүтцэд оруулахаар болж байна. Ингэснээр мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх үйл ажиллагаа илүү өргөн хүрээтэй болж гамшиг судлалын ухааны шинжилгээ, судалгааны ажил өндөр түвшинд гарч, гамшгаас хамгаалах сургалт, судалгааны нэгдмэл тогтолцоо бий болно гэж үзжээ. Хууль сахиулах их сургууль нь хууль сахиулах болон аюулгүй байдлыг хангах байгууллагад ажиллах дээд, тусгай мэргэжлийн боловсролтой офицер, ахлагчийг бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх, давтан сургах,  эрдэм шинжилгээ, судалгааны ажил явуулах чиг үүрэг бүхий бие даасан байгууллага байх бөгөөд Хууль зүйн яамны шууд харъяанд байх юм. Мөн тус сургуулийн бүтцэд Мөрдөгчийн сургууль шинээр байгуулахаар төлөвлөж байгаа юм байна.
З.Намжилмаа

URL:

Сэтгэгдэл бичих